Иргэн М.Батнайдвар, Б.Батсайхан, Б.Өгөөмөр, Л.Халиунаа, Г.Халиунаа, Б.Ганбат, Э.Энхтүвшин, А.Содбилэг нарын нэр бүхий найман иргэнд холбогдох хар тамхи хэрэглэсэн борлуулсан гэх эрүүгийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ. Эл шүүх хуралдаан 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс нийт 14 удаа хойшлогдсон байна.
Тус эрүүгийг хэрэг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулд Шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн автомат хуваарилалтаар хуваарилагдсан ба хэргийг өөр 2 шүүгчийн хамт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх юм.
Шүүгч Г.Мөнхзул нь 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр анхны шүүх хуралдааныг товлон зарласан боловч өнөөдрийг хүртэл хуралдаан бололгүй нийт 14 удаа хойшлогджээ. Шалтгаан нь шүүгдэгчдийн 3 өмгөөлөгчийн “коронавируст цар тахлын улмаас карантинд байгаа, ковид-19 өвчнөөр өвдсөн зэрэг” хүндэтгэх шалтгаанаар 2021 оны 05 дугаар сарын 28-аас 2022 оны 03 дугаар сарын 22-ныг хүртэлх 1 жил 6 сарын хугацаанд товлогдсон 9 удаа хойшлуулсан. Энэ тухайгаа эмчийн, эмнэлэгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн товыг тухай бүр зарлаж байсан. Өвчтэй, карантинд байгаа өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийх боломжгүй гэж хуульд заасан байдаг. Харин шүүх бүрэлдэхүүн 2 өмгөөлөгчийг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг тасалдуулсан гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцож байсан байна.
Энэ хугацаанд шүүхээс шалтгаалж 1 л удаа шүүх хуралдаан хойшилсон ба тодруулвал 2022 оны хоёрдугаар сарын 1-ээс 14 хоног Ковид-19 өвчний улмаас тус шүүхийн хэмжээнд хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд зарлагдсан бүх шүүх хуралдаан хойшилсон.
Хар тамхины хэргээр мөрдөн шалгагдаж, яллагдагчаар татагдаад буй тэдгээр найман хүнд холбогдох хэргийг хуулийн дагуу шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Холбогдох хуулийн заалтаас:
Эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.12 дугаар зүйл. Шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүйн холбогдол
1.Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна.
20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.