Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, төрийн үйлчилгээний ажилчдыг гэрээт болгох шийдвэрээ цуцлахыг Засгийн газраас шаардав. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн сарын 22-нд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 388 дугаар тогтоол баталж, төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг төрийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, эсхүл хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгажээ.
Үүнээс болж төрийн үйлчилгээний ажилчид гэрээт болж, олонх нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын цалингаа авч чадаагүй гэнэ. Мөн авсан хэд нь огт нэмэгдэлгүй, зөвхөн үндсэн цалингаа л “халаасандаа” хийжээ. Иймд Засгийн газар төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэн яаралтай бүрэн тооцон олгож, хохиролгүй болгох ёстой гэж МҮЭХ-ныхон мэдэгдэв. Мөн төрийн үйлчилгээний ажилчдын зөвхөн үндсэн цалингийн төсвийг шууд орон нутагт шилжүүлсэн Сангийн сайдад хариуцлага тооцохыг шаардлаа. Түүнчлэн 2022 оны улсын төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн юм.
“Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн 50 000 гаруй ажилчин манай улсад бий бөгөөд сургууль, цэцэрлэгийн галч, тогооч, засварчин, үйлчлэгч, мужаан зэргийг үүнд хамруулдаг. Тэднийг хувийн байгууллагын гэрээт ажилчин болгох шийдвэрээ цуцлах шаардлагыг бид энэ он гарахын өмнө Засгийн газарт хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг өчигдөр (уржигдар) бидэнд ирүүллээ. “Гагцхүү өөрийн хүсэл сонирхолд нийцүүлж, сайн дурын үндсэн дээр хувийн хэвшилд харьяалагдан ажиллах боломжтой” гэжээ. Хэрэв ийм сонголт хийсэн тохиолдолд цалинг нь бууруулахгүй, харин нэмнэ хэмээв. Гэхдээ энэ шийдвэр нь өдий хүртэл хөрсөн дээр буухгүй байна” гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ.