Сүүлийн жилүүдэд төрөлхийн согог гажигтай хүүхэд мэндлэх нь нэмэгдсэн. Ийм хүүхэд, ихсээд буйн гол шалтгаан нь цус ойртолттой холбоотой нь судалгаагаар батлагджээ. ҮАБЗ-ийн стратеги судалгааны хүрээлэнгийн Төр, нийгмийн хүний аюулгүй байдлын судалгааны төвийн дарга, анагаах ухааны доктор Э.Энхмаатай энэ талаар ярилцлаа.
-Сүүлийн үед цус ойртолт тойрсон шүүмж нийгэмд нэлээд өрнөлөө. Манай улсын хүн амын дундах цус ойртолт үнэхээр гамшгийн түвшинд хүрсэн үү.
-Монгол хүн судлаач эрдэмтэд 40 гаруй жил судалгаа хийсний үр дүнд хүн амын дунд цус ойртолт ямар түвшинд хүрснийг тооцоолох боломж бүрдсэн. Цус ойртолт хүн амын дунд чимээгүй тахал хэлбэрээр тархдаг. 25 жилийн үечлэлтэй зузаардаг үйл явц юм. Хүн амын дунд цус ойртолтыг судалдаг энгийн арга бол угийн бичиг хөтлөлтийг харах юм. Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн эхнэр, нөхөр дээшээ есөн үеийн дотор аль нэг түвшинд хамаатан садан мөн, эсэхийг харж болдог байв. Угийн бичгээр Монголын хүн амын дунд цус ойртолтын түвшнийг тогтоох гэхээр өөрийнхөө хоёр талын эмээ, өвөөгөө сайн мэдээд элэнц эмэг, өвгөө мэдэхгүй тохиолдол их. Иймд орчин үед угийн бичгийн аргаар цус ойртолтын түвшинг тодорхойлох ямар ч боломжгүй болсон.
-Тэгвэл та бүхэн ямар мэдээлэлд үндэслэн судалгаа хийсэн бэ?
-Бид хүн ам дахь генийн тархалтын хуулийн аргачлалаар судалгаа хийж, гарсан үр дүнг олон нийтэд танилцуулсан. Тодруулбал, Монголын хүн ам дотор хэн нь хэнтэйгээ гэрлээд генийн давтамж нь хаашаа явж буйг хөөж тооцоолдог. Энэ аргаар тооцоолж цус ойртолтын түвшинг тодорхойлохын тулд 21 аймгийн уугуул хүн амд удамшлын 11 системээр 337 генийн тархалтыг гаргаж ирсэн. Үүнийг гаргаж ирэхийн тулд бид 30 гаруй жил хөдөлмөрлөсөн. Улмаар дээр дурдсан тооцооллын аргыг ашиглаж цус ойртолтын түвшинг тодорхойлсон юм. Цус ойртолт бүх аймаг, сумуудад тодорхой хэмжээнд бүртгэгдсэн. Гэхдээ цус ойртолтын түвшин харилцан адилгүй. Судалгаагаар өөрөөсөө дээш 3-4 дэх үеийн ах дүү нар доод үетэйгээ гэрлэж байна гэсэн тооцоо гарсан. Энэ бол үнэхээр аюултай. Ураг төрлийн холбоотойгоо мэдэхгүй доод үетэйгээ гэрлэснээр цус ойртолт ихсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, залуус өвөө, эмээгийнхээ дээд үеийн ураг төрлийн холбоогоо төдийлөн сайн мэдэхгүй, хамаатан садан мөн, эсэхээ нягтлахгүй хоорондоо гэрлэдэг. Энгийнээр хэлбэл, өвөө, эмээгээ мэдэхгүйдээ тулсан нь улс үндэстэн мөхөх аюултайг анхааруулж буй хэрэг. Бид хүн ам дахь цус ойртолтыг үндэсний аюулгүй байдлын түвшинд ярих шаардлагатай. Улмаар төрөөс бодлогын хүрээнд анхаарч ажиллах хэрэгтэйг судалгааны үр дүн харуулсан.
-Цус ойртолтыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэхгүй, тоохгүй орхивол биднийг ямар эрсдэл хүлээж байгаа вэ?
