“Зэрлэг амьтдад ээлтэй төмөр зам” төслийн ажлын явцыг ЗТХЯ-наас танилцууллаа. Тодруулбал, Сүхбаатараас Замын-Үүд өртөө хүртэлх 1110 км төмөр зам нь Ази, Европыг холбосон олон улсын тээврийн гол коридор боловч биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг босоо тэнхлэгт хоёр хуваасан байдаг. Ялангуяа төмөр замын гол шугамын хамгаалалтын тор нь тал хээрийн туурайт амьтад болох цагаан зээр, хулан, аргаль, хар сүүлтийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, үхэл хорогдолд хүргэж буйг 2013-2018 онд хийсэн судалгаагаар тогтоожээ. Тиймээс “Оюутолгой” компанийн санхүүжилтээр БОАЖЯ, ЗТХЯ-наас “Зэрлэг амьтдад ээлтэй төмөр зам” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээнд уулархаг болон тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц гаргаж, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам дагуу урьдчилан сонгосон гурван байршилд хамгаалалтын торыг хэсэгчлэн авч, бүтцийг нь өөрчилсөн аж. Мөн дээрх байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй 85 камер суурилуулж, Дорноговь аймгийн Өргөн сумын зарим малд байршил тогтоох хүзүүвч зүүжээ. Цаашид шинэ төмөр замын төслүүдэд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, зэрлэг амьтдын нүүдлийн эрчимтэй цэгийн судалгаанд үндэслэн холбогдох стандартад нийцүүлж гарц, гарам байгуулах талаар зураг төсөл, ТЭЗҮ-д тусгуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж буйг ЗТХЯ-наас мэдээллээ.