“Нийслэлийн нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлчилгээг тусгай зөвшөөрөл авалгүйгээр эрхлэх боломж бүрдлээ” гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр нэг тархаж, цар тахлын үеийн хямралд тэнхээгээ барсан иргэд, бизнес эрхлэгчдийг баярлуулсан нь саяхан. Олон жил хөндөгдөж буй тулгамдсан асуудлыг нэг тийш нь болгосон, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжсэн, цаг үеэ олсон зохицуулалт хэмээн олон нийт үүнд ам сайтай байв. Хотын дарга Д.Сумъяабазарын үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш гаргасан шийдвэрүүдээс иргэдэд хамгийн ээлтэй, нүдээ олсон, олны “таашаалд” нийцсэн нь энэ байсан гэхэд хилсдэхгүй. Цар тахлаас улбаатай нийгэм, эдийн засгийн хямрал эл шийдвэрийн ач холбогдлыг улам “дээш” өргөсөн. Хэрэв коронавирус тархаагүй, нийгмийн байдал доройтоогүй, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хэдэн сараар сул зогсолт хийгээгүй, ажил, үйлчилгээ урьдынх шигээ нээлттэй, хэвийн байсан сан бол нийслэлчүүд эл шийдвэрийг одоогийнхоос сул алга ташилтаар хүлээн авах нь гарцаагүй.
Нийслэлийн Засаг дарга “Иргэд, аж ахуйн нэгжүүд худалдаа, үйлчилгээ эрхлэхийн тулд 7-12 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Нийт аж ахуйн нэгжийн тоогоор тооцвол тэд өнгөрсөн хугацаанд 168 мянга гаруй бичиг баримт бүрдүүлсэн байна. Иргэд үүнийг бүрдүүлэхээр байгууллагаас байгууллага хэсэхдээ зөвхөн бичиг хэргийн зардалд 42, тээвэрт 149 сая төгрөг зарцуулжээ. Тэгэхээр энэ бүхнийг хэмнэж, бизнес эрхлэгчдээ дэмжин, таатай орчин бүрдүүлэх үүднээс ийм шийдвэр гаргалаа” гэж ярьсан.
Үнэхээр түүний хэлсэнчлэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байгууллагаас байгууллага хэсэж, үүдийг нь сахин, төрийн албан хаагчдын ам, аашинд тааруулж бөхөлздөг “муухай” тогтолцоо удаан хугацаанд оршин тогтносон. Уг нь хуулиараа бол иргэн, аж ахуйн нэгж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, хүсэлт гаргаснаас хойш 21 хоногт багтааж эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгох ёстой. Гэвч төрийн байгууллагынхны хүнд суртал, уялдаа холбоогүй байдал, ажилдаа ялархсан, ашиг хонжоо харсан сэтгэлгээ энэ хугацааг хэдэн сараар сунжруулж, иргэдэд бөөн төвөг чирэгдэл учруулдаг байсан нь нууц биш. Тусгай зөвшөөрлөө сунгуулах гэж мөн л их ажил болдог. Харин Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль дахь “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэсэн заалтын дагуу зарим төрлийн худалдаа, үйлчилгээг тусгай зөвшөөрөл нэртэй залхаан цээрлүүлэлтээс чөлөөлснөөр төрийн байгууллагынхны ажил ч хөнгөрөв, иргэд, бизнес эрхлэгчдэд ирэх дарамт, ачаа ч багасав. Одоо харин үүний цаадах асуудалд анхаарах цаг болжээ.
Энэ шийдвэр бол иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааны эхлэлийг хөнгөвчилсөн, замыг нь товчилсон зохицуулалт. Тэрнээс биш худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хуульгүй, дүрэмгүй мэт, төрийн хяналтаас ангид байна гэсэн үг огтоос биш. Тэд ажил, үйлчилгээндээ тодорхой стандартуудыг баримтлах ёстой. Ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэхээс хамаараад байршил, зохион байгуулалт, орчин нөхцөлөө хүртэл стандартын дагуу төлөвлөх зохицуулалттай. Тухайлбал, бөөний худалдааны төвийг нийтийн орон сууц, түүний өргөтгөлд төлөвлөхийг хуулиар хориглодог. ТҮЦ-ийг зөвхөн зөвшөөрөгдсөн байршлуудад ажиллуулах боломжтой. Үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газрууд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг өндөр түвшинд хангах ёстой ба үйлчилгээ үзүүлэгч ажилтнууд нь мэргэжлийн ур чадварын сургалтад зайлшгүй хамрагдсан байх учиртай. Хүргэлтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид тохирлын гэрчилгээ бүхий гал тогоонд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, савлах ёстой. Тэгвэл тусгай зөвшөөрөл авалгүйгээр, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр ажлаа эхлүүлж байгаа бизнес эрхлэгчид энэ мэт наад захын шаардлагыг биелүүлсэн, эсэхэд ямар байдлаар хяналт тавьж, стандартын хэрэгжилтийг хангуулах вэ. Ер нь тэдгээр худалдаа, үйлчилгээг ямар стандартаар зохицуулах юм бол.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийнхнээс энэ талаар асуухад дорвитой хариулт өгөх хүн олдсонгүй. “Хуучин мөрдөж ирсэн стандарт, журмаа л баримтална” гэв. Харин нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Манай улсад 6600 гаруй үндэсний стандарт бий. Эдгээрээс хотод хамааралтай, ялангуяа худалдаа, үйлчилгээний салбарт мөрдөж буйг нь шинэчилж сайжруулах, заримыг нь хүчингүй болгох шаардлагатай гэсэн асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна. Нийслэл үүний бэлтгэл ажлыг хэдийн эхлүүлсэн. Судалгаа хийж, иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байна. Чанаргүй, шаардлага хангахгүй, өөрчлөхөөс аргагүй стандарт цөөнгүй. Стандартаа сайжруулна, илүү чанд мөрдүүлнэ, нийслэлийн ЗДТГ болон Мэргэжлийн хяналтын газар урьдын адил хяналт тавьж, ажиллана. Тэгэхээр ямар нэг хийдэл гарахгүй. Бидний зүгээс “хуулиа, стандартаа л мөрдөөрэй” гэдэг ганц зүйлийг л бизнес эрхлэгчдэд хэлж буй” гэсэн юм.
Нийслэлд одоогийн байдлаар албан ёсны бүртгэлтэй, худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 18 664 газар бий гэнэ. Энэ тоо цаашид эрс нэмэгдэх нь гарцаагүй. Тусгай зөвшөөрөл шаардахгүй байх шийдвэр гарснаас хойш цөөнгүй ТҮЦ, үсчин, гоо сайхны газар үүдээ нээснийг холбогдох албаныхан хэллээ. Налайх дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийнхэн “Зөвшөөрөлгүй болсон ч яаж бүртгүүлж, хаана хандах вэ” гэж асууж, зорьж ирэх хүн олон байна. Өмнөхөөс ялгаагүй ачаалалтай, ажилтай байх боллоо. Олонх нь ТҮЦ, хүнсний дэлгүүр, үсчин, гоо сайхны газар, бар, рестораны талаар асуудаг” гэсэн юм. Энэ бол зүй ёсны үзэгдэл. Аль ч дүүрэгт ийм байгаа. Бизнес эрхлэгч олширно, үйлчилгээний газрууд шил шилээ даран үүдээ нээнэ, тэр хэрээр олон хүн ажилтай, орлоготой болно. Мэдээж сайн хэрэг. Харин үүнийг дагаад худалдаа, үйлчилгээний салбарт эмх замбараагүй байдал бий болох, стандартын хэрэгжилт муудах, хяналт сулрах эрсдэлтэй. Тэр бүрт үйлчлүүлэгч, хэрэглэгчид хохирч болзошгүй. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний газар олшрохын хэрээр тэднийг хянахад бэрхшээл үүснэ. Ялангуяа хяналтын систем хөгжөөгүй, хэдэн байцаагчид нь хариуцсан дүүргээсээ илүү гарч ажиллаж чаддаггүй манайх шиг оронд бүр бэрх.
“Хэдийгээр энэ шийдвэр олон байгууллагын ажлыг хөнгөвчилсөн ч хяналтын шатныханд ажил нэмэх нь тодорхой. Энэ бүхнийг тооцоолсон уу, ямар байдлаар зохицуулахаар болсон бэ” хэмээн зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс асуухад “Шийдвэрийг хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал гаргахыг үгүйсгэхгүй. Засаж, сайжруулаад явна. Хууль, стандартаа мөрдүүлнэ” гэв. Түүний энэ хариултаас тодорхойгүй байдал л харагдаж байна. Тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр бүхий тушаал хэрэгжиж эхэлснээс хойш сар орчим боллоо. Энэ хугацаанд цөөнгүй газар үүдээ нээсэн. Гэвч эдгээрийн талаар нэгдсэн мэдээлэл одоо хэр нь байхгүй, ганц удаа ч хяналт шалгалт хийгээгүй нь хотын даргын зөвлөхийг “байцаахад” тодорхой болсон юм. Түүнчлэн хотын стандартуудыг шинэчилж, цэгцлэх ажил дуусах хүртэл худалдаа, үйлчилгээний салбарт тодорхойгүй байдал үргэлжлэх нь гэж дүгнэхэд хүргэв.
Манай улс 6600 гаруй үндэсний стандарттай, үүний 2500 орчим нь нийслэлд хамаатай. Энэ нь хууль, стандарт чанга, хөгжингүй орнуудтай харьцуулахад 5-10 дахин цөөн тоо аж. Тодруулбал, манайх харьцангуй цөөн стандарттай орны тоонд багтдаг. Тэгсэн атлаа стандартыг хамгийн муу хэрэгжүүлдэг улсад тооцогдсоор иржээ. Энэ нь стандартын чанар төдийгүй хяналтын тогтолцоо, олон нийтийн ойлголт, мэдлэгийн түвшинтэй шууд холбоотой. Монголчууд стандарт гэхээр аль нэг байгууллагад л хамаатай зүйл мэтээр ойлгож, хүлээж авдаг. Ялангуяа худалдаа, үйлчилгээний байгууллагуудын стандарт нь хэрэглэгч буюу үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжийг хангахад чиглэж байдаг. Тиймээс иргэд шаардлага тавих, холбогдох хяналтын байгууллагад энэ асуудлаар хандах зэргээр стандартын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах боломжтой, эрхтэй. Үүнийгээ мэддэг байх нь чухал. Төр, засаг ч энэ чиглэлд санаачилгатай, идэвхтэй ажиллах ёстой юм. Нөгөөтээгүүр, стандартын ил тод, нээлттэй байдлыг бий болгох нь тулгамдсан асуудал болоод байна.
Монголчууд стандарттай танилцах үйлчилгээг хоёр хэлбэрээр авдаг. Нийслэлийн иргэд Стандарт, хэмжил зүйн газрын төв байранд, орон нутгийнхан Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд биечлэн очиж танилцах, худалдан авах боломжтой. Эсвэл интернэтээр www.estandard. gov.mn вэб хуудаснаас үзэж болно. Хэвлүүлж авах, дэлгэрэнгүй танилцахаар бол тус газарт захиалга өгч, тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой. Хүн бүр эл цахим хуудсыг мэдэхгүй, мэддэг зарим нь хэрэгтэй мэдээллээ “ухаж” олж авч чадахгүй тохиолдол бишгүй. Зорьсон нэгэн нь Стандарт, хэмжил зүйн газарт яаж ийгээд очих байх. Харин бүгд “Стандарттай танилцъя, судалъя” гээд мөнгөө бариад гүйгээд очих нь юу л бол. Тухайлбал, энэ сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн худалдаа, үйлчилгээний газруудын хэд нь холбогдох стандартаа ягштал мөрдөж буй бол, хэчнээн нь төлбөр төлж, дэлгэрэнгүй танилцан, хэвлүүлж авсан бэ гэдгийг хэн ч мэдэхгүй.
Ийм асуудалтай нүүр тулсан бизнес эрхлэгчид эхнээсээ нийслэлийн холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, хандсан гэнэ. Тиймээс нийслэлийн ЗДТГ худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд “Онлайн бизнес төв”-өөр дамжуулан зөвлөгөө, мэдээлэл өгч, стандартын гол шаардлагуудыг танилцуулж буй юм байна. Цаашид нийслэлд эрхэлж буй худалдаа, үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл, хууль, стандартуудыг тэнд төвлөрүүлэх гэнэ. Ингэх л хэрэгтэй. Стандарт гэдэг бол хэрэглэгчдээс “нуудаг”, хэрэгцээтэй нэг нь зорьж очин, мөнгө төлж үздэг зүйл байх ёсгүй. Бүгдэд нээлттэй, хүртээмжтэй байж гэмээнэ олон нийтийн ойлголт, мэдлэг нэмэгдэж, тэр хэрээр хэрэгжилт нь сайжирна шүү дээ.