“Аз жаргалгүй Улаанбаатар”. Энэ бол өнгөрсөн баасан гарагт орсон их цасны улмаас нийслэлийн замын хөдөлгөөн бүхэлдээ гурван цаг гаруй нам зогссон үед бухимдсан иргэдийн амнаас урссан үгсийн зах зух нь. Бие муутай нэгэн иргэн хөдөөнөөс Баянзүрхийн товчоогоор дөнгөж орж ирээд түгжирсэндээ ядарч, эгээтэй л ухаан алдаж унасангүй гэнэ. Улсын филармонид цохивор хөгжмийн чуулгын тоглолт үзэх урилгатай, Хөгжим бүжгийн сургуулийн захирлаар олон жил ажилласан, өдгөө нас 90 дөхөж яваа Гавьяат багш М.Цэрэндорж тоглолт тарж байхад аахилан, уухилан ирсэндээ ичиж, зовон уйлсан. Тэрбээр машиндаа сууж байснаа буугаад хоёр талаасаа хүүхдүүдээрээ түшүүлэн цас, мөсийг умартан зүтгэсээр Филармонид иржээ.
Замын хөдөлгөөн тэг зогсох үед нийслэлд хүмүүс энэ мэтчилэн зүдэрч байхад УИХ-ын дарга Г.Занданшатар харин ганган хар машинаараа урсгал сөрөн, нисэх мэт давхиж явлаа. Эрхэм даргын үйлдэл замд хаашаа ч хөдлөхгүй гацан зогссон иргэдийг даапаалах лугаа адил байв. Зургийг нь авч амжсан иргэдийн уур бухимдал, хараалыг тоочиж баршгүй нь. Иргэд түгжрэлд ажлаа, хийж бүтээх өчнөөн хугацаагаа алдаж байхад УИХ-ын дарга нь үүнийг огт мэдрэхгүй, юу ч болоогүй мэт өнгөрөх. Дарга нарт ээлтэй, олон нийтэд халтай, тэгш бус нийгэм манайд хэдийн тогтсоныг энэ намрын хоёр удаагийн их цас ийнхүү нотолж өгөв.
Цаашид дахиад цас орно. Улам хүйтэрнэ. Үүнийг бүгд мэддэг. Харин нийслэлийн удирдлага, ажил хариуцсан алба, нэгжүүд л энэ тухай ер мэддэггүй юм шиг, олон нийтийн өмнө ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүй мэт ажин түжин, амар жимэр суух юм. Тэр тусмаа түгжрэл хариуцсан Ж.Сүхбаатар хэмээх сайдтай болсон цаг үе шүү дээ. Тэрбээр томилогдсон цагаас хойш юу хийв. Өвөл болж байгааг мэдэж байгаа юу. Нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, удирдах мэдлэг, чадвар байна уу. Хоёрхон удаагийн цаснаар ажилдаа муу дүн тавиулчихаад сууж буй сайд та цаашид яах вэ. Өнгөрсөн баасан гарагт нийслэлийн замд нам зогссон иргэн бүр “Түгжрэл”-ийн сайдыг эрэн сурвалжилсан. Гэтэл тэрбээр ганц үг дуугарсангүй. Тэгсэн хэрнээ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил өчигдрөөс нийгмийн сүлжээнд өөрийгөө өмгөөлөн бичээд эхлэв. “Түгжрэл 30 жилийн өмнө үүссэн” гэх мэтээр. Бараг би үүнд хамаагүй гэж хэлэх мэт. Ингэж хэлээд нэмэргүй ээ, сайд аа. Ажлаа хий. Гарц ол. Таны хийх гол ажил энэ.