Монголчууд хариуцлагатай уул уурхайг бий болгоё хэмээн яриад цөөнгүй жил болж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд дан ганц уул уурхайн компаниудын оролцоо хангалтгүй. Бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангагч, хяналт тавигч шат шатны байгууллагууд чухал үүрэгтэй. Гэвч иргэдийн нийтлэг хандлага нь газар шороо ухаж буй бүхэн л муу муухай гэсэн хэвшмэл өнцгөөс харж, уул уурхай эрхлэгчдийг нэлэнхийд нь буруутгадаг. Асуудлыг өргөн хүрээгээр нь хардаггүй. Энэ салбарт мөрдөж буй хууль, журам хэр сайн бэ, хоорондоо авцалддаг уу, хяналт шалгалтын чанар ямар байна вэ, холбогдох байгууллагынхан үүргээ гүйцэтгэдэг үү зэрэг тогтолцооны асуудалтай холбоотой зүйлсэд тоомжиргүй, хайнга ханддаг. Оксфордын их сургуулийн Байгаль, нийгэм, хүрээлэн буй орчны засаглалын их сургуулийн магистрын хөтөлбөрийн захирал, эксперт бүсгүйтэй өнгөрсөн жил ярилцах завшаан тохиосон юм. Монголын уул уурхайн өнөөгийн байдал ямар байна вэ гэж түүнээс асуухад “Салбарын хөгжил, нэр хүндийг хойш чангааж буй гол алдааг засах хэрэгтэй. Тэр бол хууль, журмын чанар. Монголын Засгийн газар уул уурхайн холбогдох хуулийг сайжруулж, журмаа чангатгах хэрэгтэй. Хууль, журам сул учраас эл салбарын хөгжил тогтворгүй байна. Хоёрдугаарт, хяналт шалгалт, үнэлгээний чанарыг сайжруулах шаардлагатай. Уул уурхайнханд зөрчил гаргах “боломж” олгодог таатай тогтолцоог хэр - хэвч бүрдүүлж болохгүй” хэмээн хариулсан юм.
Монголд ирэн очин байдаг, нүүдлийн мал аж ахуй, уул уурхайн салбарыг хослуулан авч яваа манай орныг ихэд сонирхон тууштай судалж буй туршлагатай шинжээч ийнхүү товч дүгнэсэн. Харин манай улсын хэсэг хуульч, судлаач эл дүгнэлтийг нэгэн судалгаагаар бататгаснаа саяхан танилцууллаа. Тодруулбал, хуульч, өмгөөлөгч, судлаач Б.Солонгоор ахлуулсан баг “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “Уул уурхайн салбар дахь хяналт шалгалтын тогтолцоо, үр нөлөө” сэдэвт судалгаа хийгээд байна. Уул уурхайн салбар дахь хяналт шалгалт, тэдгээрийг хэрэгжүүлэх байгууллагуудын эрх, үүргийг зөвхөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар бус, Ашигт малтмалын, Байгаль орчныг хамгаалах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх зэрэг олон хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хууль хоорондоо, тэр дундаа Төрийн хяналт шалгалтын тухай хуультай хэрхэн уялдаж байгааг, ямар нэг зөрчил, давхардал бий, эсэхийг нарийвчлан судалсан нь үгүй гэнэ. Тиймээс тэд энэ чиглэлд анхаарал хандуулжээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд тусгаснаар бол Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг хяналт шалгалт хийх эрх бүхийд тооцдог. Эндээс шат шатны олон байгууллага хяналтын тусгай эрхтэй гэж ойлгогдохоор буй юм. Иргэд ч тэгж ойлгодог. Гэвч эдгээрийн дийлэнх нь бэлгэдэл төдий, мэдээлэл дамжуулах, дүгнэлт үйлдэхээс хэтрэхгүй хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсаар иржээ. Хуулийн зохицуулалт нь тийм, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын дийлэнх журам эдгээр байгууллагад хамаардаггүй учраас тэр гэнэ. Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд мэргэжлийн хяналтаас бусад төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шалгалт хийх үед мөрдөх журам, үйл явцыг зохицуулалгүй үлдээсэн байдаг. БОАЖЯ, АМГТГ зэрэг байгууллагынхан хяналт шалгалт хийлээ гэхэд эл хуулийн хүрээнд бус, бусад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, өөрийн байгууллагын удирдах албан тушаалтны удирдамжийн дагуу шалгалт явуулдаг. Тэгвэл үүнийг судлаа¬ чид хуулийн хийдэл, алдаа гэж дүгнэжээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар бүрэн эрх, үйл ажиллагааны журам нь хамгийн тодорхой зохицуулагдсан байгууллага нь мэргэжлийн хяналт гэнэ. Харин бусад байгууллагын хувьд хуульд эрх бүхий хэмээн тодорхойлсон ч хяналт шалгалтыг хэрхэн явуулах, үр дүнг нь яаж баталгаажуулах, хууль бус үйлдэлд ямар арга хэмжээ авах, хариуцлага тооцох гэх мэт асуудал тодорхойгүй байгаа нь уул уурхайн салбарт зөрчил гаарах үндсэн шалтгаан болж, үйл ажиллагааных нь үр нөлөөг сааруулан, мэргэжлийн хяналтын байгууллагад зөвлөн туслах байдлаар ажиллахад хүргэдэг гэжээ.
Уул уурхайтай холбоотой ямар нэг асуудал үүсэхэд иргэд нэн түрүүнд БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ-т ханддаг. Орон нутгийнхан бол ЗДТГ-т зарга мэдүүлдэг. Гэвч эдгээрийн аль аль нь зөрчлийг баталгаажуулах, таслан зогсоох, газар дээр нь шуурхай арга хэмжээ авах, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаат үүрэг даалгавраар биелэлтийг хангуулах чадамжгүй аж. Тэр байтугай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын захирамжаар байгуулсан хяналт шалгалтын ажлын хэсгийнхэнд ч ийм эрх байдаггүй бөгөөд илэрсэн зөрчил дутагдлын талаар дүгнэлт гаргах хэмжээнд л ажилладаг байна. Тэд зөрчилтэй холбоотой мэдээлэл, дүгнэлтийг МХЕГ, нийслэл болон орон нутгийн Мэргэжлийн хяналтын газарт уламжилж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан, хамтарч ажилладаг гэнэ. Судлаачид ийм жишээ олныг дурдаад, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит компанид сүүлийн дөрвөн жилд төрийн захиргааны ямар нэг байгууллагаас огт хяналт шалгалт хийгээгүйг онцлов. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавина, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна гэж заасан ч “зөрчил арилгуулах арга хэмжээ” гэдэгт чухам юуг хамааруулах нь бас тодорхойгүй. Үүнийг холбогдох байгууллагын хүмүүс практикт янз бүрээр “хөрвүүлэн” хэрэглэдэг, зарим нь огт хэрэгжүүлдэггүй гэнэ. Тэрчлэн Ашигт малтмалын тухай хуульд “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавина” хэмээн тусгасан ч үүнийг хэрэгжүүлэхдээ ямар журам мөрдөхийг мөн л гээгдүүлжээ.
Засгийн газрын 2020 оны 03 тоот тогтоолоор байгуулсан, хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх, байгальд учрах хохирлыг бууруулах үндсэн зорилготой нэгж болох Экологийн цагдаагийн албаныхны хууль бус олборлогчидтой тэмцэх эрх хязгаарлагдмал юм байна. 68 суманд мөрдөн байцаагчтай тус алба Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн хүрээнд, Зөрчлийн тухай хуулийн 7.15.8 дахь хэсэгт тусгасанчлан усны сан бүхий газарт хог хаясан, тээврийн хэрэгсэл болон бохир зүйл угаасан, эсхүл усны нөөц бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчлийг л шалган шийдвэрлэх эрхтэй аж. Харин Ашигт малтмалын, Байгаль орчныг хамгаалах, Зөрчлийн тухай хууль зөрчин уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг ахуйн нэгж, бичил уурхай эрхлэгч болон хувь хүмүүстэй холбогдох хэргийг шалган шийдвэрлэх эрхгүй, зөвхөн энэ талаарх мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор хүргүүлэх үүрэг гүйцэтгэдэг гэх.
Судлаачид энэ бүхэн үндэслээд уул уурхайн салбарын гол хуулиудад хяналт шалгалтын асуудлыг гоомой, хөнгөн хуумгай “авч үзсэн” гэж дүгнэжээ. Энэ нь төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг давхардах, тодорхойгүй байдал үүсэх нөхцөл шалтгаан болсон гэж “оношилсон” байна. Хариуцлагатай уул уурхайг бий болгоё, байгаль орчноо хамгаалъя гэвэл хууль эрх зүйн орчин дахь энэ “цоорхой”-г, тогтолцооны гажуудлыг юуны түрүүнд анхаарах шаардлагатай аж.
Одоогийн энэ зохицуулалтыг цаашид ч баримтална гэвэл МХЕГ-ын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, хяналт шалгалтын үр нөлөөг сайжруулахад анхаарах хэрэгтэйг судалгаанд онцолжээ. Тус байгууллагын Шилэн дансанд төлөвлөгөөт бус шалгалттай холбоотой ямар нэг мэдээлэл байдаггүй нь, улсын хэмжээнд буй эвдэрсэн газрын 60 орчим хувь нь уул уурхайгаас үүдэлтэй, нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ сүүлийн жилүүдэд илт буурсан, хайгуул, олборлолттой холбоотой зөрчил тасрахгүй байгаа зэрэг нь тус байгууллага хэр түвшинд ажилладгийг илтгэх “үзүүлэлт” гэдгийг ч тодотгосон байлаа.