Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр эцэслэжээ. Тодорхой хэлбэл, хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь буюу 47 гишүүн дэмжиж, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Улмаар Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурж ёсчилсон хуулиа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээв. Ингээд хууль, тогтоолыг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтлэх учиртай. Дээрх бүх процессыг хоёрдугаар сарын 1-ний дотор багтаан дуусгах аж. Засгийн газар үүний дараа хуралдаж яг хэдэн төгрөгөөр яаж нэмэх талаар тогтоол батална. Тогтоолын дагуу ХНХЯ-наас тооцооллоо банкуудад өгч, банкууд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулахаар ажиллаж байна. Товчхондоо, ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг битүүний өдөр ахмадуудын дансанд байршуулж дуусахаар ажиллаж байна.