Тэрбээр Британийн колони байгаад тусгаар тогтнолоо олж Гана гэдэг улс болсон Алтан эрэгт 1938 онд төрсөн байна. Эцэг нь колоничлогч Засгийн газрын нэг мужийн захирагчаар томилогдсон нь хүү Аннанд нь завшаан болсон гэлтэй. Ийм хүмүүс Европ зүгийн боловсрол олж, амьдрал нь ч европ хэвшилтэй байдгаас Африкт тэднийг “хар-цагаан” гэж нэрлэдэг аж. Хүү эдийн засгийн мэргэжил эзэмшихээр эхлээд Америкт очсоноо дараа нь Женевт Олон улсын харилцааны дээд сургуульд сурч, дахиад Америкт Массачусетсийн технологийн дээд сургууль төгсжээ. Эх орондоо эргэж ирээд бүхэлдээ “хар-цагаан”-аас бүрдсэн улс төрийн тогтолцоонд байр сууриа төвөггүй олж чадах байв. Гэлээ ч Аннан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад том биш алба хашихаар шийдсэн байна. Ингээд 1962 онд ДЭМБ-ын захиргаа, төсвийн ажил хариуцан Женевт алба хаав. Түүний үйл ажиллагаа үндсэндээ Африкийн бүс нутагтай холбоотой, нөхдийнх нь ярьснаар тэрбээр эрч хүчтэй зохион байгуулагч байснаас тэднээсээ “Холын зайн гүйгч” хоч авсан аж.
НҮБ-ын янз бүрийн бүтцэд гучин жил ажиллахдаа эхлээд Ерөнхий нарийн бичгийн даргын энх тайвныг дэмжих ажил хариуцсан туслахаар, дараа нь түүний орлогч болж байжээ. Ийм албыг хашсан хугацаа нь 1990-ээд оны дунд үед тохиов. Энэ үед тус байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаа үлэмж нэмэгдсэн байна. Тухайн үед 17 ажиллагаанд нийтдээ 80 мянган энхийг сахиулагч хамрагджээ. Энэ мэт үйл ажиллагааг тэр үед НАТО хэмээх бүс нутгийн байгууллага эрхэлж байв. 1995 онд Дейтоны энхийн хэлэлцээр байгуулсны дараа НАТО-г анх ашигласнаар Босни ба Герцеговин дахь иргэний дайн зогсжээ. Тэгэхэд Кофи Аннан хуучин Югославт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байлаа.
НҮБ-ын түрүүчийн Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Бутрос Бутрос Гали 1996 онд АНУ-тай маргаан үүсгэсний улмаас Вашингтон түүнийг улираан сонгуулахгүйн төлөө идэвхтэй хөдөлж эхэлжээ. НАТО-гийн нисэх хүчнээр Сербийн БНУ-ын нутаг дэвсгэрийг бөмбөгдүүлэх гэсэн америкчуудын санаачилгыг Бутрос Гали 1995 оны наймдугаар сард эрс эсэргүүцэж. Гэтэл түүний орлогч Аннан агаарын довтолгоон хийхийг зөвшөөрчихөв. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон ч НҮБ-ын төсөвт АНУ 1.45 тэрбум ам.долларын татвар төлөхийг олонх нь бүгд найрамдахчуудаас бүрдсэн Конгрессоор зөвшөөрүүлэхэд төвөгтэй байх болно гэж мэдэгдсэн нь Бутрос Галиг дэмжихгүйгээ илэрхийлсэн хэрэг байлаа. Долоо хоног ярилцсаны эцэст Аюулгүйн зөвлөл Кофи Аннаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар батлахаар шийдвэрлэв.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүний санаанд Аннан нийцсэнийг хэлэх нь зүйтэй юм. “Хүйтэн дайн” дууссаны дараа олон улсын харилцаанд гүйцэтгэх үүрэг нь үлэмж өөрчлөгдсөн тус байгууллагад шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга өөрчлөлт, шинэчлэлт хийж чадна гэж тэд үзжээ. Ийнхүү Аннан бага тушаалын албан хаагч байснаа Ерөнхий нарийн бичгийн дарга болсон анхны хар арьст хүн юм.
