Өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас энэ жил дулаан, хур тунадас бага өвөл болж буйг цаг уурын байгууллагаас мэдээлсээр ирсэн. Цаг агаарын үзүүлэлтүүд ч үүнийг баталсан. Гол, мөрөнд хангалттай хэмжээний мөсөн бүрхүүл тогтохгүй байсаар өвлийн дунд сар хүрэв. Хөвсгөл, Хар-Ус зэрэг томоохон нуурт хал хил үүссэн учир тухайн бүсэд зорчих хөдөлгөөнийг хязгаараад буй. Нийт нутгаар хүйтний эрч сул, хур тунадас бага орсон учир зэрлэг амьтад цасанд дарагдах, осгох, хоолгүйдэх эрсдэл харьцангуй буурсныг байгаль орчны байгууллагынхан мэдээлсэн. Тэрчлэн үндэсний баярынхаа бэлтгэлийг базаасан иргэд бууз, банш, мах хөлдөхгүй сандаргах болсон талаар саяхныг хүртэл ярьж байв. Тэгвэл Сар шинийн өдрүүдэд Монгол орны нийт нутагт хүйтний эрч чанга байх төлөв гарчээ. Манай орны зарим нутаг, ялангуяа Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг баруун аймагт энэ сарын 24-нөөс хүйтний эрч чангарсныг цаг уурын байгууллагынхан мэдээлсэн. Энэ байдал шинэ сарын хоёрдугаар арав хоног хүртэл нийт нутгийн хэмжээнд үргэлжлэх гэнэ. Харин ирэх сарын дунд арав хоногоос жаврын үзүүр уярч, агаарын температур нэмэх рүү шилжихээр байгаа аж. Тодруулбал, хоёрдугаар сарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх боловч Сар шинийн өдрүүд тохиож буй эхний 10 хоногт хүйтэн байх нь.