Коронавирусийн омикрон хэлбэрээс улбаатайгаар манай улсад цар тахлын дөрөв дэх давлагаа үргэлжилж байна. Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас мэдээлснээр дөрөв дэх давлагааны оргил үе нь өдгөө тохиож буй гэнэ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан халдварын нөхцөл байдлын талаар “Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Энэ он гарахын өмнө нийт PCR шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь 4-5 байлаа. Уг үзүүлэлт долоо хоног тутам нэмэгдсээр өдгөө 30 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны сүүлчээс зургаа дахин нэмэгдлээ. Дельта хэлбэрийн халдварын улмаас үүссэн гурав дахь давлагааны оргил үед энэ үзүүлэлт 33 хувьд хүрч байсан юм. Түүнтэй харьцуулахад харьцангуй бага. Өдгөө нийт тохиолдлын 60 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Үлдсэн нь орон нутагт бүртгэгдэж буй. Орон нутгийн хувьд нийслэлтэй харьцуулахад халдварын тархалт харьцангуй бага байснаа өдгөө ихсэж эхэллээ. Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт тохиолдлын тоо нэлээд нэмэгдэх болсон” гэлээ.
Дельта хэлбэрийн давлагааны үед улсын хэмжээнд эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, дээд цэгтээ тулж байлаа. Тодруулбал, Монгол Улсад эмнэлгийн 27 000 ор байдгаас 80 орчим хувийг нь зөвхөн “Ковид-19”-ийн эмчилгээнд зориулж, эмнэлэг бүрт шахам “улаан бүс” нээгээд байв. Товчхондоо, салбарын даац хэтрэн, ачааллаа дийлэхгүй болж, үндсэн тусламж, үйлчилгээ нь ч доголдоход хүрч байлаа. Тэгвэл дөрөв дэх давлагааны үед эмнэлгүүдийн нөхцөл байдал, ачаалал ямар хэмжээнд хүрснийг тодруулсан юм. “Омикроны хэлбэрийн халдварын үед нэн хүнд өвчтөний эзлэх хувь нэгээс хэтрээгүй. Одоогоор 0.7-0.8 хувьтай байна. Дельта хэлбэрийн халдварын оргил үед уг үзүүлэлт 2.2-2.3 хувь байлаа” гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, цар тахлын дөрөв дэх давлагааны үед эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай хүний тоо харьцангуй цөөрчээ. Тэр хэрээр эмнэлгүүдийн ачаалал ч харьцангуй бага байгаа аж. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэлийн мэдээлснээр бол улсын хэмжээнд 11 084 хүн коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин гэртээ 59 321 хүн эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Тодруулбал, халдвар авсан иргэдийн олонх нь хөнгөн өвчилж, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа аж. Бас гурав дахь давлагааны үеийнх шиг бүх эмнэлгийг “улаан бүс” болгоогүй. Орон нутагт эрүүл мэндийн 42 байгууллагын 5482 орыг коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчлэхэд ашиглаж байгаа. Нийслэлд 35 эмнэлгийн 4345 орыг “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүсийг анагаахад зориулж дэлгэжээ. Тэрбээр “Эмнэлэгт ирж байгаа хүн бүрийн биеийн байдлыг эрэмбэлдэг. Эрэмбэлэх явцад хүнд болон нэн хүнд хүний тоо илт нэмэгдвэл ор нэмэлтээр гаргах бодлого баримталдаг. Нийслэлд нөхцөл байдал одоогоор тогтвортой байна. Утсаар ярьж, ор зохицуулах багт хандсан хүн бүрийг шууд эмнэлэгт хэвтүүлж чадахгүй байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг шууд хэвтүүлж байна. Бусад хүн 1-2 хоног хүлээж буй. Мэдээж нэн хүнд өвчтөнийг хоёр хоног хүлээлгэхгүй. Яаралтай арга хэмжээ авч, эмнэлэгт хэвтүүлэн, эмчилж буй. Цар тахлын дэгдэлт нийслэлд харьцангуй тогтворжиж, харин орон нутагт ихсэх хандлагатай болсон. Тиймээс ирэх долоо хоногт (энэ долоо хоногт) аймаг бүрт орны зохион байгуулалт хийнэ. Шаардлагатай газруудад орыг шат дараатайгаар нэмнэ” гэв.
Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19”-ийн үеийн амбулаторийг дүүрэг бүрт нээн ажиллуулж, иргэдэд зөвлөмж, туслалцаа үзүүлж буйгаа мэдээлэв. Тус газрын дарга Б.Бямбадорж “Халдвар авсан иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, цээжний зураг авхуулах шаардлагатай бол Улаанбаатар хотын хэмжээнд “ковид”-ын 12 амбулатори ажиллаж байна. Тэдгээрт зөвхөн коронавирусээр халдварласан хүмүүсийг хүлээн авна. Биеийн байдал нь маш хүнд, нэн даруй эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тэр өдөрт нь эмнэлэгт хэвтүүлж буй. Өдөрт 150-180 хүнийг яаралтай нөхцөлөөр эмнэлэгт хэвтүүлж байна. Мөн хүүхдийн өвчлөл нэлээд нэмэгдсэн. Тийм учраас Улаанбаатар хотод хувийн хэвшлийн найман хүүхдийн эмнэлэгт “Ковид-19”-ийн амбулатори ажиллуулж эхэллээ. Хувийн хэвшлийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд “ковид”-ын амбулатори нээн ажиллуулж байгаа гэж ойлгож болно. Ийнхүү зөвхөн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд үйлчлэх амбулаторийг нээснээр эмнэлгүүдийн ачааллыг хөнгөвчилж байгаа” хэмээлээ.
Омикрон хэлбэрийн халдварын хүндрэл бага ч улсын хэмжээнд томуугийн улирал эхэлсэн нь хүүхдийн өвчлөл ихсэхэд нөлөөлжээ. Тухайлбал, улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 11 хувийг томуу, томуу төст өвчин эзлэх болсон байна. Долоо хоногийн өмнө эл үзүүлэлт 7.3 хувь байжээ. Уг үзүүлэлт 10 хувиас давбал нөхцөл байдал илт хүндэрсэн, онц байдал зарлах хэмжээ гэж үздэг билээ. Томуу, томуу төст өвчний нийт тохиолдлын 40 хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт бүртгэгдэж байгаа аж. Тэр дундаа нийслэл, зургаан аймагт халдварын тархалт өндөр байгаа юм. Одоогоор томуу, томуу төст өвчин үүсгэгч есөн төрлийн вирус дэгджээ. Үүнээс хамгийн өргөн хүрээнд тархсан нь риновирус гэнэ. Томуу, томуу төст өвчнүүдийн шинж тэмдэг нь омикрон хувилбарынхтай төстэй байгаа бөгөөд хүүхдүүд аль алинаар нь өвдөж, эмнэлэгт хандах нь эрс ихсэж, ачаалал нэмэгдсэнийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлсэн. Тус төвд хандсан эцэг, эхчүүд ч “Хүүхдийн эмнэлэг хөл гишгэх зайгүй шахам байна” гэсэн юм. Орон нутагт ч нөхцөл байдал амаргүй бөгөөд Дархан-Уул аймагт гэхэд хүүхдийн өвчлөл эрс нэмэгджээ. Тиймээс зөвхөн 0-5 настай хүүхдүүдийг хэвтүүлэн эмчлэх “Ковид-19”-ийн тасгийг Нэгдсэн эмнэлэгтээ нээсэн байна.
Халдварын тархалт ихтэй аймгуудын тоонд Дорноговь багтаж буй. Тус аймагт эмнэлгүүдийн ачаалал ямар байгааг Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэгээс тодруулахад “Өдөрт 200-300 хүнээс “Ковид-19” илрүүлж байна. Аймгийн хэмжээний хоёр Нэгдсэн эмнэлэг болон сумуудын Эрүүл мэндийн төвд нийт 156 хүн хэвтэн эмчлүүлж буй. Биеийн байдал нь эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүртэл хүндэрсэн хүн харьцангуй цөөн. Тухайлбал, манайд одоогоор биеийн байдал нь нэн хүнд ангилалд шилжсэн хүн алга. Эмч, ажилтнуудын тухайд гэвэл халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж буй 54 хүн бий. Тэдний олонх нь гэр бүлийн хүрээллээс халдвар авсан. Ийм тооны эмч, ажилтан өвчилсөн нь эмнэлгүүдийн хүний нөөцөд хүндээр нөлөөлж, бэрхшээл учруулаагүй. Тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байна. Одоогоор амбулаторийн нийт үзлэгийн 5.8 хувийг энэ төрлийн өвчлөл эзлэх болсон” гэлээ.
Мөн улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний ачаалал, дарааллын талаар тодрууллаа. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Дараалал, хүлээгдэл төдийлөн байхгүй. Тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Цагаан сарын өмнө ачаалал бага зэрэг буурдаг” хэмээсэн юм. Тэгвэл Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Одоогоор ачаалал харьцангуй бага байна. Ерөнхийдөө сүүлийн 30 гаруй жил ажигласан туршлагадаа үндэслэн хэлэхэд Цагаан сарын үеэр ачаалал харьцангуй багасдаг. Хүмүүс Цагаан сар гээд эмнэлэгт үзүүлэхээ бараг мартдаг. Үндсэн тусламж, үйлчилгээний хувьд амбулаторийн үзлэгийн тоо саяхан л 1000-аас давж байсан бол одоо 790-д хүрчихлээ. Мөн хэвтэн эмчлүүлж байсан хүний тоо 460-аас 390 болж, харьцангуй буураад байна. “Ковид-19”-ийн тусламж, үйлчилгээний тухайд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийнхэн хамтраад Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд 300 ортой эмнэлэг байгуулж, иргэдэд үйлчилж байгаа. Манай эмнэлгийнхэн тэнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилладаг. Өдгөө 240 хүн хэвтэн эмчлүүлж буй. Халдвар авсан иргэдийн олонх нь утсаар зөвлөгөө авч, гэртээ эмчлүүлж байгаа. Харин Цагаан сарын дараа ачаалал ихсэх нь ойлгомжтой. Ерөнхийдөө баярын дараа эмнэлэгт хандах хүний тоо эрс нэмэгддэг” гэсэн юм. Тус эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний ачааллын талаар тодруулахад “Ковид-19”-ийн дараах эмчилгээ хийлгэх гэсэн хүний тоо эрс нэмэгдэж, нэлээд тулгамдсан асуудал болсныг хэллээ. Тиймээс энэ чиглэлээр хяналтын кабинет байгуулан ажиллаж буй гэнэ. Харин бусад төрлийн тусламж, үйлчилгээний талаар Ц.Төмөр-Очир “Хамгийн их ачаалалтай байгаа үйлчилгээ бол нэгдүгээрт, зүрх, судас, хоёрт, мэдрэл, гуравт, уушгины өвчлөл байна. Хагалгааны тухайд тархи, нуруу нугасных 14-20 хоногийн хүлээгдэлтэй. Харин бусад төрлийн хагалгаа хүлээгдэлгүй” хэмээлээ.
Эмнэлгүүдэд өдгөө хүндрэл бэрхшээл бага байгаа ч Цагаан сарын дараа ачаалал эрс ихсэж болзошгүйг анхааруулсан. Тиймээс үндэсний баяраа аль болох цахимаар тэмдэглэхийг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байлаа. Мөн Цагаан сарын дараах ачааллыг хөнгөлөх боломж нь цахим золголт хэмээв.
Бэлтгэсэн М.Оч