Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан “Улаанбаатар марафон-2022”-т өнгөрсөн бямба гарагт 20 мянга гаруй хүн оролцож, тэдний дотор Монгол Улсын нэр хүндтэй болон гадаадын 26 орны 150 орчим тамирчин гүйлээ. Энэхүү марафоныг 2014 оноос жил бүр зохион байгуулж буй. Тэр үеэс оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсэн юм. Уг марафонд анх 16 839 иргэн оролцсон бол 2015 онд эл тоо 18 085, дараа жил нь 25 000, 2017, 2018 онд 30 000-д хүрч байжээ. Тэгвэл 2019 онд нийслэлчүүдээс гадна орон нутаг, Монголд ажиллаж, амьдардаг гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлтийн спорт сонирхогч, мөн тив, дэлхийн тэмцээнд өрсөлддөг мэргэжлийн тамирчид гээд 32 000 гаруй хүн хурд сорьж байв.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” зохион байгууллаа. Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз “Монголчуудын хувьтай хүн хурнаар гэдэгчлэн бороотой өдөр Европын Холбооны гишүүн орнууд, боловсрол, соёлын байгууллагууд 70 асарт Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тухайн улсыг төлөөлөх бараа, бүтээгдэхүүнийг сурталчилж, олон нийтэд мэдээлэл хүргэж байна” хэмээн тодотгов.