Афганистаны талибуудыг “Исламын улс” өдсөөр байна. Иргэний ээлжит дайн эхлэх шинж тэмдэг энэ улсад улам бүр тодорч байна гэж хэлж болмоор. Энд алан хядагч олон байгууллага идэвхжиж, тэдний ихэнх нь “Талибан” хөдөлгөөнтэй илт дайсагналцах боллоо. Талибуудын хамгийн өршөөлгүй дайсан нь Афганистан даяар аллага үйлдэж буй “Исламын улс” бүлэглэл юм. Улсынхаа хүрч очход төвөгтэй уулархаг нутаг болон хөрш орнуудад толгой хоргодож байгаа цэргийн хуучин офицеруудын эсэргүүцэл мохоогүй байна. Цэргийн ийм зүтгэлтнүүдийн нэг нь Афганистаны цорын ганц маршал, эндхийн узбекүүдийн удирдагч Абдул-Рашид Дустум аж. Сүүлийн үеийн баримтаар бол домогт энэ офицер “Исламын улс”-ын Афган дахь салбарыг удирдаж буй Санаулла Гафаритай хэвийн харилцаатай болсон бололтой.
Алан хядах бүлэглэлийн энэ салбарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд “Исламын улс-Хорасан” гэдэг бол дайчид нь өөрсдөө “Вилаят Хорасан” (одоогийн Иран, Афганистан, Туркмен, Узбекистан, Тажикстаны нутаг дэвсгэрээс оруулсан түүхэн мужийг ийн нэрлэдэг) гэж нэрлэдэг байна. Америкийн тусгай албадын үзэж буйгаар тус бүлэглэлийг Шахаб аль-Мухажир хочоороо алдаршсан Санаулла Гафари толгойлж байгаа юм. Афган үндэстэн энэ хүн Абу Омар аль-Хорасаныг Афганистаны тусгай албад 2020 оны зургадугаар сард баривчилснаас хойш “Исламын улс-Хорасан”-ыг удирдах болжээ. Британийн сэтгүүлчдийн мэдээлснээс үзвэл 2021 оны наймдугаар сард талибууд эрх мэдлийг гартаа авах хүртэл аль-Хорасан Кабул хотын Пули-Чархи гэдэг шоронд хоригдож байжээ. Улсынхаа гол шоронд хяналтаа тогтоосон талибууд аль-Хорасаныг найман хамтрагчтай нь буудаж хороосон аж. Тус бүлэглэл Афганистанд бий болсон цагаасаа талибуудтай эв түнжинтэй байсангүй. Алан хядах ажиллагаа явуулдаг ч гэлээ энэ хоёр бүлэглэлийн зорилго эрс өөр байв. Талибуудын хөдөлгөөн өөрийн гэсэн улс (лалын эмират)-ыг байгуулж туршлагаа бусад улсад экспортлохгүй байхыг эрмэлздэг. “Исламын улс-Хорасан” болохоор Афганистаныг дэлхий дахины Лалын хаант улсын нэг хэсэг нь болох ёстой гэж үздэг. 2002 онд Афганистанд Америкийн талыг баримтлах Засгийн газар бий болсноос хойш түүнийг эсэргүүцэгч үндсэн бүлэглэлийн байр суурийг “Талибан” эзэлсэн ч “Хорасан” бүлэглэл энэ байрын төлөө өрсөлдөх болж.
