Нэгэн сумд жил дараалан ган гачиг нүүрлэхэд шалтгааныг нь нутгийн цөөнгүй иргэн эмэгтэй Засаг даргатай болсонтой холбон буруутгаж байсныг Жендерийн үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн, судлаачдын бүлгийн ахлагч С.Түмэндэлгэр өгүүллээ. Мөн орон нутагт жендерийн тэгш байдлын талаар сургалт явуулна гэхээр эрчүүд нь “Өө, тэгвэл бид суух шаардлагагүй юм байна” гээд гарч гүйх нь холгүй байдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од хэлэв. Энэ мэт хэвшмэл ойлголтыг өөрчлөхөөс авхуулаад УИХ, Засгийн газарт сонгож, томилох бүсгүйчүүдийн тоог дорвитой нэмэгдүүлэх нь жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих тухай бодлогыг ахуйн түвшинд, орон нутгийн хэмжээнд, бүр сууриар нь авч үзэж, зорилго болгосны үр дүн байх нь гарцаагүй.
Гэхдээ үүнд улс төрийн намын оролцоо, манлайлал чухал. Учир нь манай улс ардчилсан замыг сонгосон өнгөрсөн хугацаанд жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр намууд төдийлөн санаачилга гаргаагүй, дотоод дүрэм, журамдаа тусган, соёл болгон нутагшуулах ажил хийхдээ хойрго хандаж ирснийг нэг бус судалгаа, бодит байдал гэрчилнэ. Жишээ нь, 2011 онд баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд бүх шатны сонгуульд нэр дэвшигч эрэгтэй, эмэгтэй хүний сонгуулийн сурталчилгаанд улс төрийн намаас үзүүлэх санхүүгийн дэмжлэг ижил хэмжээтэй байх ёстой. Мөн намын төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байхаар заасан юм. Энэ хоёр заалтын хэрэгжилтийн тайланг Жендерийн үндэсний хороонд хоёр жил тутам хүргүүлж байх ёстой ч үүнийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн нь үгүй. Учир нь тайлангаа илгээгээгүй байсан ч хүлээлгэх хариуцлага байхгүй. Эрх баригч намынхан уг тайланг өнгөрсөн есдүгээр сард анх удаа илгээсэн нь дэвшил гэлтэй. ХҮН намынхан өнгөрсөн долоо хоногт тайлангаа хүргүүлсэн сурагтай. Жендерийн үндэсний хорооныхны хэлснээр энэ жилийн хувьд тайланг туршилтаар хүлээн авч байгаа бөгөөд дараа жилээс ил болгох гэнэ.
Түүнчлэн КОЙКА-гийн санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Улс төрийн намуудын жендерийн өөрийн үнэлгээ”-г хийжээ. Энэ нь жендерийн эрх тэгш байдлын талаарх ойлголтын дагуу намын дотоод журам, үйл ажиллагаа, байгууллагын соёл зэргийг үнэлсэн гэсэн үг. Ингэхдээ оролцоо, дэмжлэг, дотоод журам, хандлага, санаачилга гэсэн таван бүлэгт багтаан 50 орчим асуултаар үнэлсэн бөгөөд намуудыг авсан оноогоор нь өрсөлдүүлж, уралдуулах нь тэдний зорилго биш гэдгийг дээрх төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од өчигдөр “Жендерийн тэгш байдлыг хангахад улс төрийн намын оролцоо, манлайлал” үндэсний форумд оролцохдоо онцолсон юм. Ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын нөлөө бүхий байгууллагууд ийм үнэлгээ хийсэн нь үр дүнтэй байгаа төдийгүй Азид анхдагч нь манайх аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн намуудыг үнэлж байгаа гэнэ. Үүнд УИХ-д суудалтай гурваас гадна парламентын гадна байгаа ес гээд нийт 12 намыг хамруулжээ. Цаашид бүх намыг үнэлэх зорилготой ч тэд хойрго хандаж байгааг хэлсэн юм. Үнэлгээний үр дүнг гурван түвшинд гаргаж буй аж. Гэхдээ дээрх намууд бүгдээрээ дундаж түвшинд үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн аль аль нь бодлогын баримт бичигтээ жендерийн тэгш байдлыг хангах талаар зарчмын хувьд тусгасан боловч хэрэгжилт нь хангалтгүй гэсэн үг. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд бодлого хэрэгжүүлнэ гэж яриад, өнгөлөг, мөнгөлөг хурал, форум, семинар хэчнээнийг хийсэн ч түүндээ дүйх хэмжээний үр дүн гаргаагүй, хий эргэсээр байгааг дээрх үнэлгээ илчлэв. Намын төв байгууллагуудаас гадна орон нутгийн, дунд, доод шатанд ч ийм л дүр зураг илэрсэн юм билээ.
Тэгвэл одоо хэрхэхвэ. Цаашид дахиад л ийм замаар сажлахгүйн тулд яах ёстой юм бол. Дээрх төслийн багийнхан, судлаачид, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллага, хувь хүмүүсийн зүгээс бодлогын эрс шинэчлэл хүсэж, үүнийг хийхэд намууд манлайлж, бодитой оролцоогоороо үлгэрлэх ёстойг аанай л хэлж, шаардаж буй. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх тохиолдолд зорилтот санхүүжилт олгохоор тусгаж байгаа аж. Ингэхдээ намуудад нэлээд хэдэн үүрэг хүлээлгэнэ хэмээж буй. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн болон парламентад тухайн намаас сонгогдсон эмэгтэй улстөрчдийн тоонд дүйцүүлэн төрийн санхүүжилтийг нэмж олгохоор тооцож байгаа юм билээ. Эхний ээлжид эл зарчмын гэмээр өөрчлөлтийг УИХ-аар батлуулахад намууд лобби хийж, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Одоогоор эдгээрийг УИХ-ын хэлэлцүүлгийн явцад дэмжүүлэн, батлуулах лобби бүлэг байгуулах хүсэлтээ нэр бүхий гишүүд Г.Занданшатар даргад уламжлаад буй аж.
Гэхдээ ингээд тайвширч болохгүй. Уг нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлах ёстой 50 орчим хуулийн нэг нь Улс төрийн намын тухай хууль. Гэвч өнөөдрийг хүртэл төслийг нь өргөн бариагүй л байна. Үндсэндээ бэлэн болсон, төслийг нь удахгүй УИХ-д өргөн барина гэх ч ямар нэгэн зүйл хүлээгээд байгаа мэт хойшлуулсаар буй. Магадгүй тэр нь сонгуулийн тогтолцоо байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн 30 гаруй жилд УИХ-ын сонгуулийг найман удаа зохион байгуулахдаа хуулийг нь тав, тогтолцоог нь найман удаа өөрчилсөн түүхтэй. Гэтэл 1990 онд Улс төрийн намуудын тухай хуулийг баталснаас хойш 2005 онд өдгөө мөрдөж буй Улс төрийн намын тухай хуулийг шинэчилснээс өөрөөр гар хүрсэнгүй. 17 жилийн настай эл хуулийг сонгуулийн тогтолцоотойгоо уялдуулан сайжруулж, ардчиллын гол бүрэлдэхүүн, өнөөгийн Монголын хамаг асуудлын уг сурвалж болсон намуудын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, нээлттэй болгоход улс төрийн хүрээнийхэн, тэр дундаа үе үеийн эрх баригчид огтхон ч санаа тавиагүй юм.
Юутай ч өдгөө төрийн эрх барих дээд байгууллагад суудалтай намууд болох МАН, АН, ХҮН гэсэн намууд жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр ажлын төлөвлөгөө баталсан байна. ХҮН намын хувьд энэ сарын эхээр “50:50” санаачилга хэрэгжүүлэхээ мэдэгдэж, эмэгтэйчүүдийн манлайлал, сонгогчдыг жендерийн мэдрэмжтэй болгох чиглэлд төв болон орон нутагт сургалт, сурталчилгаагаа эхлүүлжээ. Хүчин төгөлдөр үйлчилж буй 20 хувийн квотын дагуу нэр дэвшүүлэхэд 13 эмэгтэй УИХ-д сонгогдон, хууль тогтоогчдын 17.1 хувийг эзэлж байгаа. Тэгвэл тэднийг квотыг 50 хувиас доошгүй хувь болгон өрсөлдүүлж байж парламент дахь бүсгүйчүүдийн төлөөллийг багадаа 30 хувьд хүргэх боломжтой гэж ХҮН намынхан үзэж байгаа аж. ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа жендерийн эрх тэгш байдлыг хангахад нам нь хэзээд бэлэн, үргэлж манлайлахаа илэрхийлж, “Бид зөвхөн эмэгтэйчүүдийг дэмжих гээд байгаа юм биш. Олон талаар гажуудаж буй өнөөгийн тогтолцоог эмэгтэйчүүдээр дамжуулан өөрчлөх цаг нь болсон. Тогтолцооны өөрчлөлт зайлшгүй. Ний нуугүй хэлэхэд, манайд “нам” нэртэй 30 гаруй тамга л байгаа шүү дээ” гэж байлаа.
Харин эрх баригч МАН-ын хувьд “Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ цагийг нь тулгаж, хуульд заасан квотод хүргэхийн тулд өрсөлдүүлдэг байдлаас татгалзана. Өмнө нь нэр дэвшинэ гэдгээ тухайн эмэгтэй тайзан дээрээс л сонсож мэддэг, ямар ч бэлтгэлгүй өрсөлддөг байсан шүү дээ. Тиймээс “нөхөөс” болгон, өрсөлдөөн ихтэй, хатуу тойрогт эмэгтэйчүүдийг илгээх бус, яг ялах тойрогт нь л нэр дэвшүүлнэ гэсэн үг. Үүнд эртнээс бэлдэхээр намын бүх түвшинд санал нэгдэж, ойлголцсон” хэмээн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дээрх форумд оролцохдоо хэлнэ лээ. Мөн МАН Хяналтын ерөнхий хорооныхоо дэргэд Жендерийн тэгш байдлыг хангах хороо байгуулжээ. Үүнээс гадна ирэх сарын 6-нд товлосон бага хурлаараа эрх баригч намынхан дотооддоо жендерийн тэгш байдлыг хэрхэн хангах тухай бодлогын баримт бичгээ хэлэлцэн батлах гэнэ.
АН-ынхан ч бүсгүйчүүдийг “нөхөөс” болгон нэр дэвшүүлдгээ хүлээн зөвшөөрч байна. Тэд сүүлд дүрмээ өөрчлөхдөө намын бүх шатны албан тушаалд нэр дэвшүүлэх квот 20 байсныг 25 болгон нэмэгдүүлснийг Дээд шүүх бүртгэжээ. Сөрөг хүчний хувьд дарга, тамга тойрсон хэрүүл, маргаан нь эл асуудалд бодлоготойгоор, тууштай анхаарахад саад болж буйг УИХ-ын гишүүн С.Одонтуяа нуусангүй. Мөн эмэгтэйчүүдийг дэмжихийн тулд эхлээд “мөнгөний сонгууль”-ийг хязгаарлах хэрэгтэйг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал онцлоод, “Хууль баталдаг, эцсийн шийдвэр гаргадаг гишүүд дахин сонгогдох, эсэхээ тооцоолон санал өгдөг учраас зөвхөн нам гэлтгүй, нийтээрээ жендерийн тэгш байдлыг шаардах ёстой” хэмээж байлаа.