Нийслэлийн автозамын түгржэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн нийслэлийн авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, иргэдийн ажлын цагт зохицуулалт хийх албан бичгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар түүнийг саналыг хүлээн авч, цаг агаарын тааламжгүй байдлаас үүдэнэ энэ сарын 28-нд нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиудыг цахимаар хичээллүүлэх үүрэг чиглэл өгсөн гэнэ.
Учир нь Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар, тэр дундаа Улаанбаатар хотод цас орж, цочир хүйтрэхийг анхааруулжээ.
Тодорхой хэлбэл, тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 27, 28-наас буюу ирэх амралтын өдрүүдээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28,29-ний шөнө хамгийн хүйтэн байх бөгөөд Туул гол орчим, Яармаг-Сонгинын бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэй. Хур тунадасны хувьд 27-ны өдрөөс эхлэн цас ороод 28-нд багасна, 1-4 см зузаантай цасан бүрхүүл үүсэж магадгүй” гэж мэдээллээ.
Товчхондоо, Хот хариуцсан сайдын саналыг Улаанбаатар хотын захирагч хүлээн зөвшөөрч, албажуулахаар бэлтгэж буй гэнэ. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас энэ талаар тодруулахад "Нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулиуд цахимаар хичээллүүлэх захирамж хараахан гараагүй байна. Цаг агаарын урьдчилан мэдээлэлд тулгуурлан уг асуудал яригдсан. Гэхдээ хараахан захирамж гаргаж, албажуулаагүй байна гэлээ.