Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн Б.Пунсалдулам сурын талбайд цэц сорьж түрүүлчихээд алтан шар зурхайдаа талархаж, баярын нулимс унагасан. Мэргэн бүсгүйг энэ спортод хөл тавихад амжилтад хөтөлсөн ачтануудын нэг бол аймгийн мэргэн Б.Жалбаа. Тэрбээр Үндэсний их баяр наадмаар шавиа Монгол Улсын даян мэргэн цол хүртэхэд хамгийн түрүүнд гүйж ирээд урам хайрлаж байлаа. Б.Пунсалдуламыг бэлтгэл хийхээр анх ирэхэд нь тэрбээр угтан авч, мэддэг, чаддаг бүхнээсээ харамгүй заасан гэдэг. Тэр цагаас шавь нь наадамчин олны итгэл найдвар, хайр хүндлэлийг даасан шилдэг харваач болжээ. 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын мэргэн цол хүртсэн тэрбээр зургаан жилийн дараа түрүү харваачаар дахин тодорлоо. Цолоо ахиулсан түүнтэй ярилцлаа.
-Спортын талбарт амжилт гаргасан тамирчид өөр мэргэжил, боловсролтой байх нь бий. Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш үндэсний сур харваагаар хичээллэж, Монгол Улсын даян мэргэн цол хүртэхийг харах мөч хамт олонд тань хамгийн сайхан агшин байсан болов уу?
-Баярлалаа. Би Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд физикийн багшаар ажилладаг. Миний хувьд энэ жил сургуулиа төгсөх сурагчдын анги даасан багш нь байлаа. Тиймээс сурагчдынхаа төгсөлтийн шалгалтад анхаарал хандуулж, сур харвааны бэлтгэлд хожуу гарсан. Наадмаас өмнө УАШТ-д оролцож, өөрийнхөө ур чадвар, сумныхаа хэр тусгахыг шалгасан юм. Мөн Налайх дүүргийн баяр наадмын сур харваанд цэц сорьсон минь чамлахааргүй бэлтгэл болж, амжилтад нөлөөллөө. Наадмын өдрүүдэд сэтгэл зүйгээ тайван байлгахын тулд төвлөрч, өөртэйгөө их ажилласан. Хасаа харвааны дунд өргөөс түрүүлэх итгэлт төрсөн юм. Наадамчин олноо баясгаж, сурын алтан шар зурхайд Монгол Улсын даян мэргэн цол хүртсэндээ сэтгэл өндөр байна. Миний хичээллэдэг спорттой багш мэргэжил холбоотой. Бэлтгэл хийх цаг хугацааны хувьд тохирдог тул сонгож байлаа. Сурагчдын амралт зун эхлэхээр нутгийнхаа харваачидтай наадмын бэлтгэлд гардаг. Миний амжилтын ард хамт олны минь дэмжлэг, итгэл найдвар бий. Сургуулийн маань удирдлага, багш нар завгүй үед “Бэлтгэл хийх зав өөртөө гаргаарай” гэж санаа тавьдаг. Тэмцээнтэй үед ажлаас чөлөөлж, мэргэжил нэгт нөхөд минь сурагчдад миний орох цагийн хичээлийг заадаг. Энэ мэтчилэн олон хүний дэм, тус амжилт гаргахад минь нөлөөлдөг шүү.
-Сэтгэл зүйгээ зөв залахад амжилт ойрхон байдгийг та харууллаа. Наадмын өдрүүдэд бэлгэшээмээр зүйл тохиов уу?
-Өмнөх жилүүдийн харваанд сэтгэл зүй дээрээ алдаа гаргадаг байснаа ойлгосон тул энэ удаа өөрөө өөртэйгөө маш их тэмцэж харвалаа. Наадмын өглөө Я.Гэрэлчулууны дуулсан
“...Уухайн түрлэг тэнгэрт сонсогдоод
Учрал ерөөлөөр цол нэмлээ, хийморьтой юм аа
Монгол төрийн наадамд шинэ цолтон мэндэллээ
Хурай, хурай, хурай...” гэсэн дууны үг аманд өөрийн эрхгүй аялагдаад байлаа. Тэр үед энэ бүтээл надад зориулсан дуу байгаасай, дууны үг эзнээ олоод, над дээр биелээсэй гэж их бодсон.
