Уртын дуучин, үндэсний бөхийн улсын засуул, хурдан морь цоллооч Б.Цэрэндагва Үндэсний бөхийн манлай засуул, Гавьяат жүжигчин Б.Батболдын шавь. Тэрбээр жил бүрийн наадмаар барууны магнайд дэвэн зодоглох хүчит бөхчүүдээ засдаг. Аавынхаа дуулах авьяасыг өвлөж, урлагт хөл тавьсан түүнийг багш нь үндэсний бөхийн цол дуудаачдын улсын IV уралдаанд түрүүлэхэд нь баярлаж, Монголын үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн багийнхантай анх танилцуулснаар улсын аварга, арслан цолтнуудын цолыг дуудах хүндтэй хувь тохиожээ. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түүний мөрөн дээрээс улсын цол хүртсэн хүчтэн цөөнгүй бий.
-Наадамчин олны хоног тоолон сэтгэл догдолж хүлээдэг үндэсний баяр эхлэхэд бэлэн болжээ. Та наадмын өглөө ямар бодолтой цэнгэлдэхийн талбайд ирдэг вэ?
-Монгол түмнийг эрийн гурван наадамгүйгээр төсөөлшгүй. Хүн бүрийн бүтэн жил хүлээдэг хамгийн сайхан баяр бол улсын наадам. Хотол олноороо хуран чуулж, наадан цэнгэх нь хийморь сэргээж, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах үндэсний дархлаа юм. Сарын өмнөөс уулзсан хүн болгон энэ жил нартай, хуртай сайхан болох нь, тэр нутгийн бөхчүүд өнгөтэй харагдана, түүний наадамд уралдуулах хүлгүүдийн уяа, сойлго таарчээ гэх зэргээр яриа өрнүүлдэг. Энэ жилийн наадмаар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр давхцаж байгаа гаараа онцлог. Цар тахлын улмаас улсын наадмаа хоёр жил үзээгүй олонд хүлээлт үүссэн байна. Би Монголын үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн багийн гишүүн. Тэднээс бөхтэйгөө хамгийн ойрхон байдаг хүн бол засуул. Наадмын өглөө аав, ээждээ мэндчилгээ дэвшүүлээд “Зүлэг ногоон дэвжээнд бөх засаж, цол дуудах хүүгийнхээ төлөө сүү, цайныхаа дээжийг өргөөрэй” гэдэг. Цэнгэлдэхийн талбайд үндэснийхээ дээл хувцсыг өмсөж ирээд ахмад засуулуудаа угтан авч, наадамтай холбоотой яриа өрнүүлэх дуртай. Галд гарч, наадмын бэлтгэл хэр хангасан нь бөхчүүдээс андашгүй харагддаг. Наадмын дэвжээнд олон жил бөх зассан ахмад засуулууд ухаан, мэлмий, мэдрэмж, хуримтлуулсан туршлагаараа бөхчүүдээ нарийн шинжиж, түрүүлж, үзүүрлэх, даваа өгсөж барилдахыг тааварладаг юм.
-Бөх, морь, сур харваачдыг нутгийнх нь уул, ус дагаж ирдэг гэж ярьдаг. Наадмын дэвжээнд олон аавын хүү шинээр цол хүртэж, нутгийн олноо баярлуулах биз ээ.
-Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдах тул улсын цолтон олноор төрөх магадлалтай. Үндэсний бөх спортын өндөр түвшинд хөгжиж байна. Залуу бөхчүүд улсын аварга, арслан цолтнуудын адил бэлтгэл базаадаг болсон тул даваа өгсөж барилдсаар түрүү бөхөөр тодроход гайхах зүйлгүй. Миний хувьд Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн хурц арслан М.Лхагвагэрэлийг улсын цол хүртэх болов уу гэж таамаглаж байгаа. Тэрбээр дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй бие, царай зүсээрээ ч төстэй. Улсын цолд ойрхон, жил бүр наадмын тааварт багтдаг бөх цөөнгүй бий. Улсын харцага цолтнуудаас Б.Бат-Өлзий, О.Хангай нар түрүү үзүүр, шөвгийн дөрөвт тунах болов уу. Тэд дайчин, шаргуу, уран барилдаанаараа бөхийн хорхойтнуудыг огшоодог. Бөхчүүд санасан, бодсон цолдоо хүрэхийн тулд бэлтгэлээ чамбай хийсэн нь анзаарагдсан. Улсын аварга, арслан цолтнууд Бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдааныг алгасдаггүй. Тэднээс улсын даян аварга Н.Батсуурь дархан аварга болохын төлөө мөн л зорих байх.
