ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан халдварын тандалт судалгаа болон халдварын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Коронавирус халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт бүртгэгдэж байгаа халдварын 60 хувь нийслэлд, үлдсэн хувь н орон нутагт тохиолдлын тоо эрс нэмэгдсэн.Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнөхтэй харьцуулахад зургаа дахин нэмэгдсэн. Өмнөх давлагааны буюу Дельтагийн халдварын үед шинжилгээнд эерэг эзлэх хувь оргил үед 33 хувьтай болж байсан.
Эмнэлзүйн хувьд эрчимт эмчилгээний заалттай буюу биеийн байдал хүнд байгаа хүний тоо 1 хувиас хэтрэхгүй байна. Харин Дельтагийн үед эрчимт эмчилгээний заалттай хүн 2.2-2.3 хувь, Альфагийн үед 2.7-2.8 хувьд хүрсэн юм.
Омикрон хувилбарын үед нас баралт өмнөх хоёр давлагаанаас бараг 10 дахин бага үзүүлэлттэй байна. Вакцины бүрэн тунд хамрагдсан 2.2 сая хүн байгаа бол хоёр хоногийн өмнө дархлаа сэргээх гуравдугаар тунд хамрагдсан хүний тоо 1 саяыг давлаа. 78 мянган хүн дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд хамрагдаад байна" гэж хэлэв.