-Монголчууд тухайн жилийнхээ наадмын онцлох үйл явдлыг хойтон жил болтол ярих дуртай. Та алдартай мэргэчүүдийн халуун ам бүлд хөл тавьж, Монгол Улсын мэргэн хэмээн дуудуулах боллоо.
-Төрийн наадамд түмэн олныхоо өмнө түрүүлж, Монгол Улсын мэргэн гэж дуудуулах аз завшаан надад энэ удаа тохиолоо. Амьдралд минь хамгийн сайхнаар дурсагдах сайхан баяр үүнээс илүү юу байх билээ. Нутгийнхнаа сайхан баярлуулж, огшоох сон гэж боддог байсан хүсэл, мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна. Хүмүүс бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морьдын уралдааныг үзэж, хийморио сэргээх сэн гэж хоног тоолон хүлээсэн нь наадмын өдрүүдэд их анзаарагдлаа. Миний хувьд хэд хоног бэлтгэл хийгээд наадмын харваанд оролцсон. Тэр үед төрийн наадамд өөрийгөө түрүүлэх хэмжээнд харвана гэж төсөөлөөгүй.
-Үндэсний сур харваатай нөхөрлөсөн түүхээсээ сонирхуулаач. Нум эвшээлгэж, сум тавьснаас хойш хэдэн жилийн дараа амжилтад хүрэв?
-Би үндэсний сур харваагаар 2009 онд анх хичээллэсэн. 2015 оны наадмаар удаалж, улсын гарамгай харваач цолын болзол хангаж байв. Түүнээс долоон жилийн дараа Монгол Улсын мэргэн цол хүртлээ. Би их сонин тохиолдлоор үндэсний сур харваатай нөхөрлөсөн. Энэ спортын тухай ямар ч ойлголтгүй явсан намайг авга ах, Монгол Улсын мэргэн, М.Батгэрэл, мөн урианхай сурын мэргэн Н.Алтансүх нар үндэсний сур харваагаар хичээллэхийг зөвлөж, татан оруулсан юм.
-Тэр цагаас тууштай хөдөлмөрлөж, амжилт гаргахаар тэмүүлсэн байх нь.
Тийм ээ. Сурын талбайд цэц сорьсон харваач болгон миний хүчтэй өрсөлдөгч. Наадамчид сурын алтан шар зурхайгаас шинэ мэргэн төрөх торгон агшныг амьсгаа даран догдолж хүлээдэг. Намайг улсын мэргэн цол хүртэхэд баярлаж, халуун дотно угтаж авсан наадамчин олноо хараад би ч бас огшиж баярласан шүү.
-Баян-Өлгий аймгийн Буянт сумаас төрсөн мэргэн харваач олон байдаг уу?
-Бий бий. Баян-Өлгий аймаг алдартай мэргэчүүдтэй. Гэхдээ Монгол Улсын мэргэн цолтон төрөлгүй нэг хэсэг завсарласан. Би 12 жилийн дараа мэргэн харваачдынхаа тоог нэгээр ахиулж, буухиаг залгууллаа.