Олон нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлээр сургалт, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолт бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулах, нийгэмд үйлчлэх зорилгоор уран бүтээлчид хамтран “Урлагийн хөгжил ирээдүй” ТББ байгуулжээ. Тус байгууллага утга зохиол, дүрслэх урлаг, хөгжим, тайз, дэлгэцийн төрлөөр цуврал лекц, сургалт долоо хоног бүр зохион байгуулахын зэрэгцээ “Bee studio” урландаа уран зургийн, жүжгийн зохиолчийн сургалт хичээллүүлэх аж. Түүнчлэн “Bee theatre” байгуулж, бэсрэг жүжгүүд, тоглолт хүргэж буй. Өнгөрсөн сард театрынхаа анхны уран бүтээл болгон зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулснаар үзэгчдэд хүргэсэн юм. Тэгвэл энэ сард урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Урлагийн ертөнц” цуврал лекц зохион байгуулах болжээ. Тодруулбал, энэ сарын 12-нд урлаг судлаач О.Сосор “Эртний Дорно дахины урлаг” сэдвээр лекц уншиж, Буддын шашны урлагийг бид яагаад судлах ёстой вэ, ижил шашинтай, нэг сэдвээр урлаж байсан бүтээлүүд дүр дүрслэлийн болон арга барилаараа хэрхэн ялгарах онцлогтой талаар сонирхуулах бол хөгжим судлаач Б.Батжаргал мюзиклийн онцлог, түүх болон хөгжлийн тухай ярина. Мөн энэ сарын 13-нд утга зохиол судлаач Х.Чойдогжамц Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” дуулийн философи үндсийн тухай лекц унших аж.
Бэлтгэсэн А.Халиун