Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой БШУЯ, ХЗДХЯ, АТГ хамтран ажлын хэсэг байгуулж, тодорхой шалгалт хийсэн. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Б.Тэрбиштэй шалгалтын үр дүнгийн талаар ярилцлаа.
-Хичээлийн шинэ жилийг угтаад АТГ нэлээд өргөн цар хүрээтэй хяналт шалгалт эхлүүлсэн. Тодорхой үр дүн гарсан байх. Мэдээллээ хуваалцахгүй юу?
-Нэгдүгээр ангид орох сурагч, цэцэрлэгт орох хоёр настны элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор жил бүр асуудал ундардаг. Хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг элсүүлж, хэт их ачаалалтай ажилладаг сургуулиуд бий. Тухайлбал, төвийн дүүрэг дэх ерөнхий боловсролын I, V, VI, III, 23, 45, 84 зэрэг тодорхой сургуулийг сайн гээд хүүхдээ сургах сонирхолтой аав, ээж олон. Тиймээс ХЗДХЯ, БШУЯ, АТГ-аас элсэлтийн бүртгэлтэй холбоотой, хамран сургах тойргийн бус, хүүхдийг бүртгэхгүй байхад анхаарч хяналт тавьсан. Энэ үеэр төрийн албан хаагч нар албан тушаалын байдлаа ашиглаж, хамран сургах тойргийн бус, дээр дурдсан аль чанартай, нэр хүндтэй, сайн гэсэн сургуульд хүүхдээ сургадаг асуудал сөхөгдсөн. Тиймээс төрийн албан хаагч нарыг өөрсдөө манлайлалтай байх зөвлөмж гаргахын зэрэгцээ хариуцлагын асуудал ярина гэдгийг анхааруулсан. Тодорхой үр дүн ч гарсан. Жишээ нь, I сургуулийн нэг анги 75 хүүхэдтэй байсан бол тус сургуулийн бага ангийн сургалтын менежер н.Даваасүрэнгийн хэлснээр өнөөдөр нэг ангид 30-35 хүүхэд сурч байна. Энэ бол хамтарсан шалгалтын үр дүн юм. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар ч бидэнд маш их талархаж байгаа. Ажлын хэсэг шалгалт хийж буйгаа мэдэгдсэн учраас эцэг эх, томчуудаас захирал, эрхлэгчид ирэх дарамт, шахалт багассан хэмээсэн.
-Дээрх сургуулиудад албан ёсоор хэчнээн хүүхэд хамрагдах бүртгэл гарсан бэ. Тодорхой мэдээлэл бий юу.
-Хорооны бүртгэлийг авч үзэхэд хотын төвийн нэг сургуульд шинээр элсэх хүүхдийн тоо 100-д багтах судалгаа гарсан. Нэг ангид 30 орчим хүүхэд сурна гэсэн үг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан стандартаар нэг ангид ихдээ 40-45 хүүхэд сурах ёстой. Өмнөх жилүүдэд нэг ангид 70-аас дээш хүүхэд элсэж байсан. Ийм тохиолдолд багшийн ачаалал ихсэж, хүүхдүүдийн амьсгалах агаар дутагдана. Энэ жил сургуулиуд бүртгэлээ ном журмын дагуу зохион байгуулсан.
-Ажлын хэсэг ажиллах явцад тодорхой зөрчил илрэв үү. Баримт дэлгээч?
-Зөвлөмж гаргасаар байтал зарим төрийн албан хаагч хамран сургах бус тойргийн сургуульд хүүхдээ сургахыг оролдсон. Тэднийг дуудаж хууль сануулсан. Сургуульд ямарч бүртгэлгүйгээр сурч буй хэд хэдэн тохиолдлыг илрүүлсэн. Харьяаллын бус тойргийн хүүхэд учраас захиралд мэдэгдэлгүйгээр сургалтын менежер, багш, ээж аав нар хуйвалдаад бүртгэлгүйгээр сургасан гэсэн үг. Мөн зарим хүн хуурамч бичиг баримт бүрдүүлж, хүүхдээ сургаж байсныг илрүүллээ.
-АТГ-ын ажлын хэсэг зөвхөн бүртгэлд л хяналт тавих уу?
