Дэлхий дахинд олон сая уншигчтай, бүс нутаг бүрийн төлөөлөл бүхий эмэгтэй сэтгүүлчдийг дадлагажуулж, ажиллуулдгаараа онцлогтой, олон улсын нэр хүнд бүхий “Global press journal” сэтгүүл энэ сарын эхний дугаартаа “Хоггүй Монгол” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч М.Бүжинлхамыг онцолжээ. “Хог хаягдлаа дахин боловсруулахыг нөлөөлөгч эмэгтэй уриалж байна” гэсэн гарчигтай нийтлэлд “Тэрбээр “Хоггүй Монгол” ашгийн бус байгууллага сүүлийн дөрвөн жилийн турш хүмүүст хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулах талаар мэдлэг түгээж байна. Монгол Улсын Засгийн газар 2019 онд 0.035 мм-ээс нимгэн нийлэг уут хэрэглэхийг хориглосон тогтоол гаргахад түүний идэвх санаачилга чухал нөлөө үзүүлсэн. М.Бүжинлхам 76 мянган дагагчтай фэйсбүүк хуудсаараа дамжуулан айлуудыг гэртээ хогоо ангилан ялгахыг уриалдаг. Тус байгууллагынхан явуулын станцаар дамжуулан ангилсан хог цуглуулж авдаг ба 10 гаруй аймагт сургалт зохион байгуулжээ. 2020 оноос хойш 5000 гаруй иргэн тус байгууллагын явуулын станцад дахивар тушаагаад байна. “Хоггүй Монгол” төрийн бус байгууллага болон нөлөөлөгч бүсгүйн дараагийн зорилго нь шил боловсруулах үйлдвэр байгуулах” гэжээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл