Монгол Улсын Хөгжлийн банк нь иргэд, аж ахуйн нэгжээс хадгаламж татдаггүй бөгөөд гадаад, дотоодоос урт хугацаатай хөрөнгө зээлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго, төлөвлөгөөтэй. Гэтэл Хөгжлийн банкны зээлдэгчид хөгжилд хувь нэмэр оруулах нь бүү хэл, улс орноо дампуурахад хүргэж буй тухай шуугиан дэгдээд хоёр долоо хоног өнгөрлөө. Тодруулбал, дээрх банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь буюу 841 тэрбум төгрөгийн зээл чанаргүй болсныг өнгөрсөн сарын 20-нд мэдээлсэн. Гэтэл уг дүн нэмэгдсээр байна.
Түүнчлэн зээл аваад зориулалтын бусаар ашигласан, үндсэн зээл болон хүүг нь төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй 26 аж ахуйн нэгжийг зарласан билээ. Тэдгээр аж ахуйн нэгж, компанид шаардлагатай арга хэмжээ авч, үе шаттай ажил өрнүүлэхээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдсэн. Мөн тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа чанаргүй зээлийг эргэн төлүүлэх асуудлыг заавал шүүхээр шийдвэрлүүлэхээр хөөцөлдөх нь үр дүнгүйг дурдсан. Учир нь зарим компани өрөө төлж чадахгүй, дампуурсан гэдгээ шууд хүлээсэн аж. Мөн заримынх нь хэргийг шийдвэрлүүлж, өрийг нь төлүүлэхэд зургаан жил зарцуулж байгаа гэсэн. Тиймээс төрийн оролцоотой, онцгой эрх бүхий хуулийн тусгай этгээд байгуулж, компаниудын өрийг төлүүлэхэд анхаарвал зохино хэмээн үзэж буйгаа дурджээ.
Хөгжлийн банкны тухай болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй түгээх тухай журмыг гүйцэтгэх захирал нь баталжээ. Уг журмын хүрээнд тус банкны чанаргүй болон шүүхэд шилжүүлсэн зээлдэгчийн нэрсийг зарласны дараа нийт зээлийн багцын мэдээллийг танилцууллаа. Уг танилцуулгаас харахад Хөгжлийн банк үйл ажиллагаагаа эхлүүлсэн 10 гаруй жилийн хугацаанд давхардсан нэр бүхий 66 зээлдэгчид ойролцоогоор 3.3 их наяд төгрөгийн зээл олгосон байна.
Үүнээс шүүхэд нэхэмжлэл гаргасан зээлдэгчийн жагсаалтад (манай сонин өмнө нь мэдээлсэн) “Эрэл”, “Монгол драймилк”, “Кью Эс Си”, “Чингис хаан” банк зэрэг 26 аж ахуйн нэгж багтсан. Тэдний өр шинэлчилсэн дүнгээр 906 тэрбум төгрөгөөс давсан байна. Тэгвэл “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”, МИАТ, Худалдаа хөгжлийн банк зэрэг 14 аж ахуйн нэгжид олгосон нийт 551 тэрбум гаруй төгрөгийн зээлийг хэвийн гэж дүгнэжээ. Мөн эргэн төлөлтийн төлбөрийн зөрчил үүссэн хэмээн “ДЦС-4”, “Моннис майнинг”, “Максрөүд” зэрэг 10 компанийг нэрлэсэн ба тэдгээр нь
одоогоор 836 тэрбум төгрөг төлөх ёстой болсон аж. Түүнчлэн дотоод шалгалт хийсний дараа шүүхэд нэхэмжлэл үүсгэх, эсэхийг шийдэх 17 аж ахуйн нэгжийг мэдээлэв. Үүнд “Хөтөл”, “Монполимет”, НВЦ компани болон “Бэрэн групп” зэрэг 17 аж ахуйн нэгж багтан, нийт өр нь 993 тэрбум төгрөгт хүрснийг танилцуулав.
Хөгжлийн банкны зээлдэгчдийн олонх нь бизнесийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан “акул”-ууд байгаа юм. Мөн төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан, өдгөө ч хашиж буй эрхмүүдийн хамаарал бүхий компаниуд бий. Тэд өөрсдийн давуу тал, эрх мэдлээ ашиглан, жижиг, дунд бизнес эрхлэгчид, иргэдийн боломжийг нь хулгайлан байж Монгол Улсын ДНБ-ий 16 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг (2015 оны зэрэгцүүлэх дүнгээр ДНБ 19.5 их наяд төгрөг байсныг ҮСХ 2021 оны есдүгээр сард гаргасан) хулгайлаад байна. Хулгайлсан гэхийн учир дээр дурдсан 66 зээлдэгчээс 14 нь л хэвийн ангилалд багтсан бол үлдсэн нь буюу 52 аж ахуйн нэгжийн авсан нийт 2.7 их наяд төгрөгийн зээл эрсдэлд өртсөн. Хэвийн ангилалд багтсан гэдэг нь ч тун хоржоонтой, авсан цагаасаа хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй, зээлийн эргэн төлөх хугацаа нь болоогүй гэсэн тодотголтой нь бий. Ийм зээлтэй компанийн нэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий “Вестерн холд” багтжээ. Хөгжлийн банкнаас 2019 онд 28 000 ам.долларын зээл
авсан тус компанийн өр өдгөө 80 тэрбум төгрөгөөс давсан. Гэтэл гурван жил болоход нэг ч төгрөг эргүүлэн төлөлгүй “хөл дээрээ зогсох”-оо хүлээж буй бололтой. УИХ-ын гишүүн С.Бямбацогт олон нийтийн сүлжээнд “Вестерн холд” компанийн хэрэгжүүлж буй төсөл болох “Ховд эко цемент” үйлдвэрийг ашиглалтад оруулснаар баруун бүсэд цементийн үнэ хоёр дахин буурах боломжтой. Мөн импортын бүтээгдэхүүнийг халж баруун аймгуудын хэрэгцээг 100 хувь хангана. Цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын 40 хүрэхгүй хувийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн” гэж тайлбарлан өөрийгөө зөвтгөж сууна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Анандбазар болон гишүүн асан Б.Ундармаа, Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нарын хамаарал бүхий “Монполимет”, “Макцемент” компани, “Сод Монгол” групп, “Капитал” банкны Хөгжлийн банк дахь нийт өр 335 тэрбум төгрөгөөс давжээ. Олон нийтийн сайн мэдэх дөрвөн компанийн авсан зээлийн хэмжээ л ийм байгаа бөгөөд лавлан судалбал улстөрчид, нөлөө бүхий бизнесменүүдийн оролцоотой зээл Хөгжлийн банкны олгоод буй 3.3 их наядад тун дөхөх вий. Цаашид уг банкны гаргасан зээлийг хэрхэн эргэн төлүүлэх, аж ахуйн нэгж, улстөрчдөд ямар хариуцлага хүлээлгэх, банкны хэвийн үйл ажиллагааг яаж үргэлжлүүлэхтэй холбоотой асуудал урт хугацаанд үргэлжлэн, ужгирах нь гарцаагүй болжээ.