-Дорноговь аймгийнхан шагай харвахдаа үнэхээр гаргууд юм. Энэ нутгаас алдартай эрхий мэргэчүүд төрдөг гэдэгт эргэлзэх зүйл алга.
-Аймгийн маань шагайн харваачид улсын наадамд зургаа дахь удаа түрүүлж, аваргаар шалгарлаа. Миний аав шагай сайхан харвадаг. Би тус аймгийн Хөвсгөл сумын харьяат. Хүүхэд байхаасаа аавыгаа дагаж хичээллэсэн. Энэ жилийн наадмаар Монгол Улсын үлэмж дархан мэргэн цол хүртлээ.
-Нутгийн тань харваачид шилдэг мэргэчүүд төрүүлэхийн тулд шагай харвааг сайн хөгжүүлжээ.
-Манай нутаг мэргэн харваачид төрүүлдгээрээ алдартай. Миний хувьд залуу харваачдаар багаа бүрдүүлж, төрийн наадамд зургаа дахь жилдээ харвалаа. Бид аваргын төлөө Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймгийн “Гуа-орд” багийнхантай эн тэнцүү өрсөлдөж, хоёр оноогоор хожсон. Төрийн наадмын шагайн харвааны тэмцээнд оролцохоор нутаг, нутгаас шилдэг харваачид ирж оролцлоо. Шагайн харваачдад нэгнээсээ суралцаж, өөрийнхөө ур чадварыг хөгжүүлдэг сайхан уламжлал бий. Өрсөлдөгчийнхөө давуу талаас суралцана гэдэг амжилт гаргах том боломж юм. Олон багаас цойлж, шилдэг тавын нэгээр шалгаран, хүч түрэн орж ирэхийг хараад тэднээр их бахархсан. Наадмаар шагайн харвааны тэмцээнийг шууд дамжуулсан болохоор нутгийнхан минь бидний түрүүлэхийг хараад баярласан биз ээ.