-Таны төрсөн дүү, хань тань үндэсний сур харваагаар хичээллэдэг. Наадмын өглөө гэр бүлээрээ сурын талбайд ирээд нум эвшээлгэж зогсоход танд ямар бодол төрдөг вэ?
-Миний амжилтын ард гэр бүл минь байдаг. Улсын даян мэргэн цол хүртэхэд хань, охин, багш минь хамгийн түрүүнд гүйж ирээд үнссэн. Тэднийхээ баярласныг харцнаас нь харж, урмын үг сонсох сайхан байлаа. Наадмын өдрүүдэд хань минь бүх талаар дэмжиж тусалсан. Аав, ээж минь нутагтаа наадсан тул цолоо ахиулсан баярт мэдээг дуулгаж баярлууллаа. Миний ханийг Б.Хатансайхан гэдэг. Урианхай сурын улсын мэргэн. Нөхрийн минь гэрийнхэн мөн үндэсний сур харвадаг.
-2016 оны наадмаар түрүү харваачаар тодорч, Монгол Улсын мэргэн цол хүртсэн. Тэр жил сэтгэл огшоож, догдлуулсан торгон агшнаар эргээд нэг аялъя.
-Тэр жилийн наадмаар охин минь хоёр сартай байлаа. Би Монгол Улсын даян мэргэн цолтой харваачдаас Д.Норжмаа эгчээр их бахархдаг. Түүнийг 2018 оны наадмаар даян мэргэн болоход баярлаж “Ямар тууштай хөдөлмөрлөв өө, олон удаа үзүүрлэсний эцэст ингэж түрүүлнэ гэдэг үнэхээр бахархмаар. Ийм сайхан амжилт надад ч гэсэн хурдан ирээсэй” гэж бодож байсан. Үндэсний сур харваачид амжилт гаргахын тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Надад тусалсан хүмүүст “Баярлалаа, та бүхний ачийг үргэлж санаж, амжилтаар хариулах болно оо” гэж хэлье. Хоёр аав, ээж охиныг минь харж, асран чадах зүйлээрээ тусалж, дэм болдог болохоор ачийг нь амжилтаар хариулах сан гэж боддог байснаа энэ жил биелүүллээ.
-Цэнгэлдэх, сурын талбай, шагайн асарт суугаа үзэгчдийн сэтгэл догдолсон харцнаас наадмаа үгүйлж, хүлээснийг олж харлаа.
-Сур харваачид өнгөрсөн жил наадам болно гэж бодоод бэлтгэлдээ анхаарал их хандуулсан. “Их Монголын харваа” нэгдсэн холбоо, “Их өв” багийнхан, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж нутгийнхаа харваачдыг гурван жил дэмжиж, бэлтгэл хийлгэлээ. Цар тахлын улмаас наадам цуцлагдсаныг тэр үед сонсоод ихэд гонсойсон ч “Баян-Өлгий аймгаас хурдан хүлгүүдээ ачаад ирсэн уяачдын тэр их хөдөлмөрийн дэргэд бид гайгүй юм байна” гэж бодоод уужирсан даа.
-Та мэргэн тодрох харваанд олны чимээ, шуугианыг мартаад төвлөрч, хэсэг зогссон. Сурын талбайд сүүлийн сумаа харваад сэтгэл тайвширч байгаа харагдсан даа.
-Тийм ээ. Өөртөө итгэлтэй харвахын тулд хүлээцтэй, тэвчээртэй байхыг эрхэмлэдэг. Тийм үед аль болох таагүй зүйл бодохгүй байхыг хичээсэн. Сур харвахад бясалгал хийснээс дутуугүй тайвширдаг юм. Сүүлийн сумаа харвасны дараа л сэтгэл уужирсан. Тэр үед нуруун дээрх хүнд ачааг аваад хаясан мэт санагдаж байлаа.