“Тавантолгой түлш” ХХК-ийнхан өнгөрсөн жилүүдэд нийслэлчүүдэд нийлүүлж байсан сайжруулсан түлшнийхээ чанарт анхаарах шаардлагатайг хүлээн зөвшөөрөөд буй. Өмнө нь тэд “Шахмал түлшний найрлагад ордог зарим бодис түүхий нүүрснийхээс ч их хэмжээний хор ялгаруулдаг. Тиймээс найрлагыг нь өөрчилж, сайжруулах хэрэгтэй” гэсэн судлаач, мэргэжилтнүүдийн дүгнэлтийг няцааж, өөрсдийгөө хамгаалсаар ирсэн юм. Мөн “Манай компанийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байгаа, эсэхэд хөндлөнгийн байгууллага болон дотоод хяналт, шалгалтын алба тогтмол хяналт тавьдаг” гэж хаацайлсаар саяхныг хүрсэн. Харин өнгөрсөн намар “Хүхэрлэг хийг бууруулахын тулд барьцалдуулагч бодисоо шинэчлэхээс аргагүй болсон” хэмээн зарласан нь өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл байв.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул өнгөрсөн есдүгээр сард “Эрдэмтэн, судлаачдын гаргасан зөвлөмжийн дагуу түлшний технологид өөрчлөлт оруулсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа удахгүй жигдэрчихнэ” гэж ярьсан бол “Тавантолгой түлш”-ийн ерөнхий технологич Х.Галымбек “Бид хүхэрлэг хийг бууруулах зорилгоор өөрсдийн нөөц боломжид тулгуурлан шинэ төрлийн барьцалдуулагч бодис гаргаж авсан. Уг бодисыг ашиглан түлш үйлдвэрлэх туршилт амжилттай болсон. Үр дүнтэйг нь баталлаа. Хэрэглээнд аль болох даруй нэвтрүүлэхийг зорьж байна. Шинэ технологийн дагуу түлш үйлдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллах аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож эхэлсэн” хэмээн мэдээлсэн юм. Албаны хүмүүсийн өгсөн эдгээр мэдээлэл нийслэлчүүд 2022-2023 оны өвөл сайжруулсан түлшний шинэ хувилбартай танилцаж, үр дүнг нь харах нь гэсэн хүлээлт үүсгээд байв. Харамсалтай нь, улаанбаатарчууд энэ өвөл шинэ түлшний шидийг үзэж чадахгүй нь бололтой.
“Тавантолгой түлш” ХХК-иас мэдээлж буйгаар 100 000 мянган тонн түлш үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний, угаарын хий бага ялгаруулдаг барьцалдуулагч бодис нөөцөлсөн гэнэ. Үүнийгээ ашиглан өнгөрсөн сарын 28-наас түлш үйлдвэрлэж эхэлжээ. Энэ бодис дуусвал шинэ технологиор түлш үйлдвэрлэх боломжгүйд хүрч, нийслэлчүүд хуучин “шахмал хар”-аа ямар ч сонголтгүйгээр хэрэглэнэ гэсэн үг. Технологич Х.Галымбек “Нийслэлд 600 мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөсний 100 мянган тонн нь шинэ барьцалдуулагч бодисын орцтой байх юм. Өнөө жилдээ туршилтын байдлаар, хязгаарлагдмал хүрэээнд үйлдвэрлээд, ирэх жилээс нийслэлчүүдийн хэрэглээг бүрэн хангахаар төлөвлөсөн. Шинэ технологиор үйлдвэрлэсэн түлшээ нийслэлийн бүх дүүрэг, хороонд өдөр тутам бага хэмжээгээр нийлүүлж байгаа. Бид угажлыг нэлээд шахуу хугацаанд хийлээ” хэмээн ярьсан юм. Үндсэндээ энэ өвлийн хэрэглээний 16 хувийг шинэ түлшээр хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Савлагаа, шуудай нь ижил учраас шинэ, хуучин хэмээн ялгах боломжгүйг тэрбээр хэллээ.
