Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр хотын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.
Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт таван бүлгийн 22 дэд бүлэгт хамаарах 984 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Тодруулбал, газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 57, газар зохион байгуулалтын чиглэлээр 591, хот байгуулалтын чиглэлээр 87, нөхөн олговор олгох, газрын байршил, хэмжээг тогтоох чиглэлээр 249, газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр 15 ажил тусгажээ. Өнөөдрийн байдлаар эдгээр ажлын биелэлт 91 хувьтай байна.
Харин Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд дөрвөн бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 785 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Тухайлбал, газрын менежментийг хэрэгжүүлэх 74, газар зохион байгуулалтын 583, нөхөн олговор олгох, газрын байршил, хэмжээ тогтоох, барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ болон авто замын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр 127 төсөл, арга хэмжээ тусгаад байна.
Хотын дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, хууль, дүрмийн хүрээнд ажиллах хэрэгтэйг сануулсан юм. Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд зөвлөлийн гишүүдийг саналыг тусган НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.
Үүний дараа “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй 10.2 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн есдүгээр сарын захирамжаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшиж буй 31 га газраас 10.2 га газрыг НЗДТГ-т цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлсэн. Дээрх захирамжийн хүрээнд тус газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг боловсруулжээ. Улмаар зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо.