Монгол Улсын худалдааг дэмжих TRAM төслийг Европын Холбооноос үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар төслийн удирдагч, худалдааны эксперт Георги Мирогианнис МҮХАҮТ-ын удирдлагатай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Дээрх төслийг 2017-2021 онд хэрэгжүүлсэн бөгөөд экспортын кластерыг хөгжүүлэх, нийлүүлэлтийн шинэ боломж нөөцийг нээх, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэхэд сайн туршлага, жишиг болсон юм. Тэгвэл цаашид худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн С ангиллын хүлээх үүрэг амлалт, үүнтэй холбоотой гаалийн тухай хуулийн холбогдох нэмэлт, өөрчлөлтийг боловсруулахад TRAM дэмжлэг үзүүлэх аж. Мөн Монгол Улсаас Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн (GSP+) хүрээнд экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, Европын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнд гэрчилгээ, бүртгэл олгуулахад илүүтэй хамтран ажиллана хэмээн Георги Мирогианнис дурдсан байна.
Бэлтгэсэн С.Дулам