Стандартчиллын үндэсний зөвлөл Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага-MNS 5679:2019 стандартыг өнгөрсөн намар шинэчлэн баталсан. Үүнд зааснаар бол 13-аас доош мм-ийн ширхэглэгтэй түлшийг үйрмэг, 13-50 мм хэмжээтэйг нь шахмал түлшинд тооцохоор болжээ. Тэрчлэн түлшний чийглэгийн хэмжээ өмнө нь 10 хувь байсныг зургаа болгож бууруулсан аж. Ингэснээр шаталтын явцад ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл болон угаарын хий эрс багасна гэж тооцоолжээ. Үнслэгийн хэмжээг хоёроор бууруулж, 27 хувь болгосон гэнэ. Тэгвэл шинэ барьцалдуулагч бодисоор үйлдвэрлэж буй түлш үйлдвэрлэлээс өмнөх туршилтын үед ч, хэрэглээнд нэвтрүүлсний дараа ч энэхүү стандартын шаардлагад нийцэж байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн хэллээ. Уг түлшээр нийслэлчүүдийн хэрэглээг 100 хувь хангаснаар агаарын бохирдлыг 30-40 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо хийжээ. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар зэрэг холбогдох байгууллагын зүгээс утааг бууруулах чиглэлд хоёр арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа гэнэ. Нэгдүгээрт, шахмал түлшний чанарыг сайжруулах, хоёрдугаарт, хагас коксын үйлдвэр байгуулах. Мэргэжлийн байгууллагуудын энэхүү санал, дүгнэлтэд үндэслэн Засгийн газар ч тодорхой шийдвэрүүд гаргажээ. Өдгөө үүний нэг нь туршилтын, нөгөөх нь бэлтгэл ажлын шатандаа буй гэнэ.
“Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Х.Галымбекийн ярианаас “Энэ ажлыг шахуу хугацаанд хийлээ” хэмээх үг анхаарал татав. Уг нь тус компанийнхан түлшнийхээ найрлага, бүтцийг эртхэн судлаад, чанарыг нь сайжруулах чилэлд анхаарсан бол технологийн шинэчлэлээ айвуу тайвуу хийх хугацаа хангалттай байсан. Даанч тэд бүтээгдэхүүнээ хамгийн сайн нь гэж хамгаалсаар, сурталчилсаар өдий хүрсэн. Нийслэлийн агаарын бохирдол үлэмж ихэслээ, түүхий нүүрс хэрэглэдэг байх үеийнхээс ялгаагүй боллоо хэмээх иргэд, олон нийтийн шүүмжлэлийн мөрөөр Засгийн газар 2022 оны нэгдүгээр сард сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлагыг өөрчлөх, чанарыг нь дээшлүүлэх үүрэг даалгаврыг холбогдох яам, газрын удирдлагуудад өгснөөр тус компанийнхан арга буюу “хөдөлсөн” байдаг. Улмаар Засгийн газрын шийдвэр гарснаас долоон сарын дараа түлшний стандартыг шинэчилсэн. Цаашлаад 10 сар орчмын хойно шинэ барьцалдуулагчаар түлш үйлдвэрлэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, үүнийг хийх хангалттай хугацаа байхад ашиглаагүй хэр нь одоо ингэж гоншигнох нь зүйд нийцэмгүй.
Хэрэв БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, ажлаа дорвитойхон шиг хийсэн бол, “Тавантолгой түлш”-ийнхэн бүтээгдэхүүний чанараа сайжруулахад эртнээс анхаарсан бол өдийд Улаанбаатар хот арай өөр байх байсан нь гарцаагүй. Яг үнэндээ шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн эхний жил л нийслэлийн утаа харьцангуй багассан. Түүний дараа жилүүдэд нөхцөл байдал өмнөхөөс ялгаагүй байсан. Өдгөө ч хотын утаа хорт хийн баг зүүх хэмжээнд байгааг иргэд, олон нийт хөндөж буй. Нийслэлийн агаарын чанарын суурин харуулуудын мэдээлэл ч үүнийг бататгаж байна. Идэр есийн хүйтэн эхлэхээр бүр ч дордоно. Дэлхийн хотуудын экологийн бохирдлын индексийг жил бүр гаргадаг numbeo.com сайт манай улсыг хамгийн их “асуудалтай” хотуудын дөрөвдүгээрт эрэмбэлсэн байна билээ. Дуу чимээ болон гэрлийн, усны бохирдол, хог хаягдлын менежмент, ногоон байгууламж, цэцэрлэгийн хүртээмж зэрэг найман үзүүлэлтээр дүгнэхэд агаарын бохирдол хамгийн муу үнэлгээ буюу 93.27 оноо авчээ. Энэ нь улаан шугам давсан, маш өндөр бохирдолтойг илтгэхүйц үзүүлэлт гэнэ. Эл баримт нь Улаанбаатар хот өдгөө ч утаа хэмээх гамшгаасаа бүрэн ангижраагүйг харуулж байна. Гэтэл холбогдох байгууллагынхан уг асуудалд дорвитой анхаарахаа ч больж, иргэдийн шүүмжлэлийн мөрөөр л хөдөлдөг болов.
Одоогийн байр байдлаас харахад энэ өвөл ч агаарын чанар дээрдэх шинжгүй. Утааны асуудал тойрсон бухимдал, шүүмжлэл ч урьдын адил газар авах нь. Ялгаатай нь “Тавантолгой түлш”-ийнхэн холимог түлш туршилтаар нийлүүлж буй. Гэвч үүний хүртээмж нь хангалттай бус. Тэгэхээр шинэ түлшнээс шинэ үр дүн хүлээгээд нэмэргүй нь.