Кофи Аннан өөрийн гол зорилт болох НҮБ-д өөрчлөлт хийх ажилдаа алгуурлалгүй оров. “НҮБ-ыг шинэчлэх нь” гэсэн нэртэй төлөвлөгөөгөө тэрбээр 1997 оны долдугаар сард гишүүн орнуудад танилцууллаа. Аннан НҮБ-ыг “цомхон хэрнээ үр ашигтай байгууллага” болгохоор төлөвлөжээ. Тус байгууллагын төв байрны 6000 хүнтэй аппаратыг 1000 хүнээр цөөлөх, Нарийн бичгийн дарга нарын газрыг НҮБ-ын төлөөлөгчдийн авсаархан танхим болгохыг зорив. Гэвч Аннаны төлөвлөгөө тухайн байгууллагын хөөж хавагнасан хүнд сурталтай нүүр тулгаран “гацлаа”. Аннаны тавьсан зорилт 10 жилийн дараа ч биелэлгүй 2007 оны нэгдүгээр сарын 1-нд ажлаа эхэлсэн дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд ч өвлөгдөн үлдэж мэдэх байв.
Аннан байгууллагынхаа өндөр албан тушаалтнуудад урьд нь бараг байхгүй байсан эмэгтэйчүүдийг дэвшүүлж эхэлжээ. Канадын иргэн Луиза Фречеттийг өөрийн туслахаар, хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын бүрэн эрхт тусгай төлөөлөгчөөр ирланд бүсгүй Мари Робинсоныг, ДЭМБ-ын тэргүүнээр Норвегийн иргэн Гро Харлем Брундтлэндийг ажиллуулах боллоо. 1998 он Кофи Аннаны хувьд гарцаагүй дипломат ялалтын жил болсон юм. Үй олноор хөнөөх зэвсэг нуусан байж болзошгүй хэсэг объектыг НҮБ-ын ажилтнууд шалгахыг Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейнаар зөвшөөрүүлж чадав. Эдгээр объект руу НҮБ-ын ажилтнуудыг долоон жил нэвтрүүлээгүй байсан юм. Шинжээчдийн үзсэнээр чухамхүү энэ шалгалтын улмаас цэрэг, дайны зөрчилд хүрэхээс зайлсхийж чадсан аж.
1988 онд Шотландын Локкерби гэдэг жижиг хотын тэнгэрт Pan Am компанийн онгоцыг дэлбэлж 270 хүний амийг хохироосон гэмт хэргийг бэлтгэхэд оролцсон гэх хоёр сэжигтнийг холбогдох байгууллагад өгүүлэхийг ятгахаар Кофи Аннан Ливийн удирдагч Муаммар Каддафитай уулзав. Түүний хүчин чармайлтын дүнд 1998 онд хоёр сэжигтнийг хүлээлгэж өгөх, амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэнд 2.7 тэрбум ам.долларын төлбөр өгөхийг зөвшөөрсөн байна.
Зүүн Тиморт хүчирхийллийг зогсоохын тулд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэд хэдэн дипломат арга хэмжээ авлаа. Оршин суугчид нь Индонезээс тусгаар тогтнохын төлөө 1975 оноос хойш тэмцэж ирсэн энэ бүс нутагт НҮБ-ын хүчнийхний хяналт дор тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх олон түмний санал асуулга боллоо. Ийнхүү Жакартагийн албан ёсны эрх баригчид энэ газар нутагтай зууралдахаа больж, түүнийг НҮБ-ын мэдэлд түр хугацаагаар шилжүүлэв.
1982 онд байлдааны явцад эзлэгдсэн Өмнөд Ливаны нутгаас НҮБ-ын шийдвэрээр Израилын цэргийг гаргах ажил 2000 оны есдүгээр сард эхэллээ. Гэвч “Хезболла” хөдөлгөөний дайчид энд суурьшив. Ливаны өмнөд нутагт НҮБ-ын хэдэн мянган ажиглагч байрлаж байсан ч тухайн нөхцөл байдалд нөлөөлж чадсангүй. Тиймээс НҮБ илүү эрчимтэй арга хэмжээ авч Ливаны өмнөдөд өөрийн 15 мянган энхийг сахиулагчийг оруулахад хүрэв. “Хезболла”-гийн дайчдыг тэндээс шахаж гаргасан ч зэвсгийг нь хурааж чадсангүй. Палестин-Израилын байдлыг энхийн замаар зохицуулах үйлсэд 2000 онд бас нэг томоохон ахиц гаргав. Хоёр улсыг зааглах төслийг боловсруулж эхэлжээ. Гурван жилийн дараа НҮБ, АНУ, ОХУ, Европын холбооны боловсруулсан “Замын зураг” батлагдлаа. Зөрчилдсөн талууд “хүчирхийллээ зогсоож”, хоорондоо “хэвийн харилцаа” тогтоох ёстой болов. Гэлээ ч 2005 оноос хэрэгжүүлэх төлөвлөгөө шинжээчдийн үзсэнээр “Палестин хийгээд Израилын эрх баригчид бэлэн биш байснаас” хэрэгжсэнгүй. Ажиглагчдын бодлоор хориг тавих эрхтэй АНУ, ОХУ, Хятад, Франц, Их Британийн байр суурь зөрчилдсөнөөс НҮБ-ын нөлөө бүхий бүтэц болох Аюулгүйн зөвлөл Кофи Аннаныг Ерөнхий нарийн бичгийн дарга байх хугацааны туршид үндсэндээ ажиллах чадваргүй болжээ. НҮБ болон Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 1999 онд Югославыг НАТО-гийн нисэх хүчин бөмбөгдсөн нь энэхүү санал зөрөлдөөний үр дүн байв. “Косово дахь үндэстэн ястны хоорондын цэвэрлэгээг зогсоохын тулд агаараас цохилт өгсөн юм” АНУ тэгэхэд мэдэгдсэн байна. Америк ийн бөмбөгдсөний дараа л НҮБ энэ бүс нутагт сэтгэлээ чилээж, Косово түүний захиргаанд орж, Аюулгүйн зөвлөл 1244 тоот тогтоолын дагуу энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж эхлэв. Энэ үйл явдал Кофи Аннаныг олон улсын байдалд нөлөөлөх чадваргүй хэмээн дайрч давшлах аян шалтаг болов. Аннаныг эсэргүүцэгчдийн үгээр бол тэрбээр НҮБ-ыг АНУ мэхлэх зэвсэг болгож хувиргасан аж. Тухайн тохиолдолд шударга хандах үүднээс тэмдэглэхэд АНУ эхэлж олон улсын эрхийг үл тоомсорлосон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга харин уг үйл явдлаас хөндий байжээ. Энэ нь НҮБ-ын сул талыг харуулсан байж болзошгүй.
Цэрэг, дайны дараагийн томоохон ажиллагааг Аюулгүйн зөвлөл нэгэнт зөвшөөрсөн байлаа. Аюулгүй байдлыг сахихад дэмжлэг үзүүлэх Олон улсын хүчинд нэгдсэн Британи, Америкийн тодорхой тооны цэрэг 2001 онд Афганистанд оров. Байлдааны ажиллагаа “Талибан” хөдөлгөөний эсрэг чиглэсэн юм. 2006 оны эцэс гэхэд Афганистаны газар нутагт тавих хяналт НАТО-гийн энхийг сахиулагчдад шилжсэн ч, талибуудын байн байн хийх дайралт байдал тогтворжих талаар ярих боломжийг америкчуудад ч олгохгүй байв. АНУ-д байсан мэдээллээр Афганстаны газар нутаг дээр байсан “Аль-Кайда”-гийн алан хядагч сүлжээг устгаж, ядаж зохион байгуулалтыг нь ч эвдэж чадсангүй. Афганистанд талибуудын байрлалд өгсөн цохилтыг алан хядах ажиллагаатай хийх тэмцлийг шийдвэрлэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны хийсэн ганц алхам гэж үзэж болно.
