Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас манай улс эдийн засгийн хүндхэн сорилтыг туулсан. Тиймээс Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралджээ. Хурлаас гарсан Мөнгөний бодлогын шийдвэрийг тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Тэрбээр “Төв банкны Мөнгөний бодлого нь эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны үнийн тогтортой байдлыг хангахад чиглэж байна. Инфляц сүүлийн саруудад тооцож байснаас давж өсөж, инфляцын хүлээлт эрчимжих эрсдэл үүсэж байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг өөрчлөх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймээс Мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж, жилийн 6.5 хувиар тогтоох, Банкуудад төгрөгийн заавал байх нөөцийн хувийн 2 нэгж хувиар нэмж 8 болгох, Монголбанкны урт хугацааны санхүүжилтийн бодлогыг уул уурхайн бус боловсруулах аж үйлдвэр лүү чиглүүлж, дэмжих шийдвэрийг гаргалаа” хэмээлээ.