Саявтар хоёр дахиа орсон их цас нийслэлийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын ч өвлийн бэлтгэлийн бэлэн байдлыг шалгаатхав. Олонх нь бүдэрлээ. Хотын замаар машин дээрээс хүрзээр элс цацаж явах ТҮК-иудын ажилчдыг хараад “Арай ч дээ. Хэддүгээр зуунд, яаж ажиллаад байгаа юм бэ. Тоног төхөөрөмжтэй болж болдоггүй юм уу. Өчнөөн хөрөнгө төсөвлөдөг л юм билээ, худалдаж авч болохгүй юу” гэж олон нийт шүүмжилж байв. Гэтэл өчигдрөөс нэгэн улаан машин автоматаар давс цацаж эхлэхэд хэн хүнгүй сонирхсон юм. Давс цацагч төхөөрөмж нь “KS made in Mongolia” компанийнхны бүтээгдэхүүн бөгөөд автомат удирдлагатай аж. Баянзүрх дүүргийн “Эко тохижилт” компанийн захиалгаар уг төхөөрөмжийг үйлдвэрлэсэн байна. Нэг тонн давсыг 8-10 км зайд цацах хүчин чадалтай төхөөрөмж бүтээлгэх захиалгын дагуу инженер залуус загварыг өөрсдөө гарган хийсэн нь амжилттай болжээ. Давс цацагчийг ямар ч машинд байршуулах боломжтойгоороо онцлог.
“KS made in Mongolia” компанийн инженерүүдийн олонх нь ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн төгсөгч юм байна. Тэд 2016 оноос хамтарч, робот, автомат удирдлагатай төрөл бүрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж буй аж. Тус компанийнхны зохион бүтээсэн төхөөрөмжүүдийг өдгөө манай улсын 100 гаруй үйлдвэр ашигладаг гэнэ. Тухайлбал, төмөр зүсэгчийг бүргэд хаалганы үйлдвэр, засварын газрууд, уул уурхайнхан, сийлбэрийн машиныг нь модон тоглоом, тавилга, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд хэрэглэдэг юм билээ. Залуус өдгөө 12-уулаа ажилладаг. Харин зун Механик инженерийн сургуулиас оюутнууд дадлага хийнгээ цалинтай ажилладаг аж. Үүсгэн байгуулагчдад үйлдвэрээ өргөжүүлэх сонирхол, төлөвлөгөө байдаг ч зээл авах гэхээр барьцаа хөрөнгийн шаардлагыг хангадаггүй. Тийм учраас одоогоор захиалгын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс хэтэрдэггүй гэж байлаа.
Бэлтгэсэн Р.Жаргал