Монголчууд яг ийм байдлаар талцан хэрэлдсээр, залуусын хөдөлмөр эрхлэлтэд онцгой “анхаарал хандуулсаар” иржээ. Цаашид энэ асуудалд жинхэнээсээ анхаарахгүй бол хөдөлмөрийн зах зээл дэх залуусын идэвх оролцоо жилээс жилд буурч, ажлын бүтээмж, эдийн засгийн үр өгөөж улам муудаж болзошгүй нь. Энэ анхааруулгыг Зүүн Өмнөд Азийн улс орнуудад 2013 оноос хойш үйл ажиллаа явуулж буй “Лоринэт” сангийнхан өглөө. Зорилтот бүлгийн бага насны хүүхдүүдийн боловсролыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой тус байгууллагынхан манай улсад “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал” судалгаа хийхэд таагүй үзүүлэлт, статистик цөөнгүй гарчээ.
Цөөн жишээ дурдъя. Одоогийн байдлаар манай улсад 15-29 насны 720 624 иргэн бий аж. Энэ насны залуучууд хүн амын 21.5 хувьтай тэнцэж буй ч нийт ажилгүйчүүдийн 41 хувийг эзэлдэг гэнэ. Тодруулбал, 15-29 насны таван хүн тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн ангилалд багтаж байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин долоон хувьтай байгаа бол дээрх насныхны дунд 12.6 хувьтай гарчээ. Эхний таагүй үзүүлэлт нь энэ. Удаах нь албан бус хөдөлмөр эрхлэлт.
15-19 насныхны дунд тус үзүүлэлт хамгийн өндөр байна. Тэдгээрийн 80 орчим хувь буюу 170 мянга нь албан бус хөдөлмөр эрхэлдэг. Харин 20-29 насны залуучуудын 30 гаруй хувь нь ийм ажил хийдэг. Албан бус хөдөлмөр эрхлэгч гэдэг нь албан бус ажлын байртай, хөдөлмөрийн харилцаа нь хууль эрх зүйн хүрээнд зохицуулагдаагүй, нийгмийн хамгааллын үйлчилгээ (тэтгэмж, ээлжийн амралт гэх мэт) авах эрх нь хязгаарлагдсан хүмүүсийг хэлдэг. Олон улсын байгууллагуудын судалж, тогтоосноор бол энэ төрлийн хөдөлмөр эрхлэлт нь хүн амын боловсрол, амьдралын түвшин, хөдөлмөрийн харилцааны талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдалтай салшгүй холбоотой гэнэ. Тэгэхээр 80 хувь гэдэг утга, 170 мянга хэмээх тоо яалт ч үгүй таагүй үзүүлэлт болж байна.
Удаах асуудал нь урвуу хамаарал. Хүн амын бичиг үсэг тайлагдсан байдал, боловсролын түвшин зэрэг нь хөдөлмөр эрхлэлтэд чухал нөлөөтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, боловсролын түвшин сайн байх тусам хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ нэмэгдэж, ажилгүйдэл буурдаг “хуультай”. Гэтэл дээрх насныхны дунд урвуу үзүүлэлт ажиглагджээ. Залуучуудын олонх буюу 63 хувь нь бүрэн, бүрэн дунд боловсролтой бол 25 хувь нь их, дээд сургууль, коллежид суралцсан байна. 6.2 нь техникийн болон тусгай мэргэжил эзэмшсэн, дөрөв нь бага боловсролтой, 1.8 хувь нь боловсролгүй ангилалд багтжээ. Энэ нь үнэмлэхүй эерэг үзүүлэлтэд тооцогдох боловч хөдөлмөрийн зах зээл дэх залуусын бодит оролцоо, идэвх туйлын хангалтгүй байгааг судлаачид онцлов.
Бас нэг зүйл анхаарал татсан нь NEET. Neither in employment nor in education training хэмээх ойлголтод боловсрол, ажил эрхлэлт, сургалтад хамрагдаагүй иргэдийг багтаадаг. 15-29 насны 720 мянган залуусын 20.7 хувь буюу 146 мянга гаруй нь хөдөлмөр эрхлээгүй болон суралцаагүй гэсэн ангилалд багтаж байгаа нь санаа зовох асуудал мөн гэдгийг дээрх сангийнхан судалгаандаа дурдаад, “Эл үзүүлэлт өндөр байх тусам эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Монгол Улс эдийн засгийн идэвхгүй хүн амын дунд эзлэх залуучуудын тоог бууруулахад анхаарах шаардлагатай” гэжээ. Тогтвортой хөгжлийн наймдугаар зорилтод “Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүрэн бөгөөд бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” хэмээн тусгасан нь ч үүнтэй холбоотой гэдгийг тодотгов.
