Дархлаажуулалтад хамрагдаагүй эрсдэл бүлгийн 12-оос доош насны хүүхдүүд омикрон хувилбараар өвдөх магадлал өндөр байгааг албаныхан мэдээлсэн. Мөн томуу, томуу төст өвчинтэй хавсарч өвдвөл хүндрэх эрсдэлтэйг ч мөн мэргэжилтнүүд хэлж буй. Тэгвэл халдвар авсан хүүхдүүдэд ямар хүндрэл гарч байгаа болон өвчлөөд эдгэрсний дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, Шинэ анагаах ухааны их сургуулийн багш Э.Өнөржаргалтай ярилцлаа.
-Халдвараар удаа дараалан өвдсөн тохиолдол бүртгэгдсэн үү. Тэдэнд ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна вэ ?
-Коронавирусээр 2-3 удаа дараалан өвдсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Дахин халдвар авсан иргэдэд тусгайлан хийх эмчилгээ гэж байхгүй. Өмнө нь ямар эмчилгээ хийсэн түүнийгээ хийдэг. Өөрөөр хэлбэл, ковидын аль ч хувилбарт эмчилгээ адилхан гэсэн үг.
-Халдвар авсан хүүхдүүдэд ямар хүндрэл гарч байна вэ?
-Халдвар авсан хүүхдийн тоо насанд хүрэгчдээс их байна. Улирлын томуу өвчний үед ч хүүхдүүд ихээр хэвтэн эмчлүүлдэг. Ялангуяа, омикрон хувилбарын үед хүүхдүүд их ирлээ. Хүүхдүүдийн хувьд томчуудыг бодвол хурдан хүндэрч байна. Ерөнхийдөө дархлаанаас хамаарч харилцан адилгүй шинж тэмдэг илэрч буй.
Мөн халдвар авсан хүүхдээ дур мэдэн гэрээр эмчилж, өвчнийг нь хүндрүүлээд байна. Иймд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмнэлэгт хандан, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.
-Сэргээн засах эмчилгээг ковидоор өвдсөн хүн бүр хийлгэх үү?
-Өвдөөд эдгэсэн хүмүүсийн 70 хувьд нь хий ханиах, цэртэй ханиах, хөлрөх, цээжээр өвдөх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч буй. Эдгээр шинж тэмдгүүд удаан үргэлжлэх нь мэдээж сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, ковидын дараах хоруу шинж чанарыг бий болгох эрсдэлтэй.
Иймд ковид хөнгөн тусаад ковидын дараах шинж тэмдэг илрэхгүй байгаагаас бусад дунд, хүнд, маш хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс заавал сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Улсын болон хувийн эмнэлгүүдэд нөхөн сэргээх эмчилгээ хийж буй. Тухайн өвчтний биеийн байдлаас хамаараад 3-7 хоног ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай.
-Сэргээн засах эмчилгээ хийлгэхэд дунджаар хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
-Улсын эмнэлгүүд даатгалаараа эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжтой. Харин хувийн эмнэлгүүдийн нэг удаагийн эмчилгээ 100-150 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан. Аль эмнэлгээр эмчилгээ, үйлчилгээ авах нь тухайн хүний сонголт учраас тэр эмнэлэг сайн гэж хэлэх хэцүү.
-Сэргээн засах эмчилгээг хийлгэсний дараах үр дүн хэр бодитой байна вэ?
-Сэргээн засах эмчилгээнд шарлага, бумба, зөгийн балтай татлага, халуун шар тосон бариа, хордлого тайлах, эрдэс нөхөх дусал зэрэг ордог. Эдгээр нөхөн сэргээх эмчилгээ нь удаан хугацаанд үргэлжилсэн ковидын дараах шинж тэмдгүүдийг дарж өгдөг. Тийм учраас үр дүн харьцангуй сайн байгаа гэж хэлж болно.
-Дельта, альфа, омикрон хувилбараар өвдсөний дараах нөхөн сэргээх эмчилгээ өөр байх уу?
-Эмчилгээ нь адил гэж дээр хэлсэн. Үүний нэгэн адил нөхөн сэргээх эмчилгээ ч мөн ижил. Харин шинж тэмдэг хэрхэн илэрч байгаагаас хамаарч эмчилгээний өдрийг тооцдог.
-Ковидоор өвдсөн иргэдийн цус өтгөрсөн гэсэн мэдээлэл байна. Иргэд цус өтгөрснөө яаж мэдэх вэ ?
