Бид заяа төөргөө дагаад явна уу, залаад явна уу. Бурхан номын сургаалаар зайлж болдоггүй заяа төөрөг, засаж болдоггүй үйлийн үр, залгаж болдоггүй насны хэмжил хөтөлдөг гэх. Ухаан тэлээгүй, ухамсар сэрээгүй мухар, сохор сүсэгтэн миний мунхаглалаар бол улс орон ч, албан байгууллага ч буяны үрээр, хүмүүний эерэг, сөрөг энергийн хүчээр цагийн хүрдэнд тасралтгүй эргэлдэж, өсөж, буурах, өөдөлж, уруудах хэмнэлтэй мэт. Далд чанадын шидэт эрчис хүч, бодь сэтгэлийн эрчим энерги цаг хугацааны хэмнэлтэй давхцан, гадаад, дотоод шалтгаан цогцлон бүрдсэн нэгнээр байгууллага, хамт олныг удирдуулж, хэсэг хугацааны түүхээ бүтээлгэдэг шүтэн барилдлага бас байдаг болов уу.
Эерэг бүхэн нийлэмжтэй эвлэж, нэгдэлтэй шүтэлцсэн нөхцөлд ажил нь амжилтаар арвин, ажилтан нь алдар хүндээр дүүрэн, эрч хүч, цог жавхаатай, хийморь золбоотой байдаг бололтой. Энэ бүхнийг ахуй үйлдлээрээ харуулж, ажил хөдөлмөрөөрөө баталж, амин биеэрээ нотолсон нэгэн бол хурандаа Учралын Бат-Эрдэнэ. Тэрбээр жанжин Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн, Цэргийн гавьяаны одонт дотоодын цэргийн тусгай хорооны 27 дахь захирагчаар 2004-2014 онд 10 жил зургаан сар буюу хамгийн урт хугацаанд нэр төртэй, үр бүтээлтэй ажилласан хүн. У.Бат-Эрдэнэ Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн тусгай дунд сургуулийг 1982 онд төгсөж, салааны захирагчаар томилогдсоноос хойш штабын бүх албан тушаалыг дамжин, шат дараалан дэвшсээр ангийн захирагчийн албан үүргийг хүлээн авав. Энэ хугацаанд Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, мөн Удирдлагын академийг төгсөж, Хилийн цэргийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалан, мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлсэн.
Гагцхүү заяа тавилан бүхнийг шийддэг гэвэл мэдээж өрөөсгөл болно. Хувь хүний ажил хэрэгч шинж, гүйлгээ ухаан, бүтээлч идэвх, зүтгэл чармайлт, хүн чанар, удирдах авьяас, зохион байгуулах чадвар, хянуур нямбай ажиллагаа, нухацтай өндөр хариуцлага, зарчимч хатуу шаардлага, зориг шийдэмгий эрч хүч зэрэг олон сайн чанар нэгэн биед цогцлон бүрдсэнээр магтах сайн, бахдах сайхныг бүтээдэг биз ээ. У.Бат-Эрдэнэ Дотоодын цэргийн штабын орлогчоор ажилласан таван жилийг эс тооцвол тусгай хорооны “унаган” цэрэг, үнэнч захирагч. Энэ бол 100 жилийн түүхтэй ангийнхаа өндөр ёс суртахуун, хатуу сахилга бат, дэг журам, уламжлал шинэчлэлд гологдож хаягдаагүй, шалгагдаж үлдээд, шилэгдэж дэвшсэний гэрч ээ.
Хүний нэр төрийг хийсэн бүтээсэн бодит үйлдлээр нь дүгнэдэг билээ. Ажлын үзүүлэлтийг хэн нэгний үзэмжээр дүгнэж байгааг өөрчлөн, журам боловсруулан мөрдөх болсон нь Дотоодын цэргийн анги, салбаруудын хэмжээнд жишиг болон нэвтэрч, өнөөг хүртэл мөрдсөөр буй. Үүнийг дагаж шагнал урамшууллын чанар чансаа, нэр хүнд ч өсөж, ахуйн ба оюуны хэрэгцээг хангахуйц үнэ цэнтэй нь голлох болсон юм. Улсын чухал объектуудыг иж бүрэн камержуулах төсөл хэрэгжүүлж, инженер техник, холбоо харилцааны орчин үеийн төхөөрөмжөөр бүрэн тоноглосноор хамгаалалтын нягтрал, найдвартай ажиллагаа сайжирч, харуулчдын сонор сэрэмж, үүрэг хариуцлага эрс дээшлэв. Мөн ангийнхаа хоёр харуулчин ахлагчид орон сууцыг тавилгын хамт иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгч байв. Түүнчлэн 2012 онд ангийн 90 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсний зэрэгцээ дурсгалын тэмдгийг шинэчилж, хүндэт тэмдгийн загвар, шагнах журам боловсруулан, мөрдүүлэв. Энэ мэт олон бүтээлч ажлыг дурдаж болно. Бас тэдгээрийг дагуулсан шагнал урамшуулал ч цөөнгүй бий. Тухайлбал, Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тактикийн тэмцээнээс гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн. Мөн 2012 онд цагдаа, дотоодын цэргийн марш, тактикийн тэмцээний тэргүүн байр эзэлж байв. Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Энэрэнгүй үйлстэн” байгууллагаар шалгаруулан, дээд шагнал “Эрдэнийн очир” одонгоо хүртээсэн байдаг. Энэ мэт цөөнгүй баримт тэр үеийн ангийн тогтвортой амжилт, төөрөг нийлсэн захирагчийн арга барилын тод томруун жишээ мөн.
Хамт олны амьдралд аар саар зүйл гэж байх ёсгүй. Гавихгүй юм хүртэл газар авч, гай тарих нь бий. Аз жаргал нь алсаас бус, ахуй орчноосоо эдэлдэг зүйл. Хамт олон эв журамтай, хайр хүндэтгэлтэй, халамж түшигтэй, нэгдмэл нэг гэр бүл, нэгэн зорилготой цул болж чадвал аз жаргал ойрхон. Аливаа хөгжил хүнээс эхтэй. Хүний хөгжил хүмүүжлээс эхтэй. Хүмүүжлийн булаг бохиргүй цэвэр, бузаргүй ариун ундарч байвал нийтээр ариун рашаанаар ундаалж, агаарын сайхнаар амьсгалж байгаатай утга нэг ээ. “Буруу зөрүү явдлын учир шалтгааныг бусдаас бус, өөрөөс эр” гэсэн үг байдаг. Хэзээ ямагт өөрөөс нь өөр хүн буруутай байх юм бол эрэл мухардаж, эзэн тодрохгүй, үнэн бүдгэрнэ. Цэргийн анги бүхэлдээ амьдралын туршлага суугаагүй гэнэн томоогүй залуусаас бүрддэг болохоор алдах эндэх, эндүүрэх самуурах зүйл бишгүй гарна. Алдаа, эндэгдэл гарах бүрт өөрийгөө шүүж, өөртэйгөө ажиллаж, зөв арга барилаа олох явдал байнга тулгардаг. Өөрийн хорон муу санаанаас илүү тамлан зовоогчийг хаанаас ч олохгүй. Захирагчийн сэтгэл ариун, үйл цэвэр бол захирагдагсдаа эерэг энергээр тэтгэдэг. Хүний сайн өөртөө бус, олондоо илүү өглөг буян, өгөөж хишгээ хайрладаг аж. Энэ захирагчийн үед зөвхөн ангид нь хоёр хурандаа, долоон дэд хурандаа шинээр цол нэмж, төрийн дээд одон медалиар 28 хүн шагнуулж, 34 офицер, улирагч албан тушаал дэвшжээ. Тэр үеийн дунд тушаалын залуу офицерууд У.Бат-Эрдэнийн санаачилга, дэмжлэгээр гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцан төгсөж, өнөөдөр Дотоодын цэргийн штаб, ангиудад удирдах өндөр албан тушаал хашиж, амжилттай сайн ажиллацгаан, хурандаа, дэд хурандаа болжээ.
Алагчлах ялгаа, аминчлах үзэл түүнд байхгүй. Хүний хүн, миний хүн гэсэн ойлголт, тойрон хүрээлэгч, ар, өврийн хаалга, нутгархаг, найзархах үзэлгүй захирагч гэдгийг хамт олон, халуун бүлийн нөхөд нь ярих юм билээ. Нэг сургууль, нэг ангийн нөхөдтэйгөө хамт ажиллахдаа тэрбээр ажил хэрэгч, нөхөрсөг хатуу шаардлагаар тэднийг байсны дээр үйл хэрэг, үг хэл, өнгө царайнаас хуурамч инээд, хувирамтгай олон ааш, хуншгүй муу чанарыг хэн ч олж хараагүйг үеийнхэн нь дурсан магтах юм билээ.
Сайн зүйлд садаа мундахгүй гэгчээр сайн хүнийг саар муугаар сорьж шалгадаг, сайхан бүхнийг гэм нүглээр сольж тоглодог далд ертөнцийн хууль үйлчилдэг байж болох. Үүнийг ухаарч, сэхээрч, ухамсарлан гэгээрч олноо дээдэлж, хүнийг хайрладаг нь ялж, хөгждөг юм шиг ээ. 2014 онд хууль, эрх зүйн хүрээнд Дотоодын цэргийг бүхэлд нь татан буулгасан билээ. Үүний уршгаар олон энгийн ажилчин ажилгүй болж, хугацаат цэргийн албан хаагчдыг хилийн цэрэгт шилжүүлсэн. Эл шийдвэрийг зөв голдиролд нь оруулах гэж хөл хүрэх газар явсан хүн бол хурандаа У.Бат-Эрдэнэ. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны хоёр үеийн сайдад асуудлыг тавьж, бичиг захидал илгээн, биеэр уулзаж, УИХ-ын олон гишүүнд санал, хүсэлтээ дахин дахин илэрхийлснээр Дотоодын цэргийн хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 9-нд УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Ингээд бүтэц, зохион байгуулалт, аж ахуйн хангалтыг жил жилд төсөвт суулгаж, асуудлыг шийдэж явсаар 2021 онд Дотоодын цэрэг дахин байгуулагдан жигдэрсэн. Энэ бол У.Бат-Эрдэнийн үнэт хувь нэмэртэй холбоотой. Төөрөг заяа нь Дотоодын цэрэгтэй эгнэгт холбогдсон хурандаа У.Бат-Эрдэнэ нэрэндээ нийцсэн эрдэнэ болсон захирагч аа.
Бэлтгэсэн Д.Алиах