Манай улсад ямар боломж, давуу тал бий, мөн юу саад тотгор болж байгаа талаар судлаачид “Монгол бол хөдөлмөрийн зах зээлд харьцангуй “залуу” орон. Нийт хүн амынх нь 63 орчим хувь нь 35-аас доош насныхан. 15-35 насны иргэд хүн амын 30.7 хувийг эзэлдэг. Зохистой бодлого, зохион байгуулалтаар дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан ажиллах хүчнээ бэлтгэж чадвал хүн ам зүйн энэ бүтцээ эдийн засгийн өсөлтийг хангах давуу тал болгон ашиглах бүрэн боломжтой.
Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хараат байдал, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөний эрчим, хүн амын бөөгнөрөл, эрс тэс уур амьсгалаас улбаатай улирлын чанартай хөдөлмөр эрхлэлт зэрэг нь Монголын хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоонд асуудал үүсгэж байна. Үүний улмаас ажиллах хүчний оролцоо буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэн, албан бус хөдөлмөр эрхлэлт өсөж, жендерийн тэгш бус байдал гааран, эмзэг бүлгийн хүмүүсийн боломж хязгаарлагдсаар байгаа” гэж онцлов.
“Лоринэт” сангийнхан “Ажилгүйчүүдийн 40 гаруй хувийг залуус эзэлж байгаа нь Монголд ажлын байр хомс гэдгийг харууллаа. Залуучууд ажилгүйдэлд илүү өртөмтгий” гэж дүгнэснийг зарим хүн үгүйсгэж байна. Залуучуудын дунд ажилгүйдэл их байгаа нь маргаангүй боловч үүнийг дан ганц ажлын байрны хомсдолтой холбож үзэх боломжгүйг хөдөлмөр зуучлалын “Алтан тэнхлэг” компанийн менежер, судлаач Х.Ганхуяг хэлсэн юм. Тэрбээр цөөн хоногийн өмнө болсон, шилдэг ажил олгогч байгууллагуудыг шалгаруулах “Good workplace awards” арга хэмжээний үеэр энэ талаар хөндсөн бөгөөд “Залуус тогтвортой ажлын байранд очтолоо маш олон сорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна. Ажил олгогчийн зүгээс тавих хатуу шаардлага, ажлын байрны орчин нөхцөл, цалин, урамшуулал зэрэг олон зүйл тэдний сэтгэлд нийцдэггүй. Нөгөөтээгүүр, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэх чанартай сургалтын тогтолцоо манай улсад бүрдээгүй нь хөдөлмөрийн зах зээлийн үр ашигт байдлыг бууруулдаг. Ажил олгогч болон ажилтан хоёрыг ойлголцуулж, түншлүүлэхийн тулд төр бодлогоор зохицуулахаас аргагүй. Монголд ийм бодлого дутагдаж байна. Засгийн газар 2022, 2023 оныг залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосон. Үүний хүрээнд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг тогтолцоогоо эргэж харах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах” гэлээ. Харин дээрх сангийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тамир боловсон хүчин бэлтгэх үйл явцад ажил олгогч, боловсролын байгууллага гар нийлэн, хамтран ажиллах ёстой гэсэн санал дэвшүүлэв. Тэрчлэн ажлын байран дахь залуусын зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэжээ.
Өдгөө бид “Монголд ажлын байр элбэг, хомс” хэмээн талцан маргалдахын оронд залуус ямар учраас хөдөлмөрөөс зугтаж байна вэ, тэд яагаад эдийн засгийн идэвхгүй хүн амын тал хувийг бүрдүүлэх болов гэдгийг нухацтайгаар бодож, шалтгааныг нь олж тогтоон, оновчтой бодлого хэрэгжүүлэх цаг иржээ. Үгүй бол ажилгүйчүүдийн эгнээ залуусаар дүүрэх нь.