-Эхний удаад дээр хэлсэнчлэн бүртгэлд хяналт тавьсан. Есдүгээр сарын сүүлчээс арваннэгдүгээр сарыг дуустал дараагийн шатны шалгалтаа хийнэ. Учир нь зарим сургуулийн захирал бүртгэл дууссаны сүүлчээр, шалгалт намжсаны дараагаар хүүхдээ аваад ир хэмээн эцэг эхүүдэд найдвар төрүүлж байна гэх мэдээлэл ирсэн. Хамран сургах тойргийн бус, хүүхдийг хууль бусаар оруулах гээд хүлээгээд байна гэсэн үг. ЭЦА-ныхан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эцэг, эхүүдийг шалгана, бид албан тушаалтан бусдад нөлөөлсөн, эсэхийг хянах юм. Мөн төсвийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийн мөрөөр шалгалт хийнэ.
-Зөвлөмжид тодорхой ямар асуудлуудыг тусгасан бол?
-2022-2023 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгт шинээр элсэх хүүхдээ зөвхөн хамран сургах тойрогт нь бүртгүүлэхийг төрийн албан хаагч нарт үүрэгжүүлсэн. Хэрвээ зөвлөмж зөрчиж хамран сургах тойргийн бус, хүүхэд авсан бол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь халах арга хэмжээ авна. Мөн албан тушаалтан эрхлэгч, захиралд нөлөөлсөн бол хуульд заасны дагуу шалгана. Төвийн 18 сургууль, 9 цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг шалгана. Боловсролын байгууллагатай хамтраад гурван жил дараалан хяналт шалгалт хийчих юм бол дээрх асуудал цэгцэрнэ гэсэн тооцоотой байна.
-Сургуулийн удирдлага дотоод журам гаргаж, хүүхэд элсүүлдэг юм билээ. Тухайлбал, тухайн сургуультай хамтран ажиллах гэрээтэй, ах эгч нь сурдаг, ажлынх нь ойр гэх зэрэг шалтгаантай бол харьяаллын бус байсан ч сургана гэх агуулгатай мэдээлэл сонссон. Үүнд хариулт өгнө үү?
-Тухайн сургуульд ажилладаг багшийн хүүхэд харьяаллын бус байсан ч сурч болно. Багш бага цалинтай, бас ажил дээрээ өнждөг. Тиймээс хүүхдээ өөр сургууль руу хэрхэн зөөх билээ. Өөр тохиолдолд болохгүйг салбарынх нь яам тодорхой зааж өгсөн. Тухайлбал, I сургууль багш нарын хүүхэд сурч болно хэмээх журам гаргасныг зарим ажилтнууд гуйвуулж ашигласан. Багш нар өөрийн хүүхэд, ач зээгээ, дүүгээ, бүр танилаа авч эхэлсэн. Сүүлдээ багш нар жил бүр нэг хүүхэд оруулна гэх зэргээр журмыг хавтгайруулсан. Тиймээс сургуулиудын ихэнх журмыг хүчингүй болголоо. Одоо ээж аав нь багшилдаг бол төрсөн хүүхэд нь тухайн сургуульд сурах ганц л журам үйлчилнэ.
-Хүүхэд сурч боловсрох, бүр сургуулиа сонгох эрхтэй. Ээж, аавууд сайн сургалттай газар хүүхдээ өгөхөөр зүтгэх нь зүй ёсны хэрэг биш үү?
-Сайн сургалттай газар хүүхдээ сургая гэсэн нь эцэг, эхийн буруу биш. Тиймээс БШУЯ бодлогын түвшиндээ өөрчлөлт хийж буй мэдээллээ хуваалцсан. Тухайлбал, боловсролыг тэгш хүртээмжтэй болгох талаар судалж байгаа гэсэн. Тэр сургууль муу, энэ нь сайн гэхгүйгээр жигд чанартай боловсрол олгоход анхаарна гэсэн. Мөн төвийн сайн сургуулийн чадварлаг багшийг хотын захын сургуульд сэлгэн ажиллуулдаг олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр ярьж байгаа юм билээ. Гаднын улсууд хотын төвийн сургууль нь хүүхэд цөөнтэй бол сургуулийн газрыг дуудлага худалдаагаар борлуулж, мөнгөөр хотын захад чанартай сургууль барьдаг юм билээ. Сургууль, цэцэрлэгийн захирал, удирдлагыг дүүргийн Засаг дарга биш, боловсролын байгууллага нь томилох санал хуульд тусгах байгаа зэрэг мэдээлэл өгсөн.