АНУ-ын Төрийн департамент “Хорасан” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг зарлахаас өмнө удирдагч нь “нам”-ын гэгддэг Шахаб аль-Мухажир гэдэг нэртэй байв. Ер нь Исламын эрс үзэл баримтлагч алан хядагч бүлэглэлүүдийн ихэнхэд нь шинээр элссэн хүн өөрийн хуучин нэрийн оронд шинэ цэвэр араб нэр авдаг нь ердийн практик аж. “Мухажир” гэдэг нь араб хэлнээс хөрвүүлбэл “шилжин суурьшигч” гэсэн утгатай. Тиймээс шашнаа аврахын тулд өөр оронд түр хугацаагаар амьдарч байгаа исламын шашинтнуудыг “мухажир” хэмээн нэрлэдэг гэнэ. Санаулла Гафари амьдралынхаа хэсэг хугацааг гадаад оронд өнгөрөөж байснаас ийм шинэ нэртэй болсон аж. Америкийн талын мэдээллээр энэхүү Шахаб аль-Мухажир 2020 оноос Афганистаны газар нутагт үйлдэх алан хядах бүх ажиллагааг хариуцаж байжээ. Эхний хагас жилдээ “Исламын улс-Хорасан” нийт 60 алан хядах үйлдэл хийсэн бол 2021 онд 334-ийг өдүүлжээ. Хамгийн их цус урсгасан алан хядах ажиллагааг Афганистаны эрх мэдэл талибуудын гарт очсоноос хойш үйлдсэн байна. Амь хохирсон хүний тоо хэдэн зууд хүрэв. Тухайлбал, Кабул хотыг талибууд эзлээд 10 хонож байхад буюу наймдугаар сарын 26-нд гадаад улс руу дүрвэхээр нисэх онгоцны буудлын дэргэд цугласан хүмүүсийн дунд бөмбөг дэлбэлж 200 хүний амийг хөнөөсний 13 нь Америкийн Зэвсэгт хүчний алба хаагч байв. Афганистанд 10 жил байрлахдаа АНУ-ын цэрэг нэг удаад ийм хохирол үзэж байсангүй. 2021 оны аравдугаар сарын 3-нд “Талибан” хөдөлгөөний нэгнийх нь эх өөд болж хойчийн буян үйлдэж байхад нь Кабул хотын суннитуудийн Ид-Гах гэдэг сүмийн хажууд дэлбэрэлт болж, 10 орчим хүний амь үрэгдсэн байна. Уг арга хэмжээнд хөдөлгөөний маш олон хүн оролцож байв. Үүнээс долоо хүрэхгүй хоногийн дараа амиа золиослогч этгээд Кундуз хотын шийтийн сүмд өөрийгөө дэлбэлж олон хүн хөнөөж, 300 орчим иргэнийг шархдуулсны дотор хүүхдүүд ч байлаа. Эдгээр аллагыг “Исламын улс-Хорасан” үйлдсэнээ хүлээж, талибууд Шахаб аль-Мухажирыг эрэн хайж эхлэв. Тэгэхдээ олон жил дайсагналцсан Америкийн цэргийн алба хаагчид амиа алдсаны дараачаас алан хядагчийг талибууд хайх болсон нь хачирхалтай. Энэ нь “Хорасан”-ы түүхэнд цор ганц хачирхалтай явдал биш юм. Аль-Мухажирын жинхэнэ нэрийг АНУ-ын Төрийн департамент зарласны дараа эх орноосоо зугтахаас аргагүй болсон Афганистаны сэтгүүлчид Санаулла Гафарийн албан ёсны баримтыг хэвлэлд нийтэлжээ. Энэ баримтад итгэвэл “Хорасан”-ы одоогийн толгойлогч тухайн үедээ Афганы узбекүүдийн удирдагч, талибуудын эвлэршгүй дайсан Абдул-Рашид Дустумийн бие хамгаалагч байжээ. Ийм эрхийг Гафарид 2019 онд өгсөн байна. Тэр үед Дустум Афганистаны Тэргүүн дэд Ерөнхийлөгч байж. Тэрбээр 2021 оны наймдугаар сарын дундуур өөрт нь захирагдаж байсан зэвсэгт тэмцэгчид “Талибан”-ы довтолгоог тогтоож хүчрэхээ больмогц эх орноосоо зугтсан аж. Дустум одоо хаана байгаа нь тодорхойгүй. Узбекстанд, эсвэл Туркэд байна гэх таамаг дуулддаг. Түүний хамгаалалтын албаны дарга байсан генерал Абдул-Саттар Касеми Иранд байгаа сурагтай. Санаулла Гафарид 2019 онд олгосон үнэмлэх дээр Касеми гарын үсгээ зурсан гэдэг. Гэтэл ийм үнэмлэхийг би олгоогүй, дайчдынх нь дунд Санаулла Гафари гэх нэртэй хүн байгаагүй гэж Ираны хэвлэлд Касеми тэр даруй тайлбар өгсөн юм.
Дустум бол Афганистандаа домог болсон хүн. ЗХУ-ын талд ч, АНУ-ын төлөө ч тулалдаж явсан, түүгээр ч барахгүй хэдэн жил өөрийн гэсэн хуурмаг улстай байж үзсэн, ядуу Афганистаны янз бүрийн нутагт олон арван тансаг орд харш бариулж, Афганы анхны маршал болж, нас, цэргийн цол хэргэмээ үл хайхран байлдаан тулаанд тэргүүн эгнээнд орж байжээ. Дустум 1954 онд узбек-туркмений холимог гэр бүл, умард зүгийн Жаузжан мужид төржээ. 1978 онд цэрэгт алба хааж байхад буюу арванхоёрдугаар сард Зөвлөлтийн цэрэг Афганистанд орж ирэв. Цэргийн ирээдүйтэй залуу офицер Дустумийг 1980 онд ном үзүүлэхээр ЗХУ руу илгээж, тэрбээр Ташкент, Москвад сурч байлаа. 1980-аад онд хурандаа цолтой Дустум Засгийн газрынхаа армийн 53 дугаар дивизийг командалж байв. Дивизийг узбекүүд давамгайлан бүрдүүлж байсан юм. Зөвлөлтийн офицерууд түүний эр зориг, удирдах ур чадварыг өндөр үнэлдэг байжээ. 1989 оны хоёрдугаар сард Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарч дуусав. Үүнээс хойш Мохаммад Нажибуллагийн удирдсан зөвлөлт маягийн дэглэм гурван жил оршин тогтножээ. Энэ дэглэм можахедуудыг төдийгүй, өөрийг нь илт дэмжиж байсан Пакистан, АНУ-ыг сөрөн зогсоход хүрэв. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ Афганистаны ардчилсан БНУ гэгдэж байсан тус орон илүү хүчирхэг дайсантай болжээ. Тэр үед генерал болоод байсан Дустум Засгийн газрын хүчний гол командлагчийн нь нэг байлаа. Кабулд байсан гарнизон түүний мэдэлд байсан юм. 1992 оны дөрөвдүгээр сард 38 настай генерал Дустум Нажибуллагийн эсрэг бослого дэгдээв. Ингэхээс өөр арга байсангүй. 1992 оны нэгдүгээр сараас Орос улс зэвсэг, шатахуунаа Афганистаны армид өгөхөө больсноос Засгийн газрын хүчин удаа дараа ялагдал хүлээх болжээ. Олон зуун танк нь шатахуунгүйгээс хөдлөхөө больж ямар ч хэрэгцээгүй төмөр болж хувирав. Ийм нөхцөлд Дустум бослого зохион байгуулж, Нажибуллаг унагаад, можахедуудыг Кабулд саадгүй оруулахаар тохиролцсон байна. Ийнхүү нийслэл Кабул хот можахедууд хийгээд Дустумийн узбекүүдийн янз бүрийн бүлэглэлүүдийн мэдэлд хуваагдав. Дустумийн цэргүүд нийслэлийн нисэх онгоцны буудлыг хянах боллоо. 1992 оны намар Оросын дипломатчдыг аюул осолгүй гаргаж явуулах ажлыг Дустумийн цэргүүд гүйцэтгэв. Тэр жилээ Афганистанд иргэний дайн эхэллээ. Дустум 40 мянга орчим цэрэгтэй, умард мужуудад байрлаж “Дустумистан” гэж нэрлэсэн нөгөө хуурамч улсаа байгуулжээ. Энэ хуурамч улс өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй, “Балх Эйр” хэмээх иргэний нисэхийн компанитай, Узбекистан руу нислэг хийдэг байлаа. Томоохон хот Мазари-Шарифыг нийслэлээ болгожээ. Зөвлөлтийн үзэл бодолтой цэргийн дарга байсан афган эр хээрийн цэргийн командлагчидтай ч нэг эвсэл болж, өөр хүмүүстэй ч хүзүү сээрээрээ холбогдож явав. Ер нь Афганистаны түүхийн энэ үед нөхөр, дайсан хэдэн сар болмогц солигдож байжээ. Энэ нь “Талибан” хөдөлгөөн гэгч гарч ирсэнтэй холбоотой. Хөдөлгөөн эхлээд улсынхаа өмнөд хэсгийг хяналтдаа авч, 1996 онд тулаан хийлгүй Кабулыг эзэлж, дараа нь умард зүг хөдлөв. 1997 оны тавдугаар сард талибууд Мазари-Шариф хотыг авч, “Дустумистан” оршин тогтнохоо болилоо.
Ингээд хэдэн жил Дустумийн цэргийн үлдэгдэл Афганы тажикуудын толгойлогч Ахмад Шах Масудын отрядуудтай “Умард эвсэл”-д нэгдээд хойд нутгийн бартаа саад ихтэй газар шивээлсэн байна. Есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон алан хядах ажиллагааны дараа 2001 онд байдал эрс өөрчлөгдөв. Афганистаны талибуудыг бут ниргэх боломжийг Америкийн арми эрэлхийлж, нисэх хүчнээрээ “Умард эвсэл”-д дэмжлэг үзүүлэх болжээ. Арваннэгдүгээр сард Дустум Мазари-Шариф хотод хяналтаа тогтоолоо. Дараа сар нь болоход талибууд үндсэндээ хиар цохиулж, амьд үлдсэн нь Пакистантай залгаа уулархаг газар руу зугтав. Америкчуудыг ирсний дараа Дустум Афганистаны шинээр зохион байгуулагдсан армийн штабыг тэргүүлж, узбек, туркменүүд оршин суудаг умард нутгийн хэд хэдэн мужийн бүрэн эрхэт эзэн нь болов. 2014 онд Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн суудалд сууж, 2019 онд улсдаа анхны бөгөөд тухайн үедээ цорын ганц маршал нь боллоо. 2021 оны хавар талибуудын ялалт авчирсан довтолгоон эхэллээ. Туркэд эмчлүүлж байсан Дустум наймдугаар сарын эхээр Мазари-Шарифт ирэв. Гэвч хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд талибуудад ялагдаж Дустум гадагшаа зугтлаа.
“Хорасан” бүлэглэл Дарзаб мужид маш харгис дэглэм тогтоож, Засгийн газрын хүчинтэй хамтарч ажилладаг гэж сэжиглэх л юм бол хүүхэд, багачуудыг ч хайрлахгүй гэв. Энэ алан хядагчдын эсрэг тэмцэгч гол хүч нь Афганы Засгийн газар, “Талибан” хоёр л байсан юм. Олзлогдсон талибын толгойг тас цавчина. 2018 оны долдугаар сард талибууд Дарзаб руу өргөн фронтоор давшив. Байрыг нь булаацалдах гээд байгаа өрсөлдөгчөө зогсоохын тулд эрс үзэлт энэ хөдөлгөөн юу гэж гар хумхиж суух билээ. Долдугаар сарын эцэс гэхэд “Талибан”-ы отрядууд хэд хэдэн суурин газрыг чөлөөлж, дайсных нь хохирол олон зууд хүрсэн байна. Энэ үед “Хорасан” зальжин алхам хийж Засгийн газрын цэрэгт бууж өгөхөөр шийджээ. Эцэст нь, Засгийн газрын хүчний нисдэг тэргүүд талибанчуудад бүслэгдсэн “Хорасан”-ы 200 гаруй дайчныг Шиберган хотод авчрав. Үүнд “Талибан” дургүйцэж өрсөлдөгч алан хядах бүлэглэлд тусаллаа хэмээн Засгийн газрыг шүүмжлэв. Талибуудаас аврагдсан алан хядагчдыг нэлээд ая тухтай нөхцөлд байлгажээ. Сэтгүүлчдийн гэрчилснээр тэдэнд “олзлогдогч биш, зочид шиг” хандсан аж. Бууж өгсөн алан хядагчдын командлагчдын нэг санваартан Нимтулла Засгийн газрын хүчинтэй нэгдэх боломжийг судалж байна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр бол тэрбээр нэгэнтээ Засгийн газрын төлөө тулалдаж явжээ.
Талибууд эрх мэдлийг аваад байгаа өнөөгийн нөхцөлд түүний эвлэршгүй дайсан Дустум болон түлхэн унагаагдсан Засгийн газарт зүтгэж явсан хүмүүсийн хувьд “Исламын улс-Хорасан” хүссэн ч, хүсээгүй ч холбоотон нь болоод байна. Чухам энэ бүлэглэл Афганистанд талибаны эсрэг гол хүч болсон аж. Одоо Афганистан улсын аюулаас хамгаалах хүчний ажилтан байсан хүмүүс, арми, цагдаагийн офицерууд “Хорасан”-ы эгнээнд орж, “Талибан”-ы дайчид тэдний авд мордоод байна гэж “The Wall Street Journal” сэтгүүлд саяхан бичжээ. Тухайн үедээ Иракт үүнтэй төстэй нөхцөл байдал бий болж байсан юм. 2003 онд Саддам Хуссейний Засгийн газрыг унагачихаад АНУ эндхийн хүчний байгууллагуудыг тарааж, ажилтнуудыг нь шинээр зохион байгуулж байгаа хүчний байгууллагуудад орж ажиллахыг хориглочихсон. Ингээд арми, аюулаас хамгаалах байгууллагуудын мэргэшсэн ажилтнууд “хог, новш” болж байлаа. Түүгээр ч барахгүй Америкийн эзлэн түрэмгийлэгч цэргүүд төдийгүй тэдний Америкийн талыг баримталсан Иракийн шинэ Засгийн газрын тусгай анги, салбарууд тэдгээр “хог, новш”-ийг авлаж гарсан байдаг. Тиймээс Саддамын үеийн хүчнийхэн эрс үзэлт янз бүрийн бүлэглэлүүдэд элсэхээс өөр аргагүй болсон юм. Америкийн дипломатчдын нотолсноор Саддам Хуссейний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх байсан генерал Иззат Ибрагим ад-Дури Иракт “Исламын улс” байгуулагчдын нэг нь болсон түүхтэй. Энэ явдал одоогийн Афганистанд давтагдаж тун болзошгүй юм. Дустум Афганы узбек, туркменүүдэд нөлөөтэй хэвээр байгаа, “Хорасан”-ы одоогийн толгойлогч үнэхээр түүний хамгаалалтын албанд байгаагүй, Афганистанд үлдсэн Дустумийн цэргүүд болон, узбек, туркменүүдийн эсрэг хавчлагаа тэд хүчтэй болгоод байвал Афганы анхны маршал алан хядагч бүлэглэлийн холбоотон болох бүрэн магадлалтай. Өөрийн тавьсан зорилгод хүрэхийн тулд Дустум хэнтэй ч хамтарч чадна. Ялангуяа энэ холбоотон нь заналт дайсан-Талибантай нь тулалдах юм бол…
Бэлтгэсэн Р.Жаргалант