ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдэээл өгч байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Дэлхийд омикроны тархалт буурах хандлагатай байна. Гэсэн хэдий ч дэд хувилбар BA.2 нь 40 гаруй улсад эрчимтэй тархаж буй. Дани улсад бүртгэгдэх халдварын 49 хувийг эзэлж байгаа ба дэлхийд 9800 орчим BA.2 хувилбар бүртгэгдсэн. Шинэ хувилбарын халдварлах чадамж нь өмнөхөө бодоход 1,5 дахин нэмэгдсэн. Харин вакцинаас зайлсхийсэн чадвар өөрчлөгдөөгүй. ДЭМБ энэ хувилбарыг судалж байгаа бөгөөд тодорхой нэгэн хувилбар луу одоогоор хамаатуулж үзээгүй.
Коронавирусийн шинэ хувилбарууд гарч ирж байдаг хэдий ч тодорхой хугацааны дараа алга болдог. Зарим эрдэмтэд BA.2 хувилбарыг омикроны хүү, дүү гэх мэтээр хошин маягаар нэрлэж байна. Энэ хувилбар вакцингүй иргэдэд эрсдэл учруулж магадгүй гэж зарим эрдэмтэд үзсэн.
Дэлхий даяар 0-6 нас хүртэлх хүүхдүүд вакцинд хамрагдаагүй. Харин 5-10 насны хүүхдүүдэд 10 улс вакцин хийгээд эхэлсэн. Мөн 12 доош насны хүүхдүүд шинж тэмдэггүй хөнгөн өвдөж, халдварыг тараах эрсдэлтэй байна. Олон оронд хийсэн судалгаагаар 12-оос доош насны хүүхдүүдтэй айлд халдвар их тархаж байна гэсэн судалгааг хийжээ. Харин бага насны хүүхэдгүй айлд өвчлөл харьцангүй бага байгаа аж.
Иймд манай улсад 12-аас доош насны хүүхдүүд болон ахмад настны өвчлөл нэмэгдэх хандлага их байгаа учраас цагаан сарыг гэр гэртэй тэмдэглэхийг уриалж байна" гэв.