Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.
Тэрбээр Монголын үндэсний радио, телевизэд тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөж, мэдээ нийтлэл, сурвалжилга, нэвтрүүлгийн чанар, хүртээмжийг сайжруулах талаар идэвх санаачилга гарган ажиллаж, телевизийн эфирт 500 гаруй мянган цагийн нэвтрүүлэг уншиж нэвтрүүлэн, чөлөөт, ардчилсан, хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд оруулсан хичээл зүтгэл хийгээд хэвлэл, мэдээллийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.