“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр манай улс 35 оноо авч, 180 орноос 110 дугаар байрт бичигдэв. 100 оноогоор үнэлдэг эл индексийн нэгдүгээрт 88 оноогоор Дани, Финланд, Шинэ Зеланд улс бичигдэж буй бол хамгийн төгсгөлд нь 11 оноотойгоор Хойд Судан жагсаж байна. Эндээс харвал манайх улс орнуудын авч буй онооны дунджаас арай доогуур туучиж явна. Учир нь Монгол Улсыг гурван жил дараалан 35 оноогоор үнэлсэн байгаа юм. Энэ нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын, авлигын эсрэг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Нэг байраар урагшиллаа” гэж хөөрцөглөөд байхаар үр дүн биш л дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд ямар ч ахиц гараагүй гэсэн үг. Тэр тусмаа 2021 оны индексээр дэлхий даяар дорвитой, нааштай өөрчлөлт гараагүй, авлига буураагүй, харин ч ихэссэн дүр зурагтай байгаа нь гурван жилийн турш 35 дээр гацсан манай онооны чанарыг муутгах гол үр дүн гэж хэлж болохоор байгаа юм. Үндсэндээ олон улс орны оноо багасаж, байраа алдсан учраас манайх нэг байр урагшилсан болж таарах нь. Өөрийн сайнд биш, өрөөлийн мууд ахисан хэрэг.
Тийм ээ, манайх 2020 оны индексээр 111 дүгээр байр эзэлсэн. Гэхдээ 35 оноотой л байв. Тэгж яривал 2019 онд 106 дугаарт жагсахдаа ч ийм л оноотой байсныг сануулъя. Гэхдээ тухайн үед манайхтай ижил оноотойгоор нэг байранд байсан Хойд Македон сая зарласан индексээр 39 оноотойгоор 87, Бразил 38 оноотойгоор 96, Кот д’Ивуар 36 оноогоор 105 дугаар байр луу дэвшжээ. Сая зарласан жагсаалтад манайхаас гадна гурван улс 35 оноо авч, 110 дугаар байрт бичигдсэн бөгөөд сүүлийн гурван жилд Албани, Босни-Херцеговин улстай зуузай холбож байна. Харин Малави улс 30 оноотой байсан бол ердөө жилийн дотор таваар ахиулж чаджээ. Хамгийн хаалттай, ардчилсан бус улсуудын нэг Хятад гэхэд л 2014 оноос хойш есөн оноо нэмж, өдгөө 66 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Энэ бол аливаа улс орны авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаа нь оновчтой байж гэмээнэ үр дүн нь богино хугацаанд харагдах боломжтойн баталгаа.
Тус байгууллагаас сүүлийн 10 жилд Монгол Улсад өгсөн үнэлгээг харвал 2014, 2015 онд хамгийн өндөр буюу 39 оноо авч байжээ. Тухайн үед таван эх сурвалж (олон улсын хөгжлийн болон судалгааны байгууллагуудын тайлан, дүн мэдээ)-д үндэслэн дээрх оноог гаргасан аж. Үүнээс хойш 2019 оныг хүртэл ес, 2021 оны индексийг найман эх сурвалжид суурилан дүгнэжээ. Энэ тухайд сайд Х.Нямбаатар “Транспэрэнси интернэшнл” байгууллага 2016 оноос индекс гаргах шалгуур үзүүлэлтээ өргөжүүлсэн. Үүний улмаас Монгол Улсын байр хойшилж, 100-гаас хойш зогсох болсон” хэмээн инээдтэй бөгөөд илүүц тайлбар хэлнэ лээ. Сая зарласан индексийн хувьд зарим орныг 12 эх сурвалжид үндэслэн үнэлсэн байдаг. Угтаа Х.Нямбаатар сайд урдах ажлаа сайн хийгээд, үр дүн гаргахад л болох юм.
Монгол Улсын авлигын индексийг бууруулах ажлын хэсгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар өнгөрсөн долдугаар сард байгуулж, эзэлж буй байрыг хоёр оронтой тоонд оруулж, ахиулахаа мэдэгдсэн. Улмаар дараа сард нь Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороог байгуулж, Ерөнхий сайд ахлан ажиллаж буй. Ажлын хэсэг, үндэсний хорооны аль алиных нь ажлын үр дүн энэ удаагийн тайланд хамаарахгүй. Өнгөрсөн оны сүүлийн хагаст хийсэн ажлын үр дүн “Транспэрэнси интернэшнл”-ийн “Авлигын төсөөллийн индекс-2022”-оос буюу дараа жилийн яг өдийд харагдана гэсэг үг. Өөрөөр хэлбэл, 2020 оны дунд үеэс бүтэн жилийн турш хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үнэлгээгээр бид 110 дугаар байрт жагсаж байна. Гэхдээ 2016 онд 38 байсан оноог бууруулж, сүүлийн гурван жилд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг зогссон нь хоёр ч сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан өнөөгийн эрх баригчдын бодлого, үйл ажиллагаатай шууд хамаатай.
