Нийслэлчүүд “Тавантолгой түлш”-тэй түншлээд 3.8 жилийн нүүр үзэж байна. Засгийн газар 2018 оны хоёрдугаар сард 62 дугаар тогтоол гаргаж, Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Харин үүнээс гурван сар орчмын дараа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай Засгийн газрын хурал дааны шийдвэрийн дагуу хуралдаж, зөвшилцсөний үндсэн дээр “Тавантолгой түлш”-ийг байгуулсан байдаг. Тухайн оны намраас үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилт дэвшүүлсэн байсан тул цаг алдахгүйн тулд бэлэн дэд бүтэц бүхий, хотод ойр цэгт үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг байв. Ингээд тус газарт гурван хэсэг байгууламж бүхий үйлдвэр барьж, түүнийгээ баруун бүсийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангах төв гэж нэрлэсэн. Харин хоёр дахь буюу зүүн бүсийнхийг нь уржнан арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж, 2021 оны арванхоёрдугаар сараас үйлдвэрлэлийн жигд горимд шилжүүлсэн юм. Үндсэндээ тус компани өнгөрсөн оны сүүлчээс л бүрэн хүчин чадлаараа ажиллаж, долоон цехийн 20 шугамаар түлш үйлдвэрлэн, гэр хорооллын иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээг хангаж эхлээд байв. Эдгээр үйлдвэрийг байгуулахад 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан.
“Түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт жигдэрлээ”, “Үйлдвэр бүрэн хүчин чадлааараа ажиллаж эхэллээ” хэмээн албаныхан сүртэй гэгч нь мэдээлж, сурталчилж эхэлснээс хэдхэн хоногийн дараа баруун бүсийн үйлдвэрт гал гарч, хэвийн ажиллагаа нь алдагдав. Түлш ачиж явсан том оврын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байсан хоёр автомашиныг мөргөсөн явдал үүнээс 10 гаруй хоногийн дараа гарлаа. Хагас сар хүрэхгүй хугацаанд тус үйлдвэртэй холбоотой хоёр ч осол гарсан нь энэ. Ерөөс “Тавантолгой түлш” байгуулагдсан цагаасаа л иймэрхүү осол, зөрчил гарган, олны шүүмжлэл, хэл амны бай болсоор ирсэн юм. Өнгөрсөн оны есдүгээр сард, өвөлжилтийн бэлтгэл ид өрнөх үеэр ажилтнууд нь ажил хаяж, тус компанийн удирдлагууд төдийгүй нийслэлчүүдийг сандаргасан. Баруун бүсийн үйлдвэрт ажилд ороод удаагүй залуу бутлуурын машинд хавчуулагдан нас барсан харамсалтай явдал өнгөрөгч оны эхэнд мөн гарч байсан.
Эл компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, хотын гэр хорооллынхныг сайжруулсан түлшний “түншлэл”-д бүрэн шилжүүлснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг 50-80 хувиар бууруулах боломжтой гэж судлаач, мэргэжилтнүүд анх тооцоолж байлаа. Засгийн газар ч үүнийг бүрэн боломжтой гэж үзэн, “Тавантолгой түлш”-д итгэл хүлээлгэж, үйлдвэрлэл, үйл ажиллагааг нь байдаг чадлаараа дэмжин, тэтгэсээр өнөөдрийг хүрсэн юм. 2018-2019, 2019-2020 оны өвөл хотын утаа тодорхой хэмжээнд буурч, нийслэлчүүд хэсэгтээ агаарын бохирдлын асуудлыг умартсан. Гэвч сүүлийн хоёр жилд нөхцөл байдал эрс муудаж, нийслэл утаан хөшгөө эргэн нөмрөв. Төрөөс бодлогоор, ганц эх үүсвэрээс, сонголтгүйгээр олгож буй түлшинд цаашид итгэж болох, эсэхэд иргэд эргэлзэх боллоо. “Стандартын шаардлага хангасан”, “Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр баталгаажсан”, “Үйлдвэрийн дотоод хяналт, шалгалт тогтмол хийдэг” хэмээн тус компанийг өмөөрч, хаацайлж ирсэн Засгийн газар ч эцэс сүүлдээ түлшний чанарын асуудлыг сөхөхөд хүрэв.
Үүний зэрэгцээ санаа зовох бас нэг асуудал бий болсон нь тус үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагаа, аюулгүй байдал, үйлдвэрийн орчин нөхцөл стандарт хангасан, эсэх юм. Байсхийгээд л осол, зөрчил гаргадаг, хил, гаалийн үйл ажиллагаа доголдох төдийд үйлдвэрлэл нь дагаад саатдаг, түлшнийхээ шуудайг хүртэл гадаадаас зөөдөг, төмөр ор (200-гийн, цэргийн гэх зэргээр нэрлэдэг)-ыг нүүрс шигшигч төхөөрөмж болгож ашигладаг үйлдвэрээс бид чанартай, утаагүй түлш нэхэж, гэр хорооллынхныг гал алдуулахгүй өвөлжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах үүрэг оноож, хариуцлага үүрүүлж болох уу гэдэг асуулт, эргэлзээ олон нийтийн дунд үүсэв. Одоогийн нөхцөл байдлаас харахад энэ нь ихээхэн эргэлзээ дагуулж буй юм. Засгийн газар нэгэнт сайжруулсан түлшийг агаарын бохирдлыг бууруулах гол шийдэл, арга зам гэж харсан бол, үүнд тулгуурласан арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдэд найдлага тавьсан хэвээр байгаа ахул “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрийг стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсэв. Түлшний чанар төдийгүй үйлдвэрлэлийн шат дамжлага, аюулгүй байдал, орчин нөхцөлийг ч дээрдүүлэх хэрэгтэй боллоо. Үгүй бол нийслэлийн гэр хорооллынхон дүн өвлөөр гал алдах эрсдэлтэй учирч болзошгүй нь. Тэнд ажиллагсад амь, эрүүл мэндээрээ хохирох аюултай нүүр тулж магадгүй нь. Үйлдвэрлэлийн хэвийн горим алдагдсанаас үүдэлтэй осол аваар энэ мэтчилэн гарсаар байх нь. Цаашлаад хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө гаарах нь. Энэ бүхнийг шийдэж байж л түлшний чанар, стандартын тухай ярина. Стандартын шаардлага хангаагүй орчин нөхцөлд, стандартын бус горимоор ажиллаж буй үйлдвэрээс чанартай бүтээгдэхүүн “нэхэх” нь учир дутагдалтай.
Ямар төрлийн үйл ажиллагаа явуулахаас хамаараад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний объектыг өөр өөр газарт байгуулдаг. Эндээс л стандарт эхэлнэ. Нүүрс болон түүний хаягдалд (шатаах явцад ялгарсан хий болон үнс) хүнцэл, хар тугалга, меркури, кадми, хром зэрэг хүнд металл, мөн уран, тори зэрэг байгалийн цацраг идэвхт бодис тодорхой хэмжээгээр агуулагддаг учраас энэ төрлийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг суурьшлын бүсээс зайтай, олны хөлөөс ангид газарт байгуулахыг шаарддаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар, “Тавантолгой түлш” компанийнхан эхнээсээ энэ стандартыг үл ойшоож, зөрчсөн. Хүн ам хамгийн шигүү байрладаг, агаарын бохирдлын голомттой бүсэд тооцогдож ирсэн Сонгинохайрхан дүүргийг сонгож, үйлдвэрээ байгуулсан нь иргэдийн эрүүл мэндэд санаатайгаар заналхийлсэн, мордохын хазгай шийдвэр байсан юм. Эрх баригчид тухайн үед “Ажлаа шуурхайлахын тулд бэлэн дэд бүтэц ашиглаж, Толгойтод үйлдвэр байгуулах шийдэлд хүрлээ. Тодорхой хугацааны дараа өөр тийш нь нүүлгэн шилжүүлнэ” хэмээн мэдээлсэн ч үүнийгээ хэрэгжүүлэлгүй явсаар дөрвөн жил орчим болов. Энэ хугацаанд үйлдвэрийн ойр орчмын бүс тортог, хөөнд дарагдсан “хар цэг”болж хувирлаа. Тэндхийн айлууд бусад дүүрэг, хорооныхноос илүү хортой, бохир агаараар амьсгалсаар удав. “Утаагүй” түлшний үйлдвэр нь иргэдийг хордуулагч байгууламж болсон нь эмгэнэлтэй.
Аргаа барсан иргэд энэ асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагад удаа дараа хандсан. Албаны хүмүүс тэр бүрт газар дээр нь ажиллаж, “Удахгүй нүүлгэн шилжүүлнэ”, “Баруун, зүүн бүсийн үйлдвэрийг нэгтгэнэ” гэж ярьж, иргэдийг тайвшруулсаар ирсэн ч энэ нь шуугианыг намжаах төдий арга хэмжээ байв. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан гэхэд өнгөрсөн оны хоёрдугаар сард баруун бүсийн үйлдвэрт ажиллахдаа тухайн жилийн гуравдугаар улиралд багтаан нүүлгэн шилжүүлэх үүрэг чиглэл холбогдох албаны хүмүүст өгсөн ч мөн л ажил хэрэг бололгүй замхарсан. Хүлцэж, тэвчиж залхсан иргэд амьсгалах эрхийнхээ төлөө дахин нэгдэж, энэ сарын эхээр Засгийн газарт шаардлага хүргүүлэв. Улмаар Засгийн газар “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн дэргэд орчин үеийн технологи бүхий, өндөр хүчин чадалтай шинэ үйлдвэр байгуулахаар тогтож, ажлын хоёр хэсэг байгуулаад байна. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Шинэ үйлдвэр даруй байгуулах зорилт тавин ажиллаж буй. Үйлдвэр барих болон нүүлгэн шилжүүлэх ажилд 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан. Шинийг нь ашиглалтад оруулсан өдрөөс хуучин (баруун бүсийн) үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, агуулахын зориулалтаар ашиглана” хэмээн мэдээлэв. Хэрэв энэ үйлдвэрийг эхнээс нь стандартын дагуу төлөвлөж, тооцоолж, тохиромжтой газарт барьсан бол ийнхүү хоёр ажил хийхгүй байлаа. Тэрчлэн илүү зардал гаргаж, төсөвт олон тэрбум төгрөгийн дарамт учруулахгүй байсан. Мөн тухайн бүсэд амьдардаг 3000 өрхийн 11 000 гаруй иргэн дөрвөн жил орчмын хугацаанд үйлдвэрийн хортой утаагаар “утуулж”, эрүүл мэндээрээ хохирохгүй. Гэвч энэ бүхнийг туулахгүй байх сонголтыг Засгийн газар ч, “Тавантолгой түлш”-ийнхэн ч алгассан. Одоо харин тэд энэ алдаагаа яаралтай засах шаардлага үүсээд байна.
Тус компани орчин үеийн дэвшилт технологийг нутагшуулсан, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг стандартын дагуу явуулдаг хэмээн өөрсдийгөө сурталчилдаг. Байгууллагынхаа алсын харааг ч “Дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэгч болох” гэж тодорхойлсон. Энэ зорилтын хүрээнд технологийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг тогтмол хийдэг юм билээ. Байгууллагынх нь цахим хуудсанд ч янз бүрийн сэлбэг хэрэгсэл худалдан авах зар тасардаггүй. Жилдээ гэхэд 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсвөөс авдаг. 2022 онд гэхэд “Тавантолгой түлш”-д 113 тэрбум төгрөг хуваарилсан гэсэн баримт “Шилэн данс”-нд байна. Гэтэл тэд яагаад галын аюулгүй байдлаа хангасангүй вэ. Өвлийн тэсгим хүйтэнд ажилчид нь гар аргаар нүүрс шигшиж байгаа нь шинэ технологи гэж үү. Үйлдвэрт байтугай айлуудад ховор үзэгдэх болсон төмөр орыг ажлын хэрэгсэл болгон ашиглах нь дэлхийн жишиг юм уу. Түлшнийхээ чанар, стандартыг тогтмол хянаж, шинжилдэг гэх атлаа өөрсдийн гэсэн лабораторигүй байгаа нь хэвийн үзэгдэл мөн үү.
Ингээд бодоход “Тавантолгой түлш” компани олон талаараа сорилт, шалгалтад бүдрэхээр байгаа юм. Тус компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн орчин нөхцөл олон улс, дэлхийн жишигт нийцэх байтугай үндэсний стандартын наад захын шаардлагуудыг хангахгүй байгаа нь харамсалтай.
Иймд Засгийн газар, тус үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавих, бодлогоор дэмжин ажиллах чиг үүрэгтэй МХЕГ, БОАЖЯ, тус үйлдвэрийг хамтран эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” (51 хувь), Эрчим хүчний яам (39) Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (10) зэрэг байгууллагынхан “Тавантолгой түлш”-ийн үйл ажиллагааг стандартад нийцүүлэхэд дорвитой анхаарах цаг болжээ. Өндөр хүчин чадал бүхий, орчин үеийн шийдлээр байгуулсан гэх боловч олны нүднээс “нуугдмал” оршдог зүүн бүсийн үйлдвэрт хяналт шалгалт хийж, аюулгүй ажиллагаа, эрсдэлийн зэргийг нь бодитоор үнэлэх шаардлагатай. Тэрчлэн баруун бүсийн үйлдвэрийн балгийг давтахгүйн тулд, төсөвт дарамттай “туршилт”, бүтэлгүйтлүүдийг зогсоохын төлөө шинийг нь сайтар төлөвлөж, тооцоолж байж ажлаа эхлүүлэх нь зүйтэй санагдана. Стандартын шаардлага хангасан, дэвшилт технологи бүхий үйлдвэр гэдэг үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг хөнгөвчилсөн, өндөр бүтээмж бүхий тоног төхөөрөмж нутагшуулсан, ажилчдадаа ээлтэй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, хүрээлэн буй орчинд халгүй, дотоод хяналт шалгалт сайтай, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтийн үйл ажиллагааг цогцоор нь шийдсэн газрыг хэлдэг. Тэрнээс биш хэр зэрэг том барилга байгууламжтай нь, хоногт хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь тийм ч чухал биш. Энэ бол ердөө тоо, үзүүлэлт. Гэтэл нийслэлчүүдийг сайжруулсан түлшээр хангах үүрэг хүлээсэн тус компанийнхан өнгөрсөн хугацаанд гол зүйлээ орхигдуулж, үргэлж “том” тоо (борлуулалтын цэг, түлшний хэмжээ, нийлүүлэлт, тээвэрлэгч машин зэрэг) ярьсаар ирэв.