Бээжингийн олон улсын урлагийн ес дэх удаагийн биенналь өнгөрсөн сард эхэлсэн. Өнөө жил “Амьдралын гэрэл” сэдвийн дор зохион байгуулж буй тус биеннальд уран зураг, уран баримал, орчин үеийн урлагийн төрлөөр бүтээлээ туурвидаг нийт 117 улсын 573 уран бүтээлчийн 707 бүтээлийг дэлгэсэн аж. Тэдгээрээс цар тахлын улмаас биечлэн оролцож чадаагүй, тээвэрлэх боломжгүй болсон 220 бүтээлийг танхим бүрт дэлгэц байрлуулан цахимаар үзүүлжээ. Энэ жил манай улсаас зураач Б.Баярт-Од “Эх”, Э.Цолмонбат “Мартагдсан аялгуу”, Ж.Ризабек “Олимпын бамбар хамгаалагчид” бүтээлээрээ оролцсон байна. Бээжингийн олон улсын урлагийн биенналь гуравдугаар сарын 1 хүртэл Хятадын үндэсний урлагийн музейд үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Тайшир