-Багштайгаа наадмаар бөх засаж, цолыг нь дуудах завшаан хэдийнээс тохиов?
-Би СУИС-ийг 2014 онд Гавьяат жүжигчин, үндэсний бөхийн манлай засуул Б.Батболд багшийн удирдлагад уртын дуучин мэргэжлээр төгссөн. Тухайн үед багш наадмаар бөх засаж, цолыг нь дууддаг байв. Багшийгаа дуурайж сургууль дээрээ бэлтгэл хийхэд бөхийн цол дуудаж болмоор санагдлаа. Налайх дүүргийн Соёл урлагийн ордны уртын дууны багш Э.Хүрэлбаатар надад уртын дуу анх заасан. Багш нар минь Говь-Алтай аймгийнх. Би “Суварга хайрхан” тахилга наадамд Э.Хүрэлбаатар багшийнхаа дээлийг өмсөж, овооны наадамд бөх анх засаж, малгай барих хувь тохиож билээ. 2016 онд бөх цоллоочдын улсын уралдаанд оролцож, түрүүлсний дараа жилээс улсын наадамд бөх засаж, цолыг нь дуудах болсон. Үүнээс өмнө Б.Батболд багш намайг 2014 онд Монголын үндэсний бөхийн холбооны засуул, жаяг дэгийн багийнхантай танилцуулсан юм. Наадамд дөрвөөс дээш улсын аварга, арслан цолтон гарахад зургаан засуул цол дуудах хуваарьтай байдаг. Тэдний нэг болсноо ховорхон заяах хувь тохиол гэж бэлгэшээдэг шүү.
-Мөрөн дээр тань дэвэн, дэлэх бөхчүүдийн цолыг дуудахад омогшил, бахархал аль аль нь төрдөг байх.
-Бөхийн дэвжээ хийморь сэргээдэг. 2017 оны наадмаар П.Бүрэнтөгс аваргыг улсын арслан цолтой байхад гурвын даваанд цолыг нь анх дуудаж байлаа. Дараа жил нь тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба, 2019 онд улсын аварга С.Мөнхбат, 2020 онд улсын даян аварга Н.Батсуурийн цолыг дуудсан. Бөхчүүдийг дэвжээнд гарч ирэхэд өөрийн эрхгүй огшдог. Бөхчүүдийн цолыг сайхан дуудахад хийморь нь сэргэж, сайн барилддаг юм. Мөрөн дээр минь дэвж, дэлэх улсын аварга, арслан цолтой бөхчүүдийн цолыг олны сэтгэлийг баястал дуудахыг хичээдэг. Би залуу засуул. Барууны дагавар магнайд тавын даваанд цол дууддаг. Зүүний магнайд улсын манлай засуул Б.Батболд багш, барууны магнайд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Т.Хэнбат ах улсын цолтой бөхчүүдийн цолыг дуудна. Дөрвөн зүг найман зовхист байгаа олны анхаарал гурав, тавын даваанд цолоо дуудуулж буй бөх, бөх цоллооч дээр төвлөрдөг. 2019 оны наадмаар С.Мөнхбат аваргын цолыг дуудахад “Сайхан дуудлаа, баярлалаа” гээд урам хайрлаж байв. Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар мөрөн дээр дэвэхэд бяр, хүч нь мэдрэгддэг. Тэр үед “Аваргууд энэ жил даваа өгсөж барилдах нь дээ” гэсэн бодол төрдөг. Засуул тухайн бөхийнхөө алхаа гишгээ, дэвээнд тааруулж цолыг нь дуудна. Ч.Санжаадамба аваргын цолыг дуудахад их сайхан дэвдэг. Тэрбээр цол дуудахыг дуусан дуустал дэвэхэд нь түшигтэй санагддаг юм.
-Та бөхөөс гадна хурдан морины цол дууддаг байх аа?
-Тийм ээ, Э.Хүрэлбаатар багшаас хурдан морины цол дуудахыг сурсан. Сүүлийн жилүүдэд наадмаар түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудах завшаан тохиож байгаа. Өөрийн сурсан эрдмээсээ харамгүй зааж, зөвлөдөг багш нартаа их баярладаг. Бөхийн засуул, цол дуудаачид наадам эхлэхээс сарын өмнө хоолойгоо бэлдэнэ. Нойр, хоол, ажил амралтаа зөв зохицуулахаас авхуулаад дээл хувцсандаа ихээхэн ач холбогдол өгдөг. Наадмын өглөө Б.Батболд багштай СУИС-иар орж, уртын дууны уухайн дасгал хийгээд цэнгэлдэхийн талбайд ирдэг.
-Таны мөрөн дээрээс ямар бөхчүүд улсын цол хүртсэн бэ?
-Тавын даваанд зүүн, барууны 10, 11 дугаартай засуулын мөрөн дээрээс гарах аймгийн арслан цолтнуудыг улсын цолтой бөхчүүд амлаж авдаг. Тиймээс 10, 11 дугаартай засуулын мөрнөөс шинэ цолтнууд голдуу төрдөг юм. Миний хувд тавын даваанд цол дууддаг болохоор шинэ цолтон төрүүлэх боломж ховор. 2017 оны наадмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага Н.Жаргалбаяр миний мөрөн дээрээс улсын заан цол хүртсэн. Тэрбээр улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулж, улсын заан цолны болзол хангаж байлаа.
-Багш тань засах бөх, наадмын дэвжээ, наадамчин олны уур амьсгалыг хэрхэн мэдрэх талаар зөвлөдөг үү?
-Багш мэргэжлийн талаас “ Дуу, хоолойныхоо өнгийг зөв тааруулаарай. Хамаагүй хүчилж болохгүй, амьсгаагаа доош дарж байгаарай. Сэтгэл санаагаа тайван байлгаж тогтуун өнгөөр эхэлбэл цааш сайхан үргэлжилнэ” гэж зөвлөдөг. Ахмад засуулууд бөх засах нарийн дэг жаягийг эрхэмлэнэ. Тэд энгийн үед амьдрал дээр ч түшигтэй. Аавын оронд аав, ахын оронд ах болж, мэддэг, чаддаг зүйлээсээ зааж, сургаал айлддаг. Бөхийн засуулууд нэгнээсээ ялгарах онцлогтой. Тухайлбал, зүүн талын манлай засуул, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Р.Сампилдондов бөхчүүдийн дээл, зодог шуудаг, малгай, гутал урлана. Т.Хэнбат ах хурдан морь цоллоно, Б.Батболд багш уртын дуу дуулж, ерөөл магтаал хэлэх жишээтэй. Ахмад засуулууд тавын даваанаас дээш даваа өгсөж барилдах улсын цолтнуудын цолыг дууддаг тул би долоогийн даваа эхлэхээс өмнө түрүүлж, айрагдсан морины цол дууддаг юм.
-Цэнгэлдэхийн талбайд хурдан морины хүүхдүүд гийнгоон дуу хадааж, унасан хүлэг, уяачийнхаа хамт орж ирэхийг хараад самсаа нь шархирдаггүй монгол хүн ховор шүү дээ.
-Монголчууд түрүүлж, айрагдсан морийг ойроос харж, хөлсөнд нь хүрэхээр тэмүүлдэг. Түрүүлж, айрагдсан хүлгийн цулбуурыг атгаад цолыг нь дуудах сайхан. Тийм үед шандаст хурдан ажнайг хараад сэтгэл огшдоггүй монгол хүн байдаггүй биз. Уухайн түрлэгээр сур, шагайн харваачид нь цэц сорьж, гийнгоон дуугаар хүлэг морьд нь уралдаж, бөхийн цол яруугаар аялгуулан дууддаг ийм өвөрмөц өв соёлтой үндэстэн энэ дэлхийд монголчуудаас өөр байхгүй.
