Нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ. Мэдээллийнх нь дагуу Цэц маргаан үүсгэчихэж. Улмаар Дээд шүүхийн эхлүүлээд байсан, Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлэв. Тэгсхийгээд Үндсэн хуулийн цэц эл маргааныг хянан хэлэлцэх дунд суудлын хуралдаанаа товлох биз.
Иргэний гаргасан мэдээллийн агуулга юу байв. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, өдгөө даргаар нь ажиллаж буй Н.Чинбатын оронд томилох хүнийг нэр дэвшүүлэх ажиллагааг түүнийг санал болгон, томилуулсан Дээд шүүх эхлүүлээд байсан. Тэтгэвэрт гарах насанд түүнийг хүрсэн гэж үзэж, дараагийн гишүүний эрэлд гарч буйгаа ч тус байгууллага хэвлэлийн мэдээгээрээ дамжуулан уламжилсан юм. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж заасныг үндэслэл болгосон хэрэг. Тэгвэл дээрх заалтад дурдсанаар “чөлөөлөгдөж болно” гэсэн нь чөлөөлөхгүй ч байж болно гэсэн үг хэмээх агуулгыг мэдээлэл гаргасан иргэн үндэслэл болгожээ. Тэтгэврийн насанд хүрсний улмаас Цэцийн гишүүнээс чөлөөлөх, эсэх тухай асуудал дөнгөж одоо ч сөхөгдөж байгаа юм биш л дээ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан иймэрхүү шүүмжлэлд ээрүүлж л явсан. Тэрбээр 1992-2018 онд Цэцийн гишүүнээр тасралтгүй дөрвөн удаа томилогдож, даргаар нь ч нэг бус удаа сонгогдсон нэгэн. Хамгийн сүүлд буюу 2011 онд томилогдохдоо Н.Жанцан 63 настай байсан юм. Эл албанд 26 жил ажиллаж, 70 настайдаа халаагаа өгсөн түүнийг зарим талаар хамгаалж байсан зүйл нь дээр дурдсан, “чөлөөлөхгүй ч байж болно” гэх агуулгатай заалт.
…Гэвч Үндсэн хуулийн цэц эл маргааныг хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татаж байна. Нэг гишүүнийг нь, бүр тодруулбал даргыг нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх, эсэхийг тэд өөрсдөө шийдвэрлэх нь…
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбатын хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр 65 нас хүрсэн юм билээ. Харин Дээд шүүх Цэцийн гишүүнд нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авах тухайгаа арванхоёрдугаар сарын 8-нд цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Ингэхдээ Шүүхийн тухай хуулийн 25.8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах”-аар эл ажиллагааг эхлүүлж буйгаа онцолсон. Үндсэндээ Дээд шүүх санал болгон, томилуулсан гишүүдийнхээ төрсөн өдөр, насыг алдалгүй хянан, анаж байгаад Н.Чинбатыг 65 нас, нэг сартай болохоос нь өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлсэн шиг байгаа юм. Энэ бол мэдээлэл гаргасан иргэний нэг үндэслэл.
Нөгөөх нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, гишүүн Н.Чинбатын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дуусаагүй байхад түүнийг чөлөөлөх гэж нэр дэвшүүлэх ажиллагаа явуулж эхэлсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж нэр бүхий иргэн үзжээ. Түүнийг 1998 онд УИХ, 2017 оны зургадугаар сард Дээд шүүх санал болгосноор Цэцийн гишүүнээр томилсон. Бүрэн эрхийн хугацаа нь 2023 онд дуусахаар байгаа юм.
Сонирхуулахад, энэ онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар буй нэг гишүүн бол Үндсэн
хуулийн цэцэд байгаа нь Д.Одбаяр. Түүнийг 2016 онд УИХ-аас санал болгосноор томилсон. Харин Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг 2018, Г.Баясгаланг 2019 онд эл албанд илгээжээ. Өнгөрсөн жил Цэцийн гишүүн болсон хоёр хүн байгаа нь Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар. Сүүлд томилогдсон хоёр гишүүнийг эс тооцвол бусад нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгахад 60 насыг хэдийн давчихсан байхаар буй. Магадгүй тэднийг Цэцийн гишүүнээр дахин томилбол Н.Чинбаттай адил тэтгэврийн насны дээд хязгаартай нүүр тулж, өнөөдрийнх шиг асуудал үүсгэж мэднэ.
Цэцийн гишүүний тэтгэврийн нас тойрсон маргаан дахиад дэгдэх нь. Гэвч Үндсэн хуулийн цэц эл маргааныг хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татаж байна. Нэг гишүүнийг нь, бүр тодруулбал даргыг нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх, эсэхийг тэд өөрсдөө шийдвэрлэх нь. Анхаарууштай нь, 2016 онд Цэц үүнтэй холбоотой томоохон шийдвэр гаргасан юм. Үр дүнд нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэх заалт үлдсэн билээ. Сануулбал, тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилснаар ийм заалт бүхий өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан бөгөөд гишүүд нь хэд ч хүртлээ ажиллаж болох зохицуулалттай байсныг тэтгэвэрт гарах дээд насаар хязгаарласан нь энэ. Гэхдээ эл заалт амаргүй замыг давж, хуульдаа үлдсэн. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сард уг хуулийг баталсны дараа нэг бус иргэн Цэцэд мэдээлэл гаргасны дагуу маргаан үүсгэсэн юм. Ингэхдээ дээр дурдсан 4.4 дэх заалт нь өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Цэцийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх үндэслэл болж байна гэж иргэдийн тавьсан үндэслэлийг хүлээж аваагүй. Мэдээлэл гаргасан иргэдийн зүгээс эл зохицуулалт нь Үндсэн хуулийн 65.1 дэх хэсгийн, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх талаарх зохицуулалтыг зөрчсөн хэмээн үзэж, “Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг ийнхүү Үндсэн хуулиар зохицуулсан нь түүнийг аливаа шударга бус үндэслэлээр бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох явдлаас хамгаалсан заалт юм. Хэдийгээр УИХ хууль тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэх ч баталсан хууль, тогтоомж нь Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн, түүний хяналтыг үгүйсгэсэн, хязгаарласан байж хэрхэвч болохгүй. Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж байгаа гишүүдийг хугацаанаас нь өмнө олноор нь чөлөөлөх замаар Цэцийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг объектив байдлаар хязгаарлан, хяналт тавих боломжийг шууд үгүйсгэсэн зүй бус үйлдэл” хэмээн үндэслэл тавьж байсныг зургаан жилийн өмнөх шийдвэрүүдээс харж болно. Харин Цэц дээрх заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн юм.
Гэхдээ үүнтэй хамт Цэцийн хуралдаанаар “орсон” олон заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгосон. Х.Тэмүүжин гэх “автор”-тай, Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгасан дэвшилт цөөнгүй заалтыг хүлээж аваагүй. Тухайлбал, Цэцийн гишүүнийг нэг л удаа улираан томилж болох заалт 2016 оны нэгдүгээр сард баталсан хуульд байсан ч Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж хүчингүй болгосон. Ингэснээр Цэцийн гишүүнээр хэдэн ч удаа томилогдож, тэнд “тавилга” болтлоо байх зохицуулалт хэвээр үлдсэн юм.
Түүнчлэн Цэцийн хуралдааны тэмдэглэлийг ил тод болгох зохицуулалт оруулж, “Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө”, “…хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана” гэсэн заалтыг Үндсэн хуулийн 64.2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, 64.3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэснийг зөрчиж байна гэж үзэж, хассан түүхтэй.