-Вирус биед орж өөрийн хоруу чанарыг үзүүлдэг учраас цус өтгөрдөг. Цус өтгөрч ковидтой хавсарвал аюул ихээр дагуулдаг. Жишээ нь, Солонгос улсад артерийн даралт өндөртэй хүмүүс их нас барсан гэх мэдээлэл байна. Энэ нь цус өтгөрөлттэй холбоотой юм. Цус өтгөрсөн үед ус сайн уух, сармис идэх, дасгал хийж, эсрэгээрээ кола, чихэрлэг зүйл бага уух, архи, тамхи хэрэглэхгүй байх, агаарлах, иогоор хичээллэх, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
-Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын дийлэнх хувь омикрон хувилбар гэдгийг албаныхан хэлсэн. Тэгвэл омикрон хувилбарын үед ямар эмчилгээ хамгийн үр дүнтэй бол.
-Омикрон бусад хувилбараа бодвол онцлогтой. Шинж тэмдэг нь хурдан илэрч, түргэн арилж, амьсгалын дээд замыг түлхүү гэмтээдэг. Яг л хамрын ханиад, хоолой өвдсөн юм шиг л санагдана. Хүмүүс ханиадтай андуурч болохгүй. Халдварлах чадвар өндөр, хүндрэлийн хувьд бусад хувилбараа бодвол харьцангуй бага байна. Эл хувилбарын үед эмчилгээ яг л адилхан.
-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахиж халдвар авахгүйн тулд хэрхэн анхаарах ёстой вэ Мөн гэрийн нөхцөлд дархлаагаа хэрхэн дэмжих талаар зөвлөгөө мэдээлэл өгнө үү?
-Коронавирусийн халдвар нэг авсан бол сардаа ахиж тусахгүй гэдэг нь цуу яриа. Олон дахин тусах тусмаа биед маш муу. Ковидын дараах шинж тэмдэг удаан илэрнэ гэсэн үг. Ковидын дараах хоруу шинж чанар биед ямар нөлөө үзүүлэхийг дэлхий нийтээр тогтоож чадахгүй байгаа ч хоруу чанараас сэргийлэх үүднээс сувилалд хэвтэх, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхийг зөвлөж буй.
-Ярилцсанд баярлалаа.
Ковид дахин тусахгүйн тулд дараах таван зөвлөгөөг мөрдөх хэрэгтэй:
1. Хооллолт: Бид элэг л гэдэг болохоос ходоод ч гэмтэх эмзэг эрхтэн болохыг ярьдаггүй. Уураг, өөх тосыг хоолноос авах хэрэгтэй. Хүний биеийн эс уурагнаас гаднах бүрхүүл нь өөх тосоор хучигддаг. Жигнэх, чанах байдлаар хийсэн хоол идвэл тустай. Архи ууж болохгүй. Хэрэв уувал өмнө нь тусаагүй үеэ бодвол биеийг 2-3 дахин илүү гэмтээх магадлалтай.
2. Эрдэс нөхөх: Чацарганы тос нь А,Е витамин агуулдаг учраас уушгийг дотроос бүрхэж эд эсийг нөхөн төлжүүлдэг. B5 витамин агаар дамжуулах салстыг нөхөн төлжүүлнэ. B6 витамин уушгинд бүлэн үүсэхээс сэргийлдэг.
3. Амьсгалын дасгал: Уушгины арын доод хэсэгт цусан хангамж их байдаг. Энэ хэсэг ихээр гэмтдэг учраас хэвтээгээр дээшээ харж хэвтээд хамраараа амьсгал авч амаараа гаргах дасгал хийх хэрэгтэй. Энэ дасгалыг хоол идээд хоёр цагийн дараа хийвэл илүү тохиромжтой. Мөн шаар үлээж болно. Энэ нь уушгинд сорвижилт үүсэхээс сэргийлдэг.
4. Дасгал хийх: Ковид тусаад эдгээд турах тухай бодож болохгүй. Учир нь бие махбодь эрдэс амин дэм дутагдалд орсон сульдсан байдаг учраас зургаан сардаа хэт ачаалалтай дасгал хийхгүй, хоолны дэглэм барихгүй. Хөнгөн өөртөө таарсан дасгал хийнэ.
5.Агаарт гар: Өдөрт хоёр цаг агаарт гарна. Гэртээ доод тал нь 15 мин агаар оруулна. Учир нь 15 минут тухайн агаар бүрэн сэлгэгдэж дуусдаг.