Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж ирсэн ажлуудын дунд олны талархлыг хүлээж буй нь бий. Тухайлбал, хашаа, хайс, гарааш буулгасан зэргийг нэрлэнэ. Үр дүнг нь бүгд мэдэж буй тул олныг нурших илүүц биз ээ. Хотынхон одоо нэгэн цэгт анхаарлаа сайтар төвлөрүүлмээр байна. Энэ нь гудамжны цас, мөсний цэвэрлэгээ юм.
Хотын захиргаанаас энэ чиглэлээр арга хэмжээ хэрхэн авдаг талаар саяхны их цаснаар “Нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч байгаа. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын мэдээлснээр 300 гаруй ажилчин, албан хаагч уртасгасан цагаар ажиллаж буй бөгөөд нэмж орсон цасыг үлээгч төхөөрөмжөөр үлээлгэн цэвэрлэж байна” гэсэн. Энэ бол албаны мэдээ мэдээлэл. Харин авсан арга хэмжээ нь амьдрал дээр хэр үр дүн өгөв.
Халтирч унаснаас болж бэртсэн хүмүүсийн тоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өдөрт үйлчлүүлэгчдийнх нь талаас илүү хувийг эзлэх болсныг юу гэж тайлбарлах вэ. Халтирсан хүмүүсийн олонх нь гудамжны гялгар, гантиг чулуун зам дээр унасан гэж хэлжээ. Үнэндээ нийслэлийн төв талбайг л гантиг чулуугаар бүрсэн бус, ийм хавтан зам энд тэндгүй байдаг. Ялангуяа явган хүний замаас автозам руу шилжих хэсэгт налуулж тавьсан хавтаннь иргэд гэнэ алдаж, тэнгэр харахад илүүтэй “тус болдог” билээ.
Мөн хотын захиргааны мэдээнд “Тусгай зориулалтын 14 машинаар 186.9 км замд 69 тонн бодис, 29 тонн давс цацаад байна. Цас үргэлжлэн орох мэдээлэл байгаа бөгөөд зам, талбай цэвэрлэх, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ” гэж дурдсан байсан. Машин нь ч яах вэ, зориулалтынх юм байж. Харин түүн дээр өнөөх ТҮК-ийнхэн суугаад хүрзээр давс, бодис цацаж явдаг хэвээр шүү дээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн “Эко тохижилт” компани монгол инженерүүдэд захиалж хийлгэсэн давс цацах машинаа ашиглаж эхэлсэн нь энэ чиглэл дэх шинэ санаачилга, бүтээлч ажил, шийдэл болж буй гэлтэй. Бусад дүүргийн ТҮК-иуд үлгэр авч, нэгийг бодох байх хэмээн найдна. Гэхдээ энэ бол хэтэрхий оройтсон ажил, үйлчилгээ юм.
Цас, мөсийг богино хугацаанд, гарз хохирол их гаргалгүй цэвэрлэх, эсэхээс нийслэлийн оршин суугчдын тав тух, цаг зав, эрүүл мэнд хамаарах болсон. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан сэдэв болоод буй тул үүнд нийслэлээс, Засгийн газраас ч онцгойлон анхаарах цаг болжээ. Яагаад жилийн жилд ийм асуудал тулгарсаар байх ёстой юм бэ. Газар дээр нь үүрэг гүйцэтгэдэг дүүргүүдийн ТҮК-иудаас нийслэлийн захиргаанд санал, хүсэлт илгээдэг л байлтай. Монголд байдаггүй юм бол тэр улсад, ийм үнэ өртөгтэй, цас цэвэрлэх машин, тоног төхөөрөмж байна. Авч өгнө үү, эсвэл хөрөнгийг шийдэж өгнө үү гэх зэргээр асуудал дэвшүүлдэггүй гэж үү. Бүхий л мэдээлэл алган дээр байх болсон орчин цагт нэг, хоёрхон товчлуурдараад л хаана ямар машин, төхөөрөмж буйг харж болохоор байна. Их, дунд, бага оврын, авто болон явган зам дээр, гудамжинд ч ажиллуулах нь төрөл төрлөөрөө бий. Энэ талаар бүхий л хэлээр хормын төдийд интернэтээс мэдээлэл олж авна. Боломж ийм байхад дүүргүүдийн ТҮК-иудын шар хантаазтай хэдэн нөхдийн суганы булчирхайг цочиж, магадгүй халуурч бүлээртэл хүрзээр хөлдүүс нүдүүлэх хэддүгээр зууны арга, ажиллагаа юм бэ. Хотын дарга нар өөрсдөө гудамжаар явж, халтирч унаж, тэнгэр харж үзээгүй болохоор арга хэмжээ авдаггүй гэж дүгнэхэд хүрмээр ч юм шиг. Сүүлд орсон их