Улаанбаатарын залуусын дунд зургаан чавхдаст гитараар хөгжимдөж сурах хөдөлгөөн 1960 оны эхэн үеэс идэвхтэй өрнөсөн билээ. Ийнхүү гитар олны хүртээл болж, дэлгэрэх эх үүсвэрийг миний бодлоор, тухайн үед Хятад улсын Шанхай, Бээжингийн хөгжмийн дээд сургуульд суралцаж байсан Зундуйн Эрдэнэбилиг, Раднаабазарын Энхбазар нар тавьсан гэж би боддог. Энэ хоёр маань Хятадад суралцаж байсан индонез оюутнуудаас гитараар хөгжимдөхийг сурсан гэдэг. Ингээд оюутны зуныхаа амралтаар ирэхдээ гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд дуулан хөгжимддөг байв. Улмаар энэ нь гэр бүл, найз нөхдийн хүрээнээс хальж, тэднийг дагасан фэнүүд Улаанбаатар даяар бий болж, гитар хөгжим сонирхох залуусын тоо жил өнгөрөх тусам нэмэгдсэн. Би тэдний нэг байлаа. Учир нь Эрдэнэбилигийн дүү З.Хангал минь ахаасаа гитараар хөгжимдөхийг гарамгай сурсан нэгэн байсан тул түүнд би шавь орсон юм. З.Хангал бид хоёр үй зайгүй найзууд байлаа. Бид хоёрын гэр их ойрхон байсан тул зав л гарвал мань хүн манайд ороод ирнэ. Тэгээд л гитар дээр аккорд барихыг сургаж гарна даа.
З.Хангал минь анх надад гитар дээр “Очи чёрные” хэмээх романсыг дуулж, хөгжимдөхийг зааж билээ. Бас болоогүй сурсан хэдэн аккорд, дуугаа дүү нар дээрээ очихдоо заана. Тэгэхэд манай дүү Д.Галсанбат минь 12, 13 настай жаал байж. Түүний ах Д.Галсанбаяр арван жилийн найм, есдүгээр ангийн сурагч. Хоёр дүү минь үнэхээр гайхалтай авьяастай хүүхдүүд байлаа. Ялангуяа Д.Галсанбат минь гитарыг гайхалтай эзэмшиж, хожим “Соёл-Эрдэнэ” чуулгын нэрийн хуудас болсон төдийгүй Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан билээ. Тийм ээ, Улаанбаатарын төв Дөчин мянгатын дүүргээс анх уянгалсан зургаан чавхдаст гитарын аялгуу жигүүрээ дэлгэж, дүү минь алдрын өндөрлөгт хүргэсэн гэж сэтгэлдээ бодож явдаг. Дүү минь нялх багаасаа л авьяаслаг, сэргэлэн, овсгоотой хүүхэд байлаа. Ялангуяа харь хэл сурахдаа тун гарамгай. Долоо, наймтайдаа нангиад хэлийг ус, цас шиг л сурсан юм даг.
1963 онд Умард Солонгос руу аав Б.Дэмчигдорж минь Монголын Элчин сайдын яаманд ажиллахаар томилогдоход миний бие дүү нарынхаа хамт явж билээ. Тэгэхэд Бээжин, Пёньян орох замд 10 гаруйхан настай Д.Галсанбат минь л бидэнд хэл залгуулж, нангиад хэлнийхээ ур чадвараараа хятад иргэдийг гайх шируулж байсан сан. Нангиадын хажуугаар бас орос хэлийг төрөлх хэл шигээ л эзэмшсэн нэгэн юм. Ямар сайн даа л 1990 оны сүүлчээр бид бүгдээрээ л шахам наймаанд гарч, “гахай” зөөх үед дүү минь Бээжингийн зах дээр наашаа харж нэг нангиадаар, цаашаа харж оросуудад хэлмэрчилж явахад нь тааралдсан монголчууд түүнийг хараад “Хүүе ээ, энэ чинь нөгөө “Соёл-Эрдэнэ”-ийн гитар хөгжимчин шүү дээ. Хятад, орос хэлээр сүрхий ярьдаг юм байна” хэмээн дуу алдсан гэдэг. Мэдээж, дүүг минь нэг жирийн хөгжимчний хэмжээнд бодож явсан хүмүүсийн хувьд үнэхээр сонин, хачирхалтай харагдсан юм болов уу даа. Үнэндээ дүү минь орос, хятад сургуульд сурч, өргөн мэдлэг боловсрол эзэмшсэн хүн байв. Маш эгэл даруу, хүүхдэрхүү хөөрхөн ааштай, нийтэч, найзархаг, хэнтэй л бол хэнтэй дотносож нөхөрлөнө. Тиймээс ч түүний найз нөхөд үй олон.
