УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг анх удаа санаачилж, өргөн мэдүүлээд буй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэгддэг Ж.Мөнхбат, “Сахил хүртээд шал дордов” гэгчээр УИХ-ын Ёс зүйн дэд хороог Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болтол нь удирдчихаад “сахилгагүй” гишүүдээ “хүмүүжүүлдэггүй”, толгойг нь илсээр ирсэн хэмээн шүүмжлүүлдэг Б.Бат-Эрдэнэ, авлигын хэрэгт холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай ерөнхий прокурорын тогтоол хүлээж авсан ч тогтож үлдээд буй Ё.Баатарбилэг нарын гишүүн төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зохицуулах хуулийн төсөл санаачилсан нь санаанд багтахгүй байна. Өөрсдөө ёс зүйн хувьд асар их доголдолтой харагддаг, нэрээ нэгэнт сэвтүүлчихсэн хүмүүс өрөөлийг ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байлгах зарчим, бодлогыг төсөлдөө “суулгасан” гэж төсөөлөхөд бэрх аж.
Төслийг санаачлагчдаас нь ангид авч үзвэл, үндсэндээ төрийн албаныхны ёс зүйн асуудлуудыг нэгдмэл байдлаар зохицуулсан, ерөнхий хууль баталж, бүх албан хаагчийн сахин мөрдөх нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоон, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулах гэнэ. Ташрамд дурдахад, Япон, БНСУ, Тайвань улс нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг бие даасан хуулиар зохицуулдаг юм байна. Тэр бүр хууль болгон батлаад байдаггүй, байгаа дүрмээ биелүүлдэггүй манай дарга, “цэрэг”-ийн аль алиныг нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэр “хүмүүжүүлэх” бол.
Гэхдээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон гишүүн, Ерөнхий сайд, сайд, Үндсэн хуулийн цэцийн дарга (гишүүд), бүх шатны шүүгч, прокурор, бүх шатны ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн ёс зүйн хэм хэмжээг холбогдох хууль, тогтоомжоор зохицуулах нь зүйтэй гэж үзэж буй юм байна. Тодруулбал, шүүгч, прокуророос бусдынх нь ёс зүйн хэм хэмжээг тусгайлан заагаагүй, эсвэл хэт ерөнхий байдаг гэж үзэн, одоогийн хууль, тогтоомжид нь нэмэлт, өөрчлөлт оруулан, сайжруулах ёстой гээд дээрх төсөлд хамааруулахгүй аж.
Уг нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, сахилгын хариуцлагыг Төрийн албаны тухай хуулиар хүлээлгэж ирсэн. Тодруулбал, улс төрийн болон төрийн тусгай албан тушаал эрхэлж буй этгээдийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор, захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлж буй албан хаагчийнхыг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн, Засгийн газар тогтоох ёстой.
Улс төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хуулиар тогтоохоор заасан ч өнгөрсөн онд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсныг эс тооцвол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд, бүх шатны Засаг дарга, түүний орлогчоос авхуулаад тусгайлсан дүрэм одоогоор алга. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, гааль зэрэг төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн дүрмийг салбарын хууль, тогтоомжоор мөрдүүлж байгаа ч хэм хэмжээнийх нь төрөл харилцан адилгүй, хариуцлага хүлээлгэх журам нь өөр өөр буй. Энэ хэрээр хэрэгжилт нь хангалтгүй, биелүүлдэггүйг шүүмжилдэг. Үнэндээ УИХ-ын гишүүд нь ч дүрэмгүй мэт аашилдаг нь нууц биш. Мөн Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан. Ингээд харвал төрийн албан хаагчийн ёс зүйг сахиулах гэсэн хууль, дүрэм цөөнгүй аж. Гэвч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлага сул, нэр хүндгүй болж байгаа нь үнэн.
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газраас авхуулаад яам, агентлаг гээд “төрийн” тодотголтой байгууллагууд Ёс зүйн зөвлөл ажиллуулж, албан хаагчдынхаа хэм хэмжээг хянаж, зохицуулах учиртай. Эдгээр зөвлөлийн өнгөрсөн оны тайлангаас харвал 1422 албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг дурдсан байна. Гэхдээ зөвлөлийн тоо, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, эсэх нь тодорхойгүй байдгийг Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайланд тэмдэглэснийг онцолъё. Тэгвэл төрийн албан хаагчийн ёс зүйг сахин мөрдүүлэх, зөвлөлүүдийг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулахаар дээрх төсөлд тусгажээ. Улмаар тус хорооны бүрэлдэхүүн, түүнд тавигдах шаардлага, томилох, ажиллах журмыг нь УИХ батлах аж. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зөвлөх, дэд сайд, УИХ-ын даргын болон Ерөнхий сайдын зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, улс төрийн бусад албан тушаалтны ёс зүйтэй холбоотой гомдлыг Ёс зүйн хороо харьяалан шийдвэрлэхээр заасан байна. Харин тус хорооны гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо хянаж, шаардлагатай тохиолдолд санал, дүгнэлтээ УИХ-д танилцуулахаар заажээ. Ингэхдээ Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх тайланг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд жил бүр илгээж, хэлэлцүүлэхээр тусгасан байна.
Юутай ч Ёс зүйн зөвлөлүүдийн “дээр” хороо байгуулах нь. Ерөнхийдөө зөвлөлүүд нь төрийн албан хаагчийн ёс зүйг сахиулах чиг үүргээ хэрэгжүүлэх бололцоо муутай, үйл ажиллагааных нь үр дүнг тооцоход хэцүү гэх гомдлын мөрөөр “мэндлэх” хороо бололтой.
Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн жилийн тайлангаас харвал, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, хариуцлага алдсан 196, албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурсан 37, удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй 48, цаг ашиглалтын 46, харилцаа, хандлагын 163, хууль, дүрэм, журам зөрчсөн 108, бусад буюу нууц задруулах, захирах, захирагдах ёсыг зөрчсөн, албаны нэр барих, байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашигласан зэрэг 15 зөрчил бүртгэгджээ. Улмаар албан хаагчдад зохих хариуцлага ногдуулсны 465 нь сануулах, 131 нь уучлал гуйхыг үүрэг болгосон, 17 нь холбогдох хууль тогтоомжийн дагуу бусад хариуцлага хүлээлгэсэн байна. Архи уухыг хориглож, албан үүргээ гүйцэтгэхдээ хэрхэн биеэ зөв, зохистой авч явахыг зааснаас авхуулаад олон зохицуулалтыг дээрх жагсаасан байх аж. Харин хүлээлгэх хариуцлагын хувьд олон хэлбэр, шатлалтай байхаар тусгасныг төслөөс харж болох нь. Тухайлбал, өдгөө мөрдөж буй Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд уучлал гуйхыг үүрэг болгох, сануулах гэсэн хоёр л арга хэмжээ авахаар буй.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслөөс
Тавдугаар бүлэг. Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх 15 дугаар зүйл. Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх
15.1. Хуульд өөрөөр заагаагүй бол томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдалд нийцүүлэн дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:
15.1.1. хамт олноос, гомдол гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;
15.1.2. өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
15.1.3. нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
15.1.4. төрийн албанаас халахыг сануулах;