-Цус ойртолтын улмаас удамшлын төрөл бүрийн согог гажигтай хүүхдүүд төрдөг. Жишээ нь, оюуны хомстолтой, уруул төрөлхийн сэтэрхий, тагнай цоорхой, хүүхэн хэл байхгүй, өтгөний сүв битүү, зүрх цоорхой, тархи нустай, тураалтай, давжаа төрөх, аливаа өвчнийг эсэргүүцэх биеийн дархлаа сул байх гэх мэт олон муу үр дагавартайг шинжлэх ухаан баталсан. Эдгээр бүх үр дагавар манай улсын хүн ам дунд илэрч байна.
-Төрөлхийн гажиг согогтой хүүхдүүд төрөөд байгаа нь цус ойртолттой шууд холбоотой гэж ойлгож болох уу?
-Төрөлхийн согог гажигтай хүүхдүүдийн тоо өссөн байгаа нь цус ойртолттой хамааралтай, эсэхийг судалж үзсэн. Монгол орны уртраг болон өргөргийн дагуу цус ойртолтын түвшин нэмэгдээд байхаар төрөлхийн согог гажигтай хүүхдүүд төрж байна гэсэн нэмэх үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэмд олон төрлийн согог гажигтай хүүхэд төрөхөд өнөөдрийн цус ойртолтын түвшин ихээхэн нөлөөлж буй. Зарим хүн төрөлхийн гажгийг утаа, хүнсний аюулгүй байдал, архи, тамхи, амьдралын буруу зуршил, химийн бодисын хордлого гэх мэтийн зүйлтэй холбож тайлбарладаг. Эдгээр зүйлс нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Онолын хувьд нөлөөлж байх магадлалтай. Гэвч зарим хүн яг юуны нөлөөгөөр төрөлхийн гажиг үүссэнийг баттай мэдэхгүй таамаг төдийгөөр олон нийтэд мэдээлж байна. Мөн гадаад, дотоод яг ямар хүчин зүйлсээс болж төрөлхийн гажиг үүссэн гэх нарийн судалгаа манай улсад одоогоор алга. Угтаа ямар хүчин зүйлсээс болж төрөлхийн гажиг гэдэг зүйл үүсээд байгааг төрөөс судалж, эрэмбэ дарааг тогтоож бодлогын хүрээнд хариу арга хэмжээ авч ажиллах ёстой.
-Төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс засал хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэнэ үү.
-Хэрвээ согог гажигтай хүүхэд ганц нэг аймагт төрөөд, эсвэл нийслэлд бүртгэгдээд бусад аймагт бүртгэгдэхгүй байвал утаа, архи, тамхитай холбон тайлбарлаж болно. Гэтэл бүх аймаг, нийслэлд төрөлхийн гажигтай хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгаагийн нэг том шалтгаан нь цус ойртолт мөн. Тэгэхээр бид хүн амыг цус ойртолтоос хамгаалах аргыг төрийн бодлогоор хэрэгжүүлэхгүй бол төрөлхийн согог гажигтай хүүхдийн тоо буурахгүй. Учир нь төрөлхийн гажигтай хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж, дээр нь илрэх гажгууд нэлээд хүндэрч байна. Жишээ нь, уруул сэтэрхий, тагнаа нь цоорхой төрсөн хүүхдүүдэд мэс засал хийдэг. Гэтэл улаан, цагаан хоолой нь нэг төрсөн тохиолдол манай улсад бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, амьсгалдаг, хоол унд залгадаг хоолой нийлэхээр мэс заслаар салгах боломжгүй болдог.
-Сүүлийн үед хүн амын дундах өвчлөл нэмэгдэх болсон. Энэ нь цус ойртолттой холбоотой юу?
-Хүн төрөлхтний дундах өвчлөлийг 19 бүлэгт хуваадаг. Үүнийг олон улсын өвчлөлийн аравдугаар ангилал гэж нэрлэнэ. Манай улс 1997 оноос дээрх ангиллын дагуу нийт өвчлөлийн тоог бүртгэж эхэлсэн. Энэхүү 19 бүлэгт харьяалагддаг эмгэгээр манай иргэд өвчлөхөд цус ойртолтын нөлөө бий, эсэхийг судалсан. Гэтэл Монголд бүртгэгдэж байгаа өвчнүүдэд цус ойртолт шугаман хамааралтайгаар нөлөөлж байна гэх үр дүн гарсан. Цус ойртолтын түвшин нэмэгдэхээр хүн амын дархлаа суларч, өвчлөл нэмэгдэж байна. Дархлаа сулраад байхаар дурын өвчинд өртөмтгий болно. Жишээ нь даралт ихсэхэд, элэгний хорт хавдраар өвчлөхөд цус ойртолт нөлөөлдгийг судалгаагаар тогтоосон. Мөн манай улсад 32-34 төрлийн хорт хавдар бүртгэгдэх болсон. Эдгээр өвчлөл цус ойртолттой хамааралтай, эсэхийг бид судалж, таван боть тайланг гаргаж байв. Оюуны хомстлын түвшин нэмэгдэхэд цус ойртолт 50 хувийн шалтгаантайгаар нөлөөлдөг гэх мэт олон судалгаа хийсэн.
-Та цус ойртолт ноцтой түвшинд хүрснийг удаа дараа мэдээлсэн. Гэтэл таны судалгааны үр дүнтэй санал нийлэхгүй цөөнгүй тохиолдол ажиглагдсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Бидний судалгааны үр дүнтэй санал нийлэхгүй байж болно. Уг судалгааг оновчгүй үгүйсгэх баримт нотолгоо шаардана. Эрдмийн ертөнцөд маргаан байх ёстой. Гэхдээ үр дүнгээрээ л маргалдах нь зүйтэй. Энэ судалгааг үнэн, худлаа гэж маргалдахаас илүүтэй цус ойртолтоос сэргийлэх арга хэмжээг яаралтай авах нь чухал.
- Монголчуудын ихэнх нь боржгин овогтой. Үүнээс болж ургийн овгийн гажуудал үүсэхгүй гэж үү.
-Хүн амын 86.6 хувь боржгин овогтой гэсэн судалгаа бий. 1997 оны засгийн газрын 17 дугаар тогтоолоор овгоо сэргээж эхэлсэн. Уг тогтоолд хэрвээ та жинхэнэ овгоо мэдэхгүй бол шинээр зохиож овог авч болно гэж журамласан. Ихэнх нь жинхэнэ овгоо мэдэхгүй, олох ч боломжгүй учраас боржгин гэж иргэний үнэмлэх дээрээ бичүүлсэн. Өөрөөр хэлбэл, эхнэр, нөхөр хоёулаа боржгин овогтой байх тохиолдол их. Ийм ургийн овгийн гажуудал үүссэн нь цус ойртолтоос сэргийлэх боломжийг хааж байна.
-Ойрын хугацаанд цус ойртолтоос сэргийлж ямар арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байна вэ?
-Нэн түрүүнд өрхүүд угийн бичиг хөтлөх хэрэгтэй. Угийн бичиг хөтөлдөг уламжлал 1925 оноос хойш тасарсан. Тус онд Засгийн газрын нууц тогтоол гараад угийн бичиг хөтлөх, ургийн овог хэрэглэхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, аав, ээж хамаатан садан есөн үеэ бүртгэн бичдэг уламжлал бараг 100 жил тасарсан гэхэд хилсдэхгүй. Өдгөө ард иргэдээ угийн бичгийг зөв, цэгцтэй хөтлөхөд төрөөс дэмжлэг үзүүлэх нь юу юунаас илүү хэрэгтэй. Ярих биш, хэрэгжүүлж байж л цус ойртолтоос нийтээрээ сэргийлнэ. Гэхдээ жилийн дотор үр дүнд хүрнэ гэсэн ойлголт байхгүй. Үр удмынхаа төлөө тууштай хичээл зүтгэл гаргаж, хойш суулгүйгээр нийтээрээ угийн бичгээ хөтлөх нь чухал. Хамаатнууд ярилцаж өөрийнхөө мэдэх түвшинд зөв аргаар угийн бичгээ хөтлөөд дараагийн үедээ үлдээх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа