-Та Дорноговь аймгаас төрсөн мэргэчүүдийн нэг үү?
--Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмаар үндэсний шагайн харвааны тэмцээнд багаараа тэргүүн байр эзэллээ. Би Монгол Улсын үлэмж дархан мэргэн цолтой. Миний хувьд энэ удаа шагай харваачдаас онооны нийлбэр дүнгээр шилдэг харваачаар шалгарсан. Би Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат. 2010 оноос шагайн харваагаар хичээллэсэн. Намайг энэ спортод сэтгэл татагдахад өвөө минь их нөлөөлсөн. Тэрбээр Монгол Улсын хүндэт харваач. Түүний дөрвөн хүү шагайн харваагаар хичээллэж, амжилт гаргаж яваа. Өвөөгөөрөө шагай харвахыг заалгаж, амжилтаас атгасандаа баярладаг. Манай харваачид шигшээ дөрвөн багийн нэгээр шалгарч, Б.Амгаланбаяр ахлагчтай “Хан Хэнтий”-хэнтэй тоглож ялагдаад, Өвөрхангайн аймгийн хоёр багийг хожиж түрүүллээ.
-Энэ жилийн наадмаар шагайн харвааны багууд чансаа, тоглолтын эрэмбэ өндөр байгааг харууллаа.
-Чансаа өндөртэй байгаа нь нутаг болгонд шагайн харваа эрчимтэй хөгжиж буйг илэрхийлнэ. Хагас шигшээд тунасан багийнхан наадмын уур амьсгал, сэтгэл зүйн байдлаасаа хамаарч алддаг тал бий. Гэтэл энэ удаа олон багийн харваачид ана мана өрсөлдөж, хэн түрүүлэх нь эхэндээ тодорхойгүй байлаа шүү дээ.
-Багийн харваачид амжилт гаргахад ахлагчаас их шалтгаалдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Багийн маань ахлагч харваачдаа аварга болгохын тулд сэтгэл зүйгээ хэрхэн удирдаж, харвах талаар маш сайн зөвлөсөн. Биднийг бэлтгэлд гарсан цагаас эхлээд л харваанд маань анхаарал хандуулдаг юм. Манайхан 2018 оноос УАШТ болон төрийн наадмын шагайн харваанд дараалан түрүүлж байна. Олон багийн өрсөлдөөнөөс тунаж, аваргаа хамгаална гэдэг амаргүй. Бид энэ удаа ч бас аварга болж чадлаа. Өмнө нь улсын аваргын тэмцээнд оролцохдоо наадмаар өрсөлдөх багуудын бэлтгэл хэр хийснийг ажиглаж судалсан. Тэднээс илүү байхын тулд бэлтгэл сайн базаах ёстойг ойлгосон юм. Уйгагүй хичээж, хөдөлмөрлөсний үр дүнд зургаа дахь удаагаа аваргын түрүүг хүртэж байна даа.