“Тоёота приус” зэрэг хосолмол хөдөлгүүртэй автомашины янданг сольж, зориулалтын бусаар ашиглах явдал түгээмэл буй нь Улаанбаатар хотын агаар дахь хүхрийн агууламж ихсэхэд тодорхой хэмжээнд нөлөөлж байна гэж БОАЖЯ-ны мэргэжилтнүүд дүгнэжээ. Санамсаргүй түүврийн аргаар 135 тээврийн хэрэгсэл шалгахад 34 хувь нь стандартаас давсан хэмжээний утаа ялгаруулж байсан гэнэ. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын нүүрсэн яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгах, зориулалтын шүүлтүүргүй тээврийн хэрэгсэл нэмэгдэх нөхцөлийг таслах зогсоох чиглэлээр арга хэмжээ авах хүсэлтийг ЦЕГ-т гаргажээ. Тус албан бичигт “Улаанбаатар хотын агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2022 оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгүүлээд байна. Үүний 25 хувь нь хосолмол хөдөлгүүртэй. Иргэд сүүлийн үед энэ төрлийн машины янданг зориулалтын бусаар ашиглах болсон нь хүхрийн агууламж ихсэхэд нөлөөлж буйг агаарын чанарын мэдээ харуулж байна. Иймд хяналт, шалгалт хийн, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.