Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын ачаа эргэлтийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын дэд хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөв. Замын-Үүд-Эрээний авто замын боомтоор хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 3964 тонн ачаа татан авчээ. Одоогоор улсын хэмжээнд есөн боомт ажиллаж буй аж. Мөн Гашуунсухайтын боомтод өдөрт 100-160 орчим тээврийн хэрэгслээр экспорт, импорт хийж байгаа гэнэ. Замын-Үүдийн авто замын боомтоор өдөрт 50-65 чингэлэг тээвэр нэвтрүүлж, хоосон 20-35 чингэлгийг ариутган Эрээн рүү буцааж буй юм байна. Үүнээс гадна ЗТХЯ болон бусад байгууллага, Монголын тээвэр, зуучийн холбоо хамтран “Open platform” үүсгэхээр тохиролцсон аж. Манай улсад тээвэр, зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй аж ахуйн нэгж байдаг. Одоогоор “Open platform”-д нэгдэхээр 40 орчим нь саналаа ирүүлсэн бөгөөд үүнийг үүсгэснээр тээвэр зуучийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой, үнэ тариф нь тодорхой байх давуу талтай гэнэ.