Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэд суух байнгын төлөөлөгч У.Нямхүү тус байгууллагын ерөнхий захирал хатагтай Одри Азулейд итгэмжлэх захидлаа барив. Энэ үеэр байнгын төлөөлөгч У.Нямхүү ЮНЕСКО-гоос Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа мэдээллийн салбарт, ялангуяа боловсролын салбарын шинэчлэлд дорвитой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Иймд манай улсад айлчлах урилгыг ерөнхий захирал Одри Азулейд хүргүүлсэн юм. Урилгыг талархан хүлээн авч байгаагаа тэрбээр илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлж, ажиллахаа онцлон тэмдэглэв.
Бэлтгэсэн Б.Уран