“Транспэрэнси интернэшнл”-ийнхэн энэ жилийн үнэлгээндээ “Иргэний эрх чөлөөг зөрчдөг улс орнуудын индекс тогтмол доогуур гарч иржээ. Авлигатай хоосон бардамнаж тэмцэх нь хүний эрхийн зөрчлийг улам хурцатгаж, ардчиллыг доройтуулан, харгис эргэлт бий болгодог. Хүний эрх, эрх чөлөө алдагдаж, ардчилал буурахын хэрээр авторитаризм газар авч, авлигыг улам өндөр түвшинд хүргэж байна” хэмээн онцолсон. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх нь гагцхүү авлигачдыг илрүүлж, тэднийг шийтгэж, барьж хорихын нэр биш юм. Улсын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байна уу, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан уу, засаг төр нь бүхий л үйлчилгээ, үйл ажиллагаандаа шударга байдлыг хэвшүүлсэн үү, зориуд хүнд суртал бий болгож, авлигыг өөгшүүлсэн үү, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцсон уу, хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь бодитой хянаж, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлсэн үү, шүгэл үлээгч, сэтгүүлчдийг хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоо нь хангалттай бүрдсэн үү гээд маш олон зүйлийг тал бүрт, тасралтгүйгээр хийж, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна гэсэн үг. “Транспэрэнси интернэшнл” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Авлигын индексийг гаргахад бүх эх сурвалж яг адил зургаан зүйлийг чухалчилдаг” гээд иргэдийнхээ үндсэн эрхийг хангах тогтолцоо, улс төрийн болон бодлогын тогтвортой байдал, төрийн үйл ажиллагааны үр дүнтэй байдал, зохицуулагч байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмж, хууль дээдлэх байдал, авлигын хяналт гэсэн зургаан зүйлийг нэрлэсэн байна. Магадгүй тиймээс ч үе үеийн Засгийн газар авлигатай тэмцэхээ зарлан тунхаглаж, Төрийн тэргүүн нь хүртэл түүнтэй “дайн зарлалаа” хэмээн мэдэгдэж ирсэн биз. Харамсалтай нь, сүржин мэдэгдлүүдийнх нь үр дүн даржин байна. УИХ-ын гишүүд нь хүртэл давуу талаа ашиглан тойргийнхондоо баяр болгоноор бэлэг, бэлэн мөнгө тарааж, сонгогчдынхоо саналыг худалдан авч, “авлигадахаасаа” огтхон ч ичиж зовохгүй байна шүү дээ.
Юутай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн бүтээмжийг дээшлүүлэн, цахим шилжилт хийх, албан тушаалтны субъектив шийдвэрийг хязгаарлах гэх мэт зорилготой, бодлогын шинжтэй олон ажил хэрэгжүүлэхээ зарлаж ирсэн. Шинэ эргэлтийн бодлогоос авхуулаад цөөнгүй баримт бичиг ч баталлаа. Ирэх тавдугаар сарын 1-нээс “Цахимын” гэх тодотголтой багц хуулийг мөрдөж эхэлнэ. Үүнд Цахим гарын үсгийн, Нийтийн мэдээллийн, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай зэрэг хууль хамаарч буй. Мөн УИХ-ын ирэх хаврын чуулганд Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ авлига, албан тушаалын тодорхой хэргийг хялбаршуулахгүй, ердийн журмаар шийдвэрлэдэг байхаар өөрчлөх гэнэ. Мөн манайх Ази тивдээ анх удаа Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуультай болсныг зарлаж байгаагийн зэрэгцээ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод буй. Ерөнхийдөө Авлигын эсрэг ажлын хэсгийнхэн ерөнхий төлөвлөгөөгөө баталсан бөгөөд 49 арга хэмжээг дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэх юм билээ. Ойролцоогоор 15 хуулийг дахин боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах замаар холбогдох хууль, эрх зүйн орчныг нь шинэчилж, сайжруулах аж. Ардын намын өнгөн дээр арагшаа талийж буй авлигын индескийн байрыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урагшлуулж чадах уу.