Ховд аймгийн Цэцэг сумд нэг иргэн тарваган тахлаар өвчилснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус аймгийн Мөст сумд дахин нэг хүн тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагджээ. Тухайн иргэн энэ сарын 12-нд Мөст сумын Хужирт багийн нутагт хавхаар тарвага агнаж, махыг нь чанаж идсэн байна. Үүний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн өвчтөнөөс сорьц авч, лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд эцсийн хариу нь өчигдөр гарч, тахлаар өвчилсөн болох нь батлагдсан аж. Тухайн иргэн анх уг өвчний булчирхайн хэлбэрээр өвчилжээ. Улмаар үжил хэлбэрийнх болж, өвчин нь хүндэрсэн болохыг шинжилгээгээр тогтоосон гэнэ. Өвчилсөн иргэдийн ойрын хавьтлыг тогтоох, шинжилгээнд хамруулах арга хэмжээ өчигдөр үргэлжилж байв. Ойрын хавьтлын зарим хүн Жаргалант сумд очсоныг мөн тогтоожээ. Тиймээс Мөст, Жаргалант сумын орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан байна.