Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор зарим хүнсний барааны үнийн өөрчлөлтийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын сүүлчээр хэвийн боов нэг ширхэг нь 2530-2762 төгрөгийн үнэтэй байж. Тэгвэл 2021 онд 2755-3200 төгрөг, 2022 оны нэгдүгээр сарын 29-ний байдлаар 3950-4840-д хүрсэн аж. Энэ нь хэвийн боовны үнэ 2019 оныхоос 75 хүртэлх, өнгөрсөн жилийнхээс 51.3 хувиар нэмэгдсэн дүн болжээ. Харин өнгөрсөн долоо хоногт 175 000-475 000 төгрөгөөр ууц борлуулж байсан нь 2021 оныхоос 31-41, гурван жилийн өмнөхөөс 16-43 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Түүнчлэн нэгдүгээр зэргийн, савласан нэг кг гурил өдгөө дунджаар 1400, хонины ястай мах кг нь 7364, үхрийнх нь 8994, үйлдвэрийн нэг литр сүү 3266 төгрөгийн ханштай байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад 6.9-15 хувиар ахисан дүн аж. Харин 2019 оныхоос махны үнэ 57, гурилынх 32, сүүнийх 19 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.
Бэлтгэсэн С.Цэрэн