Ер нь Монголын хаана ч очсон түүнийг танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Тээр жил таксинд суугаад явж байтал жолооч үе үе над руу харснаа “Үгүй, та нэг хүнтэй яасан адилхан юм бэ. Нүдний шилээ зүүсэн нь хүртэл шүү” хэмээн сонирхоход нь “Хэнтэй ижил байна даа” хэмээн лавлахад “Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбаттай” гэх нь тэр. Тэгэхээр нь “Би ах нь л даа” гэсэн чинь намайг жигтэйхэн хүндэтгэж, зорьсон газар минь үнэ төлбөргүй хүргэж билээ. Дүүгийн минь хөгжимдөх өөрийн гэсэн өвөрмөц ур чадвар Монголын рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан юм. Тэгээд ч Д.Галсанбатыг минь манай үе үеийн хөгжимчид хүндэтгэж, “Монголын рок хөгжмийн загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг нь бас учиртай. Ямартай ч дүүгийн минь гитар хөгжмийн яруу аялгуу Европын орнууд, Ази тивийн Японы аралд ч эгшиглэж, Монголын хөгжимчин хэмээх нэрийг дуурьсгасан.
Ингэж хилийн чанадад аялан тоглолт хийж явахдаа Д.Галсанбат минь Британийн дэлхийд цуутай рок хөгжмийн “Smokie” хамтлагийн гоцлол гитарчинтай уулзан учирч, дотно танилцсан нь өөрийгөө ямар зиндааны хөгжимчин болохоо харуулсан хэрэг. Дүү минь чадварлаг гитарчин төдийгүй хөгжмийн авьяаслаг зохиолч хүн. Түүний уянгалаг дуунууд сэтгэлд хоногших, зүрх эзэмдэх аялгуу эгшгээрээ гайхалтай. Тэрбээр өөрөө маш романтик, тэмүүлэлтэй, бүхнийг сайхнаар төсөөлдөг, өөдрөг сэтгэлтэй хүн байсан тул дуу бүр нь амьдралын сайхныг нээж таниулсан гэгээлэг өнгө аяс, үзэл санаа шингээсэн байдгаараа хэний ч зүрх сэтгэлийг татах увдистай.
…Аз жаргалант амьдралын минь од хийморь болсон
Арван найман нас минь чи намайг бүү орхиоч…
Ахиад би чамтай учрахгүй болохоор
Арван найман нас минь чи намайг бүү орхиоч…
…хэмээх энэ шүлгийн ялангуяа давталтын мөр бүхэнд чухамдаа орь залуу насныхны нандин хүсэл, амьдралыг хайрлах зүрх сэтгэлийг дүү минь ер бусын уянгалаг намуухан яруу эгшгээр хөндөж чадсан байдаг. Ер нь аялгууны Ингэж хилийн чанадад аялан тоглолт хийж явахдаа
айзам хэмнэл, өнгө аясыг нийцүүлж, дууныхаа агуулга, санааг илэрхийлэхдээ Д.Галсанбат минь гайхалтай торгон мэдрэмжтэй хөгжмийн зохиолч байлаа. Яруу найрагч Д.Ринчиндоржийн “Тэмээн жингийн цуваа” шүлгийг яаж амилуулсныг нь сэтгэлдээ төсөөлөн аялж үзээрэй.
Тэмээн жингийн тэргүүн цуваа
Тэнгэрийн хаяанаас наашлан айсуй
Тэнүүн говийн тэнхээт алхаагаар
Тэнгэрээ тээгээд наашлан айсуй
Ширээ бөхөндөө нар мандуулсаар
Шижир туяагаа цацруулсаар ирнэ ээ
Таван хошуу сүргийн дундаас
Ганган улаан тэмээн сүрэг
Солонгорох зэрэглээндээ цуван бүжээд
Шандын говиор шаагиулан алхаад
Тэмээн жингийн тэргүүн цуваа
Тэнгэрээ тээгээд наашлан айсуй…
Энэ дууны агуулгыг илэрхийлэхдээ алсаас аажим наашлан ирж буй тэмээн жингийн цувааны аажуу тайван алхаа, дүр төрхийг аялгууны айзам хэмнэлээр нүдэнд харагдтал дүрсэлсэн юм. Дүү минь амьдралд хайртай, байгаль, гоо үзэсгэлэнг эрхэмлэдэг, сайхан өөд тэмүүлдэг байсан. Түүний энэ романтик сэтгэл “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” гэдэг дууны аялгуу эгшигт тод томруун шингэсэн дээ. Ер нь цагаан цайлган, бас алиа шогч, наргианч, хэн нэгэнд баяр баясал бэлэглэж чаддаг, өөрөө ч бусдын хараанд өртөж, онигооны баатар ч болчихдог хөгжөөнт хэрэг явдал дүүд минь бий. Эр хүн болохоор хааяа нэг сархад хүртчихнэ ээ. Зоогийн газар ширээний цаана сууж байсан дархан аварга Х.Баянмөнхийг нэг давжаа биетэй, жижигхэн нөхөр дөхөж ирээд алгадаад авч. Харин аварга өөдөөс нь огт ажиггүй хараад, дооглонгуй инээмсэглэн сууж байсан гэдэг. Хоёр эр хүн бие биеэ сүрхий ойлгосон бололтой. Дүүтэй минь холбоотой хошин наргиан яриа бишгүй л сонсож явлаа. Энэ нь гэгээн амьдралын нэгэн чимэг юм даа. Амьдрал олон өнгөтэй, баян шүү дээ.
Эдүгээ хөх тэнгэрээ эзлэнхэн буй Д.Галсанбат дүү минь Монголынхоо ард түмний зүрх сэтгэлд хосгүй уран чадвар, бүтээлээрээ мөнхөрч, оюун санаанд нь үүрд амьд яваа нь бахархалтай.
Урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн