“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 20, 21-нд хэргийг төрийн болон албаны нууцтай холбоотой үндэслэлээр хаалттай хянан хэлэлцлээ. Уг хэрэгт Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 28-нд хэлэлцээд, гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид 10 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар давж заалдах гомдолдоо “Тагнуулын байгууллага хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” хэмээсэн ч тэр нь үндэслэлгүй учраас тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Ингэснээр анхан шатны шүүхээс Ч.Мөнхбаярт оноосон ял гэм бурууд нь тохирсон гэж үзжээ.
Бэлтгэсэн Г.Орчлон