цаснаар Улаанбаатарын замын хөдөлгөөн тэг зогсож, нийтээрээ ажлаа 3-6 цаг гаруй алдаж байхад УИХ-ын дарга хээв нэг урсгал сөрөн шунгинаж явсан. Үүнээс харахад дарга нар бэрхшээлийг биеэр мэдэрдэггүй болохоор асуудлын голд хатгаж шийддэггүй гэхээр ч байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өргөн барьсан байна лээ. Хотын дарга “Нийслэлийн хэмжээнд хийж, хэрэгжүүлэх ажил олон бий. Бид 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Үүний хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг чөлөөлөн тохижуулж, ногоон байгууламжийг үе шаттай нэмэн, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр зорин ажиллалаа. Ирэх 2023 оныг бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана. Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйннэгж, байгууллагуудыг дэмжин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно. Хэдий амаргүй цаг үед төсвийн төслөө өргөн барьж байгаа ч төсөв хэлэлцэхэд нийслэлийн ЗДТГ, харьяа агентлагууд идэвхтэй оролцоно. Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төсөл болон бусад дагалдах тогтоолын төслийг хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү” гэсэн. Эндээс харахад улиран одох дөхөж буй 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласнаар хашаа, хайс, гарааш буулгах зорилтот арга хэмжээнүүд нь үр дүн өгсөн, өөрөөр хэлбэл, иргэдийн тав тухын төлөө нэлээд ажиллалаа гэж үзээд, ирэх жил бизнес эрхлэгчдийг дэмжихээр шийдсэн бололтой юм. Хөрөнгө ч зарцуулнагэсэн үг байх. Хоёр оны төлөвлөгөөт ажлуудын завсарт энд ярьж буй цас, мөс цэвэрлэх, шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох зэрэг асуудал орхигдсон юм биш гэсэн хардлага төрөөд байна. Хэрвээ тийм аваас цаашид бид дахиад л өнөө хэдэн шар хантаазтангуудаа харж, өрөвдөхийн сацуу өөрсдөө халтирч унасаар байх нь ээ.
Нийгмийн сүлжээнд иргэд энэ тухай бичсээр байна. “Энэ хүмүүсийн ажил үнэхээр чанга юм аа. Хахир хүйтнээр цас, мөстэй ноцолдоод. Цас орохоор бүр дийлдэхээ байчихна. Өнөө, маргаашдаа их хүйтэрнэ гэсэн. -40 градус хүрэх сурагтай. Яана даа. Хэдүүлээ ядаж ажил, гэрийнхээ ойр орчмын цасыг шүүрдээд, цэвэрлэчихдэг байя аа. Эдгээр хүнд фэйсбүүкээр 1000 удаа баярлалаа гэж бичсэнээс хавь илүү дэм, талархал болно шүү. Бас аяга халуун цай, халуун аарц ч юм уу дөхүүлээд өгчихвөл сайн л байна. Баярлах л байх” гэж бичсэн хүн ч бий. Халуун цай, аарц хэрэгтэй. Гэхдээ түүнээс илүү хөдөлмөрийг нь хөнгөвчлөх, орчин үеийн техник, төхөөрөмжөөр хангах нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Дахин хэлэхэд, цас, мөсийг орчин үеийн аргаар цэвэрлэх нь зөвхөн ТҮК-ийн ажилчдын бус, нийслэлийн оршин суугчдын нийтийнх нь эрх ашгийг хөндсөн томоохон асуудал боллоо.
Дээр дурдсан “Хэдүүлээ ядаж ажил, гэрийн ойр орчмын цасыг шүүрдээд, цэвэрлэчих дэг байя аа” гэсэн саналыг нэгэн иргэн нийгмийн сүлжээнд бичсэн нь журам ёсоор албан байгууллагууд 50 метр орчмынхоо хог, цас, мөсийг цэвэрлэх ёстойг хэлж байна. Хотын дарга нар цас, мөс, цэвэрлэх тоног төхөөрөмж худалдаж авч чаддаггүй, хангадаггүй юм гэхэд ядаж зохион байгуулалт шаардсан, журмыг хэрэгжүүлүүлэх ажлаа олигтой хиймээр юм. Албан байгууллагуудын удирдлагуудад цас, мөсөө цэвэрлэж байлдаа гэж уриалж, наалинхайтах бус, харин зохих торгууль, шийтгэлийг нь хатуухан оноох замаар хэрэгтэй үед төмөр нүүр гаргаж, зангарагтай загнамаар байна.