-Бөхийн цолыг хүн болгон дуудаад байдаггүй. Хоолойны хүч чадал, цараа, амьсгааны зөв техник их шаарддаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Монголд алдартай цол дуудаачид бий. Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, бөхийн засуул С.Лонцойдорж, олонд “Ган хоолой” хэмээн алдаршсан Ч.Мягмар, мөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын тож манлай засуул Д.Цогзол гуай гээд нэрлэвэл бий. Одоо С.Батболд багш минь зүүний манлайд бөх засаж, цолыг нь дуудаж байна. Барууны магнайд олны дунд “Лоолой” ардын дуугаар алдаршсан Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар бөх засдаг. Түүний бөхийн цол дуудахыг наадамчин олон сонсох дуртай. Надтай хамгийн ойр байсан хүн бол Монгол Улсын тож манлай засуул, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогзол гуай. Тэрбээр залуу засуулуудад хэрэг болох, хойшид баримталж явах олон зүйлийг зааж, сургасан ачтан. Бидэнд “Наадам дөхөхөөр дуу хоолойгоо сайхан бэлд. Ямар ч үед хүний хэл аманд өртөхгүй, хэрүүл, маргаанаас холхон яв. Архи, тамхинаас аль болох хол байгаарай” захидаг байсан даа.
-Засуул засаж байгаа бөхийнхөө өрсөлдөгчийг хараад хэрхэн барилдах талаар зөвлөж байгаа харагддаг.
-Өнөөгийн бөхчүүдийн барилдаан мэргэжлийн түвшинд хөгжсөн. Тэд хэнтэй хэрхэн барилдахаа сайн мэднэ. Залуу засуулууд зөвлөх тал дээр ахмадуудаа бодвол туршлага дутна. Тавын даваанд барилдахаар гарах залуу бөхийн гар засуулынхаа мөрөн дээр чичирч байгаа нь мэдрэгддэг. Уг нь тайван, хар, хоргүй сайхан барилдаад давж болдог зүйлийг төрийн наадмын цол хүртэх хариуцлагатай даваа гэж бодож сүрддэг тал бий. Тиймээс засуул засаж байгаа бөхийнхөө сэтгэл зүйг өргөж, тайван, сандарч эмээхгүй барилдахыг зөвлөх ёстой байдаг юм.
-Таныг үндэсний бөхийн цол дуудаачдын улсын уралдаанд Налайх дүүргээс оролцогч гэж зарлаж байсныг саналаа.
-Би Төв аймгийн Зуунмод сумд төрсөн. Намайг хүүхэд байхад манайх Налайх дүүрэгт шилжин ирж суурьшсан юм. Наадмаар Налайх дүүрэг, Төв аймгийн бөхчүүдээ дэмжиж, улсын цолд хүрч, цолоо ахиулаасай гэж боддог. Гэхдээ бөхийн засуулд үүрэг, хариуцлага бий. Нутгархаг үзэл гаргахгүй, хамаатан садан, танил тал гэсэн явцуу үзлээс ангид байж, шударга шүүх ёстой гэсэн дүрэм баримталдаг.
-Аав, ээжийн тань удамд бөх, хурдан морины цол дууддаг хүн байдаг уу?
-Манай удамд барилддаг хүн байхгүй. Үеэл ах хурдан морь уяж, наадамд сойдог. Аавыг минь Л.Баасанхүү гэдэг, сайхан дуулна. Нутгийнхаа олонд нэр хүндтэй, найр хуримд уригдаж залагддаг. Би аавынхаа дуулах авьяасыг өвлөсөн. Уртын дуугаар хичээллэсний үр дүнд алдартай бөхчүүд, хурдан морьдын цол дуудаж байна. Наадам эхлэхээс өндөрлөх хүртэл аав, ээж рүү минь найз нөхөд, нутгийн хүмүүс холбогдож, “Хүү тань бөх засаж, цолыг нь дуудлаа” гээд ярьдаг гэсэн. Миний хувьд залуу бөхчүүд, хурдан морины уяачидтай ойр дотно нөхөрлөдөг. Тэд яриа хөөрөөтэй, гүндүүгүй, цайлган зантай. Сайхан хүлэгт сэтгэл татагддаггүй эр хүн гэж хаа байх вэ. Яваандаа адуу малтай болж, наадамд сойх хурдан морьдтой болох санаа бий. Энэ жилийн наадам нартай, хуртай, дуутай, хууртай сайхан болох шинжтэй. Энэ ташрамд, Монгол түмэндээ болон наадмын дэвжээнд зодоглох бөхчүүд, мөн бөхийн засуул, цол дуудаачдад, Монголын үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн багийхан, Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумын зон олон, аав ээж, гэр бүл, ах дүүс, багш нар, найз нөхдөдөө Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баярын мэнд дэвшүүлье, сайхан наадаарай.