Нийслэлд өчигдрийн байдлаар дөрвөн дүүргийн 18 хороонд халиа тошин үүсээд байна. Сонгинохайрханд хамгийн олон буюу долоон хороонд ийм асуудал тулгарчээ. Мөн Чингэлтэйд тав, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тус бүр гурван хороонд халиа тошин үүсэж, багагүй хэмжээний талбай мөсөөр хучигдсан аж. Булгийн болон хөрсний ус хальснаас ийм асуудал үүссэн гэнэ. Тиймээс онцгой байдлын байгууллагаас Геодез, усны барилга байгууламжийн газар болон бусад холбогдох мэргэжлийнхний хамт газар дээр нь ажиллан, шуудуу татаж, ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ мөс цэвэрлэх арга хэмжээ авч буй гэнэ. Халиа тошин үүссэн газруудын мөсийг дулаарахаас өмнө цэвэрлэж, арга хэмжээ авахгүй бол ирэх хавар шар усны үер бууж, олон айл усанд автах эрсдэлтэй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан юм. Тиймээс үүнд зарцуулах санхүүжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхантай хамтран шийдвэрлэх гэнэ.
Бэлтгэсэн М.Оч