Ерөнхий нарийн бичгийн дарга нь дипломатч, хүний эрхийг хамгаалагчийн адил иргэний албан хаагч, засаг захиргааны гол том албан тушаалтны хувьд НҮБ-ын үзэл санааны билиг тэмдэг нь байдаг. Тэрбээр өөрт нь Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей, Эдийн засгийн болон Нийгмийн зөвлөл, НҮБ-ын бусад байгууллагын хүлээлгэсэн үүргийг биелүүлдэг юм. Түүний бодлоор олон улсын энх амгалан, аюулгүй байдалд аюул учруулж болохуйц аливаа асуудлыг Аюулгүйн зөвлөлд тавьж байх бүрэн эрхийг Ерөнхий нарийн бичгийн даргад НҮБ-ын дүрэм олгодог.
АНУ, Британийн өрнүүлсэн Афганий кампани НҮБ-ыг цагаатгасан ч үгүй, урьд өмнийн нөлөөг эргүүлж авчирсан ч үгүй. 2003 оны гуравдугаар сард дээрх хоёр улс Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Ирак руу дайрч Саддам Хусейний дэглэмийг унагав. Аюулгүйн зөвлөл өөртэй нь дахин зөвшилцөлгүйгээр нэлээд хэдэн тохиолдолд дайн эхлүүлэхийг зөвшөөрсөн, Ирактай хамааралтай хэд хэдэн тогтоол гаргасан хэмээн Америк, Британийн өндөр албаныхан байлдааны ажиллагаа эхэлсний дараа мэдэгдсэн байдаг. Иракт дайн эхэлсэн нь НҮБ-ын бүтэц, АНУ, Британийн гаргасан шийдвэрт аливаа нөлөө үзүүлж чадахаа байсан гэж үзэх болсон Ерөнхий нарийн бичгийн даргыг ширүүн шүүмжлэх шалтаг болов.
2005 онд Ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндэд шинэ цохилт ирлээ. Түүнийг авлигын хэрэгт буруутгав. НҮБ-ын “Нефтийг хүнсний зүйлээр солих” хөтөлбөрийн 10 сая ам.долларын өртөгтэй тендерт Аннан хүүгээ ялахад нь тусалсан гэх хэл аманд оржээ. Гэвч Ерөнхий нарийн бичгийн даргыг буруутгах баримт олдсонгүй. Түүнээс гадна НҮБ санхүүгийн хувьд АНУ-аас хараат байдалд оров. Америкчууд НҮБ-д 1.6 тэрбум ам.доллар зээлүүлж, эргүүлж төлөхийг нь яаруулсангүй. Гэтэл энэ мөнгө энхийг сахиулах үйл ажиллагаа, хүмүүнлэгийн хөтөлбөрт битгий хэл, урсгал зардалд ч хүрэлцэхгүй байлаа. Олон улсын асуудлыг шийдвэрлэхэд НҮБ урьдын нөлөөгөө улам бүр алдаад байв. НҮБ-ыг тухайн үедээ бий болголцсон, одоо бол түүний үзэл суртлыг төлөвшүүлж байгаа тэргүүлэх улсууд шийдвэр, зорилтыг нь тоохоо больжээ. Аннан НҮБ-ыг өөрчилж чадсангүй. Тэрбээр хүнд сурталтай хийх тэмцэлдээ өөрийн хүчийг зөв тооцоолсонгүй. Өөрийн хэлж байсан “чимээгүй хувьсгал”-ыг НҮБ-д хэрэгжүүлж чадсангүй. Гэлээ ч тус байгууллага урьдын хэвээр нөлөөтэй, түүнийг үл тоомсорлох нь эрт байлаа. Ямар ч байлаа гэсэн олон улсын зөрчлийг шийдвэрлэхэд цорын ганц хууль ёсны газар нь НҮБ л байв. Түүнээс гадна дэлхийн хамтын нийгэмлэгийн хүмүүнлэгийн хийгээд сайн үйлсийн томоохон институт байсан, байсаар ч байлаа. Кофи Аннаны байгуулсан гавьяаг 2001 онд Нобелийн шагналаар үнэлсэн билээ. Уг шагналыг гардуулахдаа “тус байгууллагыг өөрчлөн шинэчлэх үйлсийг өөр бусад хэнээс ч илүүгээр урагшлуулсан. Бүх нийтээр энх тайван, хамтын ажиллагаанд хүрэх зам нь гагцхүү НҮБ юм” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Бэлтгэсэн Р.Жаргалант