Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “eJob”-ыг улсын хэмжээнд нэвтрүүлжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Дэлхийн банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр уг системийг бүтээсэн аж. Дэвшилт технологид суурилсан энэхүү систем нь ажлын байрны зар, ажил хайгчдын талаарх мэдээллийн сантай. Ажил хайгчид тохирох ажлын байрыг нь автоматаар санал олгодог ухаалаг функцтэй юм байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хөдөлмөрийн цахим биржийн үүрэг гүйцэтгэх гэнэ. Түүнчлэн төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зарцуулж буй төсөв, санхүүжилтэд хяналт тавих боломж бүрдүүлж буйгаараа онцлог аж. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой. Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн статистик тодорхой бус, холбогдох байгууллагуудын тайлан, мэдээлэл зөрдөг гэх асуудал байнга тулгардаг. Тэгвэл уг системийг хэрэглээнд нэвтрүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн статистик үнэн зөв, бодитой болох гэнэ.
Бэлтгэсэн М.Оч